Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр “Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар өнөөдөр 10:00 цагт Түүх, Англи хэлний хичээлээр эхэлсэн. Нийт 10 хичээлээр шалгалт өгнө. Хамгийн багадаа 2 хичээлээр шалгалт өгөх юм. Шалгалтыг улсын хэмжээнд нийт 46 байршилд авч байна. 2019 оноос эхлэн шалгалтын дараа дүнг шалгуулагдагчдад шууд танилцуулдаг болсон. Нэгдсэн жагсаалтыг тус өдрийн орой 00:00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн сайтад байршуулна. Элсэлтийн ерөнхий шалгалт 4 өдөр үргэлжлэнэ. Шалгуулагчид тухайн өдөртөө багтан дүнгээ харах боломжтой. Шалгалтын дараа дүн мэдээллийг E-Mongolia болон ТҮЦ машинд байрлуулах тул лавлагаа авч болно” гэлээ.
Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 35,939 шалгуулагч бүртгүүлсэн байна.
– 14,812 нь Улаанбаатар хотынх
– 17,541 нь орон нутгийн
– 3,586 нь өмнөх оны шалгуулагчид юм.
Шалгалтын дүнтэй холбоотой гомдол саналыг ЭЕШ дууссаны дараа БҮТ хүлээн авахыг мэдээллээ.
Э.Бадамгарав