Ардчилсан намаас сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Эрх баригчид төрийн эрхийг дахин барихын тулд хууль бус бүхий л зүйлийг хийж байна.
Хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэж, иргэдэд тараасан байж болзошгүй зүйл байна. Ховд аймгийн Жаргалант суманд их хэмжээний мөнгөн тэмдэгт хэвлэсэн нь салхинд хийсэж буй дүр зураг баримттайгаа байна. Харахад яг л монгол мөнгөн тэмдэгт. Харин гараараа барьж үзэхэд хуурамч гэдэг нь тодорхой гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.
Говьсүмбэр аймагт н.Билэгсүмбэрэл гэдэг хүн иргэдийн саналд нөлөөлж байна. Баянзүрх дүүрэгт санал авах хайрцгийн дээр камер байрлуулсан байна. Энэ бол хууль бус үйлдэл.
Завхан аймагт Б.Чойжилсүрэнгийн багийнхан мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан байна. Монгол төрийн эрхийг авахын тулд байж болох бүх хүнийг ашиглаж байна. Багш, эмч нарыг ч ашиглаж байна. Шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг ард иргэдээсээ хууль бус үйлдлүүдийн эсрэг саналаа өгөхийг хүсэж байна” гэсэн юм.
АН-ын Хуулийн газрын дарга Д.Батхуяг Санал авах байранд иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаа үйлдэл хэрээс хэтэрлээ. Налайх дүүрэгт гомдол гарсан. Тус дүүргийн Засаг дарга нь “Манай намд санал өгөөрэй” гээд мөнгө тарааж байна.
Ч.Ундрам гишүүний ухуулагч мөнгө тарааж байна. Баримт нь байна.
Чингэлтэй дүүрэгт мөнгө тарааж байгаа гэх мэдээлэл ирсэн. Мөн Чингэлтэй дүүргийн нэр дэвшигч Г.Дашням сонгуулийн санал авах байранд скүүтер байрлуулсан. Чипийг нь бүгдийг нь авчихсан, хурааж болохгүй байрлуулсан. Энэ бол иргэдийн сонголтод нөлөөлөх гэж буй үйлдэл” гэсэн юм.
Түүнчлэн МАН-ынхан хэвлэлийн хурал хийж, АН-ыг мөнгө тарааж байна гэж мэдэгдсэн. Энэ бол үндэслэлгүй гүтгэлэг гэдгийг АН-ынхан хэлэв.