Эрх зүйч, судлаач Х.Номингэрэлтэй ярилцлаа.
-Энэ удаагийн сонгуулийн онцлог, үр дүнг та яаж харж байна вэ?
-Энэ удаагийн сонгууль Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад, холимог тогтолцоогоор явж байгаа. Парламентаа томруулсны дараахь шинэ эрх зүйн орчинд болж буйгаараа онцлогтой. Түүний үр дүнд намын жагсаалтаар хүмүүс сонгогдлоо. Хажуугаар нь сонгуулийн хуульд гарсан нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн хуулиас гадна чухал нөлөө үзүүллээ. Тухайлбал, жендерийн асуудал дээр квотоо нэмж, нэр дэвшигчдийн жагсаалтад 50/50 хувийг барьсны үндсэн дээр 32 эмэгтэй гишүүнтэй боллоо. Энэ нь нийт гишүүдийн 25 орчим хувь буюу дэлхийн дундаж дээр ирсэн нь эрх зүйн зохицуулалтын эерэг үр дагавар юм. Олон нийтийн ойлголт хандлага ч хувь нэмэр орууллаа.
Тойрог дээр 2023 оны зургадугаар сард сонгуулийн хуулийг баталж, 12 дугаар сарын сүүлээр тойргийнхоо хэмжээг УИХ-ын тогтоолоор баталсан. Тэгэхдээ хэт том тойрог үүсгэснээс болоод олон эрсдлүүд үүссэн. Тэрний үр дагавар нь эмэгтэйчүүд тойргоор сонгууль хийж байхад өмнө нь 13 эмэгтэй гарч байсан бол сая найман эмэгтэй тойргоос орж ирлээ. Тойрог томорсноос үүдсэн цагийн болоод зардлын хангалттгүй байдал, засагт юмуу, УИХ-д ажиллаж амжаагүйгээс олон нийтэд танигдаж чадаагүй шинэ залуу эмэгтэй хүмүүсийн хувьд эрсдэл өндөртэй сонгууль боллоо.
Таван намтай болж, УИХ солонгорлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөөлөл жагсаалтаар орж ирлээ. Үндэсний цөөнх казах эмэгтэйн төлөөлөл жагсаалтаар мөн орж ирлээ. Гэх мэтчилэн харвал төлөөллүүдийг хангахын тулд иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудаас хийж хэрэгжүүлж ирсэн ажлуудын үр дүн харагдаж байна.
-Сонгогчдын ирц 69 хувь байлаа. Энэ нь юу гэсэн үг вэ?
-Энэ удаагийн сонгуулийн ирц сайн байлаа. Насны бүлэгтээ ахмадуудын ирц өндөр ч залуус тоогоороо олон оролцлоо. Олон улсын судалгаанууд дээр ард иргэдийн эрх ашиг, улс төрийн идэвх нэмэгдсэн үед ирц нэмэгддэг гэж үздэг. Ямар нэгэн байдлаар үнэхээр өөрчилье, эсвэл хадгалъя гэдэг байдлаар улс төрийн шийдвэр амьдралд нь ач холбогдолтой гэж үзсэн учраас. Ардчилсан оронд сонгогчдын ирц 69, 70 хувь гэдэг өндөрт тооцогддог. Энэ удаа манай иргэдийн улс төрийн эрмэлзэл, оролцоо, сонирхол өндөр байлаа. Тийм ч учраас таван намтай сонгуулийн дүн гарч байна.
-Санал хураалт дуусах дөхөхөд буюу 21 цагийн үед сонгогчдын идэвх нэмэгдлээ гээд СЕХ-ны самбар дээр тоолуур шиг л эргэлдэж байсан даа. Зарим хүмүүс үүнийг зориудаар бэлдсэн саналын хуудас уншууллаа гэж хардаж байсан. Энэ боломжтой юу?
-Бүх санал авах хэсэгт намуудын ажиглагчид байгаа. Иргэний нийгэм болоод олон улсын ажиглагчид байсан. Яг тэр үед олон улсын ажиглагчид байсан эсэхийг мэдэхгүй байна. Тийм амархан зориудын саналын хуудас уншуулна гэж бодохгүй байна. Тэгэх боломжтой гэж хэлэхэд эргэлзээтэй юм.
-Гадаадад байгаа монголчууд ерөнхийдөө гуравдагч хүчинд түлхүү санал өгсөн байсан. Үүнийг та судлаачийн хувьд юу гэж харж байна вэ?
-Миний харсан тоогоор ХҮН намд арай өндөр. Дараа нь Ардчилсан намд саналаа өгсөн байсан. ХҮН намынхныг гадаадад байгаа монголчууд руугаа мэдээллээ сайн хүргэжээ гэж харж байна. Нөгөө талаар сошиал медиагаар Монголынхоо талаар судалж байгаа. Тодорхой хэмжээнд дүгнэлт хийгээд парламентад олон намын төлөөлөл бүхий гуравдагч хүчний дуу хоолой байх нь зүйтэй гэж үзсэний улмаас сонгуульд саналаа өгсөн болов уу.
Мөн гадаадад байгаа монголчуудын ирц маш бага байлаа. Бүртгэлийнх нь талаар мэдээлэл аваагүй сонгуулийн өдөр нь шууд Консулын газар очсон хүмүүс ч байсан. Үүнээс цаашид гадаадад байгаа монголчуудынхаа саналыг илүү сайн авахын тулд зохион байгуулалт дээрээ түлхүү анхаарах шаардлага ажиглагдсан.
-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН өнгөллөө. Сонгуулийн өмнө Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцээ зарласан. Тэр бүтцээрээ ажиллах уу. Эсвэл бусад нам эвслүүд Засгийн газарт орж, ажиллах болов уу?
-Ойрын хоёр, гурав хоногийн үйл харуулах болов уу. Олон л янзын мэдээлэл байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдана. МАН, АН, бусад намууд дээр ч өргөн хүрээний эвслийн Засгийн газар байгуулагдах болов уу гэсэн хүлээлт ч байна. Нөгөө талаасаа олон нам сонгож байгаа чинь эрх баригчдыг хяна гэсэн үг ш дээ. Бүгдээрээ нэг тогоон дотор ороод нэг нэгнийгээ хянахаа больчих вий гэсэн иргэдийн айдаст ч бий. Ардчилсан намын хувьд иргэд хангалттай хэмжээнд итгэл хүлээлгэлээ. Эвслийн Засгийн газар байгуулан сөрөг хүчнүүд маань нэлээд хүчтэй сөрөг хүчин болох давуу эрхүүд бий.
-Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс гарсан гишүүдэд зарим иргэд шүүмжлэлтэй хандсан байсан. Эдгээр дүүргүүдийн иргэд сайхан амьдраад байгаа юм байх даа гэдэг ч юм уу?
-МАН давамгайлсан, сөрөг хүчний төлөөллийг бага буюу нэг, нэг хүн сонгосон харагдсан. Сонгино, Баянзүрх, Хан-Уул дүүрэг зэрэг хотын тойргуудыг сонгогчийн өнцгөөс харахад маш тэгш бус байдалтай байна. Мажоратор хэсгийн 78 суудлын нэлээд хэсэг хөдөөд байгаа юм. Баянзүрх дүүргийн 200 гаруй мянган сонгогч таван мандаттай. Хан-Уул дүүрэг гэхэд 170 гаруй мянган сонгогчтой ч гурав байхад баруун бүсэд 10 мандаттай байх жишээний. Сонгох эрх дээр тэгш бус байдлыг сонгуулийн тогтолцоо өөрөө үүсгээд, хэвээрээ үргэлжлээд байгаа юм. Монгол Улсын иргэдийн хувьд сонгох, сонгогдох эрх нь эн тэнцүү байх ёстой. Энэ удаад бүсчилнэ гээд дэлхий дээр байхгүй л том, том бүсүүд үүсгэсэн. Баруун бүсийн тойрог Германы нутаг дэвсгэрээс том гэж буй юм. 18-хан хоногт сонгуулийн сурталчилгаа хийх энэ нөхцөл байдал нь сонгогчдод маш ойлгомжгүй, хэтэрхий олон мандаттай хүмүүсээ танихад хэцүү, сонгогчийнхоо эрхийн үүднээс харсан ч тэгш бус л байгаа юм. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын ажиглалтын тайланд энэ талаар дурдсан байдаг. Улс төрийн намууд болон нэр дэвшигчид сонгуульд яаж оролцож, ямар тактик баримтлах вэ гэдэг үндсэн дүрэм нь хуульд тусгагдсан байдаг. Энэ хүрээндээ явж байгаа. Энэ нь эхнээсээ тэгш бус байдлыг үүсгэчихжээ. Хугацааны хувьд хэт богино хэвээрээ. Тойргоо улам томруулахад хугацаа нь дагаж өсөх ёстой ч тийм биш. Мажоратор нь иргэдийн юу хүсч байгааг мэдрээд, уулзаад ирээ гэж нэр дэвшигчдээ явуулж байгаа. Сонгогчид ч хүнээ таниад, хүнийг нь сонгоосой гэсэн утгатай сонгуулийн тогтолцоо. Гэтэл тэгэхгүйгээр намын нүдээр харж буй юм. Зургаан мандаттай тойрог дээр гурав, дөрвийг нь сонгочихсон ч нэг намд давамгай өгөхгүй гэж буй иргэдийн хувьд олны танил хүмүүсийг сонгосон байгаа юм. Энэ мэтчилэн олны танил хүмүүст давамгай байдлыг үүсгэх хандлага ажиглагдсан. Тогтолцоо нь шахсан ч гэсэн ухамсартайгаар иргэд олон намын төлөөллүүдийг УИХ-д гаргалаа гэж харж байна.
-Энэ удаагийн Их хуралд гарч ирсэн шинэ дүрүүдийг юу гэж харж байна вэ?
-Маш сонирхолтой бүрэлдэхүүн бүрдлээ.Энэ удаа өмнөхөөсөө арай өөр байна байх. Олон нийтийн дуу хоолой болохуйц хүмүүс байна. Шинэ залуу болон туршлагатай хүмүүс ч орж ирлээ. Эмэгтэйчүүд маань нам дамжсан бүлэг байгуулах замаар нийгмийн олон орхигдсон асуудлууд дээр хүчтэй дуугарах болов уу гэсэн хүлээлт байна. Олон намын хамтын ажиллагаагаар хууль тогтоомжоо яс бариасай. Ганцаараа дээрээс нь үг хэлэх төдийгөөр ажил явахгүй учир бүлэг үүсгэн хамтарч ажиллаасай гэж хүсч байна.
Л.МИНЖМАА
.
2 replies on “Судлаач Х.Номингэрэл: Тогтолцоо нь шахсан ч гэсэн иргэд ухамсартайгаар олон намын төлөөллүүдийг УИХ-д гаргалаа”
Монгол төрийн бэлгэдэл, үнэт зүйл болсон төрийн далбааг шүд зуун урж тасдаж хаядаг Ч.Лодойсамбуу гэдэг хүн төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, УИХ- н гишүүн болох ёс суртахууны эрхтэй юу ??? Ер нь ийм үйлдэл гаргасан хүнд үзүүлэх шийтгэл гэж байна уу? Эсвэл хэн дуртай нь ураад, дэвсээд байж болдог юмуу ??? Хариулт өгөх байгууллага байна уу?
Энэний судлаач гэж юу байдаг юм. Ганц судалгааны өгүүлэл ч хэвлүүлж байгаагүй байж өөрийгөө судлаач гэж шаагаад байдаг ажилгүй гаруудын л нэг