Туулын урсгал шөнөдөө сайхансан
Торгон долгио хаялан мяралзагдсан
Хоёр ангир дандаа хөвдөгсөн
Холын анир авангаа дуугардагсан… хэмээн аманд шууд л аялагдах торгон аялгуу бидний дунд хэдийнэ ардын дуу болтлоо “амьдарчээ”. Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн амилуулсан энэ сайхан бү-тээл ХХ зууны манлай яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөрийн аялгуу билээ. “Миний нутгийн бараа”, “Дуу минь, дуу минь”, “Есөн эрдэнийн орон”, “Бодлын цагаан хун”, “Намуун үдэш”, “Нутгийн хөөрхөн бүсгүй”, “Би хаана төрөө вэ”, “Дуу шиг сайхан бүсгүй”, “Цэцэгт цэнхэр алчуур”, “Нүд хөмсгийг чинь харъя” гээд л үргэлжлэх жар, дал, наяад оны нийтийн дууны ноён оргил болсон олон сайхан дууны аялгууг авторласан эрхэм бол Дашдаваагийн Баттөмөр гуай юм. “Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” булангийн энэ удаагийн зочноор “Алтан намар-1986”, “Морин хуур-1991” наадмын тэргүүн байрын шагналт, Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийг урьж оролцууллаа.
Д.Баттөмөр гуайн зааж өгснөөр хотын төвийн хуучны есөн давхар байруудын нэгийг амралтын өдөр зорьж очиход түүний хань Ц.Халтар гуай угтаж авлаа. Хаалганы дэргэд хуучны цагаан радио чимээ багатайхан эгшиглэх ч нүдэнд шууд туслаа. Гэрийн эзэн зочны өрөөндөө угтаж авлаа. Том өрөөний баруун жигүүрт ноттой ном бүхий төгөлдөр хуур залаастай байна. Дэргэд нь олон уралдаан наадмын шагналууд тавиастай байх аж. Гэр бүлийн нэлээд олон зургийг гэрийн хананд өлгөжээ.
Бид зүүн жигүүрийн ширээн дээр тухлаад өвгөн зохиолчийн сүүлийн үеийн уран бүтээлийн талаар ярианыхаа салхийг хагаллаа. Дууны нэрийг нь сонсоход л уулга алдмаар, сэтгэлд хэдийнэ хоногшчихсон, тэр аялгууг бүтээж байх агшинд энэ зохиолчийн оюун тархинд юу бодогдож байсан бол, ямар сонин нууц түүх байгаа бол гэхээс хүлээж үл тэвчинэ. Д.Баттөмөр гуай “Зүгээр байхгүй шүү дээ. Зүгээр байх ч ёсгүй” гэж сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар товчхон тодорхойлчихов. Хамгийн сүүлд тэрээр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны бүтээл “Мянган уулын цэцэг” жүжгийн хөгжмийн зохиолчоор ажиллажээ. Эл жүжиг энэ сарын 2-нд Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт нээлтээ хийсэн билээ. Тэгвэл одоо өөрийн сурч төгссөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумынхаа сургуулийн 100 жилийн ойн концертын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа гэнэ. “Сонгууль дуусангуут нутаг руугаа явж, ажилдаа орно доо” хэмээн нүүрэндээ баясал тодруулах аж.
Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр дуу хуурын өлгий Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул. Сумандаа 1960 онд долдугаар ангиа төгсөөд Улаанбаатарыг зорьжээ. Уг нь техниккумд орох хуваарь атгачихсан ч сэтгэл зүрх нь өөр тийш татагдаж, урлаг соёлын байгууллага руу чиглэжээ. Яг тэр үед Улсын ардын дуу бүжгийн чуулгад “Хөгжимчин, дуучин, бүжигчин болох хүнийг шалгаруулж авна” гэх зарыг олж уншаад шалгалт өгөхөөр шийджээ. Д.Баттөмөр гуайн аав н.Доржхорол уртын дууг сайхан дуулчихдаг. Айлын найр, шагайн наадамд ая дуугаараа хөгжөөж, бяцхан хүү Д.Баттөмөр гадна нь тоглож өсөхдөө уртын тэр сайхан дууны шуранхай аялгуу өөрийн мэдэлгүй чихэнд нь орж, сэтгэлд нь хадагдчихсан байж л дээ. Өөрөө ч хурдан морь унаж гийнгоо эгшиглүүлж явсан нь хөгжмийн аялгууг мэдрэх торгон мэдрэмж, авьяас хөвөрч байсных биз ээ.
Долдугаар ангийн боловсролтой хүү Улсын ардын дуу бүжгийн чуулгын шалгалтад ороод тэнцэж орхижээ. Тухайн үед танихгүй ч шалгалт авсан багт нь Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа нарын Монголын урлаг соёлын тархи болсон эрхмүүд багтсан байжээ. Хүүд “Тэнцсэн” гэдэг бичиг хийж өгөөд аравдугаар сарын 1-нд ирж ажилдаа ороорой гэжээ. Нутагтаа ч баяртай буцсан гэнэ. Гэтэл аав ээж, ар гэрийнхэн нь “Сургуульдаа орохгүй ирлээ” гэж багахан зэмлэсэн байна. Гэсэн ч сэтгэл зүрхний гүн дэх жижигхэн мөрөөдлөө гүйцэлдүүлчихсэн түүнд тэр яриа хаалт болоогүй. “Ингэж би хөгжимчнөөр анх орсон. Их хуур хөгжим дээр намайг авсан. Надад анхны нотыг Чулуунбаатар багш маань заасан. Надтай хамт Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, н.Пүрэв гээд залуу бид гурав анх орж байлаа. Эхний жил дагалдан хөгжимчнөөр ажиллаад дараа жил нь Соёлын яамны шалгалтаар орон мэргэжлийн үнэмлэхээ авч билээ” гэж тэрээр хуучилж байв.
1965 он. Улсын ардын дуу бүжгийн чуулгынхан говийн дуу, хангайн дуу, алтайн дуу гэсэн цуврал концерт хийж байсан үе гэнэ. Чуулгын удирдлагууд “Хангайн дуу” концертод бүгд идэвхтэй оролцохыг уриалсан тул залуу хөгжимчин маань ая зохиохоор шийджээ. Тэр үед “Залуучуудын үнэн” сонинд яруу найрагч Ш.Сүрэнжавын “Хээр морь минь” шүлэг хэвлэгдсэн байхыг олж уншаад зохиогчтой нь уулзахаар зорьжээ. “Тэр хүн Монголын радиод ажилладаг гэдгийг дуулаад явж очлоо. Шоволзсон шар хүн угтаж аваад цай цүй боллоо. Ингээд шууд л
“Цэцгийн сайхан үнэрт нь
Цэнхэр униарт хангай минь
Цэнгэлийн салхи үлээсэн
Цээж тэнэгэр нутаг минь” гээд л “Баян хангай” дууны шүлгийг хэлээд өгчихсөн юмдаг” хэмээн зочин маань онцлов. Энэ бол түүний хамгийн анхны уран бүтээл. Нэг их удалгүй Ш.Сүрэнжав гуай “Намуун үдэш” дууны үгийг өгсөн байгаа юм.
“Намуухан үдэш гадаа налайж
Найрсагхан чи минь гараа өглөө
Уяранхан дуулмаар оройн тогтуунд
Уужимхан хорвоо онцгой сайхан… Үг, ая нь нэгнийгээ илэрхийлэх, салгаж болшгүй мөнхийн бүтээл гэдэг энэ л байх. Төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав залуухан хөгжмийн зохиолчид ийм сайхан хоёр шүлгээ өгч, ирээдүйн нэрт уран бүтээлч болох гүүрийг урамтайяа тавьж өгчээ. Д.Баттөмөр гуай “Ш.Сүрэнжав гуай надаас олон мундаг зохиолчидтой ажиллачихсан, олон арван дуу бүтээчихсэн байсан үе. Дууны шүлгэнд гаршсан хүн дээ. Дээрээс нь цэцэн цэлмэг, яруу тод гэж жигтэйхэн. Үнэмшилтэй сайхан шүлэг хийдэг хүнтэй анх танилцсандаа их баярлаж, сэтгэл зүрхэндээ талархаж явдаг” гэлээ.
Энэ хоёр эрхмийн гар нийлсэн бас нэг алдартай бүтээл бол “Миний нутгийн бараа” хэмээх аялгуут сайхан бүтээл билээ. Энэ дууны аяыг зочин маань Буриад улсын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийн оюутан байхдаа биччихсэн байсан гэнэ. Монголд буцаж ирээд Ш.Сүрэнжав найрагчид өгчээ. Гайхамшигтай нь маргааш өглөө нь л
…..Газрын холоос цайвалзсан
Ганган цагаан гэр байна хө
Ганцхан насанд заяасан
Миний нутгийн бараа юу даа хэмээн тэрлээд аваад ирсэн байна. Хүний нутагт эх нутгаа, ээж ааваа, дурлалт бүсгүйгээ санан мөрөөдсөн сэтгэлийг гярхай ажиглаж, яг л тэр аялгууг амилуулсан мөртүүд тэрлэнэ гэдэг агуу яруу найрагчийн л чадвар. Энэ сайхан бүтээл хоёр уран бүтээлчийн нутагт хоёуланд нь хөшөө болон сүндэрлэжээ.
Долдугаар ангиасаа шууд ажлын гараагаа эхэлчихсэн түүнд мэргэжлээрээ суралцах шаардлагатай болжээ. Үүний тулд оройн ангид суралцаж, аравдугаар ангийн боловсролтой болоод авчээ. Залуухан хөгжимчний оройн ангийн найзууд хөгжимчин Мэнд-Амар, Самбалхүндэв, Бавуугийн Лхагвасүрэн нар байсан гэнэ. Арван жилийн боловсролтой болоод авчихсан Д.Баттөмөр хөгжмийн чиглэлээрээ гадаадад сурахаар шийджээ. Тиймээс 1968 онд Соёлын яаманд шалгалт өгч тэнцээд хуваариа хүлээсэн байна. Гэтэл ирдэггүй гэлээ. Соёлын яамны боловсон хүчний эрхлэгч нь “Чи Буриад улсын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуульд ардын найрал дуу, хөгжмийн удирдаачаар төгсчих. Тийм л хуваарь байна. Дараа жил хүлээвэл мөдгүй, маш их өргөдөл байна шүү” гэж ятгажээ. Хөгжмийн ямар нэгэн мэргэжлийн суурьгүй учраас өөрт нь ахадна гэж эхэндээ бишүүрхсэн ч тэнцсэн мөртлөө тэнцээгүй гээд гэртээ харилтай биш гээд зөвшөөрчээ. “Тэр нь ч аз болсон юм. Дэлхийн сонгодгууд дунд өдөр шөнөгүй сууж байж дөрвөн жилийг барсан даа” хэмээн тэмдэглэнэ лээ.
Ингээд хөгжмийн удирдаачаар төгсөж ирээд Соёлын яамны хуваарилалтаар Сүхбаатар аймгийн Соёлын ордон хөгжмийн багшаар ажиллахаар болжээ. Дараа нь Ховд аймгийн Хөгжимт драмын театр, Эрдэнэтийн театр гээд л орон нутгийн соёлын байгууллагуудад томилогдон ажиллажээ. Д.Баттөмөр гуай Хөгжим бүжгийн сургуульд хөгжмийн удирдаач, нэлээд олон жил ажилласан түүхтэй хүн.
Тэрээр Ховдод ажиллаж байхдаа Ш.Жамлийхаатай “Нутгийн хөөрхөн бүсгүй” дууг бүтээжээ. Эрдэнэтэд Тангадын Галсантай “Эрдэнэтийн цагаан шөнө” дууг амилуулснаа ч хуучиллаа. Өвгөн зохиолчийн нэрээр нэрд гарсан дараагийн нэг уран бүтээл Пунцагийн Бадарчийн шүлэг Есөн эрдэнийн орон дуу билээ. Энэ дуу хэрхэн бүтсэн тухай лавшруулан асуухад тэрээр “Эрдэнэтийн соёлын ордонд гурван жил гаруй хөгжмийн багшаар ажиллаж амьдарч байхдаа яруу найргийн түүвэр их үздэг байлаа. Түүн дээр П.Бадарчийн есөн эрдэнийн базсан шүлгийг хараад үүнд нь ая хийгээд “Эх орон минь есөн эрдэнэ” гэдгийг хоёр дахиулж таарууллаа. Ингээд Улаанбаатарт ирээд Үйлдвэрчний эвлэлийн ойн концертод ажиллаж байхдаа П.Бадарч гуайтай таараад шүлгэнд нь ая хийснээ сонсгоход “Ийм дуу байдаг юм уу. Ийм шүлгэнд ийм ая хийхдээ яадаг юм” гэж голох шинжтэй. Гэсэн ч өөрт минь болчихсон юм шиг болдогдоод байв. Тиймээс Улс тунхагласны 60 жилийн ойн уралдаанд энэ дуугаа өгөхөд гуравдугаар байр эзлээдэхлээ. Дуучин Нансалмаа энэ дууг маань зорьж дуулсан. Сүүлд П.Бадарч гуай “Уучлаарай, ийм дуу байсныг мэдсэнгүй” хэмээн хүлцэл өчиж билээ” хэмээн хуучлах нь сонин аж.
Алдарт яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн хэд хэдэн бүтээл эдүгээ нийтийн дунд аялгуу болон түгсэн нь бий. Түүний нэг бол “Би хаана төрөө вэ” хэмээх агуу бүтээл. Энэ дууг хөгжмийн зохиолч маань аавдаа зориулж дуун хөшөө босгосныг сонсох сайхан санагдав. “Зун цаг байсан юм. Багадаа үерхэж явсан найз Зулын хүү жолооч болчихоод машинтайгаа ирээд “Баттөмөр ахыгаа нутаг руу явж явна” гэв. Ингээд явахаар болж хүү нь ч машиндаа бага сага засвар хийхээр явав. Хоёр ч хоног хүлээж гэрийнхэн зусланд гарсан тул ганцаараа уйдаад хийх юмаа олохгүй яруу найргийн түүвэр уншиж байтал “Би хаана төрөө вэ” шүлгийг уншаад ая хийж болмоор санагдав. Тэгэх тэгэхдээ аавдаа зориулж нэг сайхан ая бичмээр байдаг. Ингээд хийсэн. Энэ дууг ганцхан өдрийн дотор хийсэндээ баярлаж билээ. Дуурийн дуучин Гантөмөр анх дуулсан түүх бий” гэж ярилаа.
Дуу бүхэн өөрийн түүхтэй. Сайхан муухай, гунигтай, баяр жаргалтай түүхийг агуулах нь сайхан.
Сарны туяанд цэцэг ургана
Салхины сэвшээнд үлгэр урсана
Саруул хар нүдийг чинь санана
Салалтгүй хамтдаа суугаасай
Дорнын цагаан саран
Шөнөжин дуулж хононо
Дотно янаг хүүтэйгээ
Насандаа цэнгэж сууя аа хэмээн уянгалах энэ сайхан аялгуу хэрхэн бүтсэн түүхийг зохиолчоос асуухад “Сургууль дээрээ хүүхдүүдтэй бужигнаж шуугилдаж байтал “Таныг үүдэн дээр хоёр хүн дуудаж байна” гэв. Очтол Д.Норов нэг нөхөртэйгөө ирчихсэн хүлээж байв. Би танд нэг үг авчирлаа гэхээр нь үзтэл ая хийж болмоор санагдав. Энэ дуун дээр ажиллаж байхад хэдэн жилийн өмнө сурталчилгааны бригадаар явж байхад яруу найрагч Лувсандоржтой их дотно танилцсан мөч сэтгэлд эргэн ирэв. Майхны гадаа сартай шөнө дуулсан дуу, ярьсан яриа, бүжсэн бүжиг тэр хэвээрээ. Бас хоёулаа хөгжимт драм хийхээр санаа оноогоо ярилцаж байсан сан. Удалгүй тэр хүн ертөнцийг орхиж одсон ч тэр л учрал энэ дуунд шингэж байж. Энэ дууг маань хөгжмийн зохиолч Шарав “Чиний энэ дуу нэлээн явна шүү. Чи харж л байгаарай” гэсэн нь баярлуулж билээ” хэмээлээ. Д.Норовын үг “Дорнын цагаан саран” дууны түүх ийм аж.
Монголын хөгжмийн урлагт нэгэн жарныг элээж, жар дал, наяад оны залуусын зүрх сэтгэлийг уянгалуулж, бас эх нутаг элгэн саднаа гэх баяр бахархал төрүүлэх сайхан бүтээлүүдийг туурвисан нэрт хөгжмийн зохиолчийн бүтээл бүрийг энд дурдаад баршгүй. Монголын яруу найргийн сор болсон уран бүтээлчидтэй хамтран ажилласнаа ч зочин маань бахархан ярьдаг юм байна. “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дуу минь, дуу минь” хэмээх хоёр ч уран бүтээлийг амилуулсан ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуай Д.Баттөмөр зохиолчид “Үг ая нь дуулахад их эвтэйхэн байдаг шүү” гэж товчхон хийгээд тодорхой дүгнэж хэлжээ. Залуу байсан болоод ч тэр үү, тэр үгэнд баярлаад сүйд болж билээ. Би чуулгад хөгжимчин. Түмээ эгч алдартай хүн. Зориг гаргаж л аялгуугаа өгсөн, сайхан дуулж өгсөн дөө” хэмээн талархан ярьдаг юм байна.
Ардын жүжигчин А.Долгор “Өөрийг минь “Бодлын цагаан хун” дуу олон түмэнд таниулсан” хэмээн одоо ч бахархан ярьдаг билээ. Тэгвэл энэ бүтээлийн шүлгийг Д.Амгалан, аялгууг Д.Баттөмөр гуай бичжээ. Энэ бүтээл 1991 оны Морин хуур наадмын тэргүүн байрыг эзэлж байжээ.Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч маань эдгээр уран бүтээлүүдээрээ “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дорнын цагаан саран”, “Дуу минь дуу минь” гэсэн дууны гурван түүврийг бүтээсэн байна. Бидний яриа уран бүтээлийн сайхан түүхүүдээр хөвөрсөөр нэлээд хугацааг үдсэн байв. Сайн уран бүтээл олон түмний дунд хэдэн арван жил ч амьдардаг учир уран бүтээлийн яриа ирээдүйд ч үргэлжилсээр л байх нь гарцаагүй.
Д.Баттөмөр гуай ээж Дашдаваагаар овоглож иржээ. Энэ тухай тэрээр “Би сургуульд орохдоо ээжээрээ овоглосноос өнөөг хүрсэн. Аав маань гүндүүгүй хүн байлаа. Овог солиулъя ч гээгүй. Аав маань Дундговийн Дэрэн, ээж Дэлгэрцогтын хүн” гэж хуучлав. Харин гэр бүлийн хүнийг нь Ц.Халтар гэдэг. Тэдний хайрын түүх арван жилийн сургуулиас эхтэй. Тэд нэг сургуулийн төгсөгчид бөгөөд дунд ангиасаа нэгэндээ татагдан үерхэж иржээ. Ц.Халтар гуай насаараа худалдааны салбарт ажилласан, худалдааны гавьяат ажилтан хүн. Тэд дөрвөн охинтой. Том охин Б.Солонго нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Тэрээр Уралын Хөгжмийн сургуулийг төгсөж ирээд УДБЭТ-т концертмейстер, Монгол Улсын консер-ваторид багшаар ажилласан. Түүнчлэн Монголын олон шилдэг дуучдыг дэлхийн түвшинд хүрэхэд нь зааж, чиглүүлж, сургасан гавьяаг нь Монголын төр үнэлж, 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиаар Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг олгосон билээ. Аав нь охиноо “Охин маань өсч дэвжсээр байгаад надаас том боллоо. Би аавынхаа талаасаа том ухаантай. Охин маань жинхэнэ урлагийн нарийн мэргэжлийг нэгдүгээр ангиасаа сурсан хүүхэд. Эхнэр маань худалдааны гавьяат ажилтан. Бас надаас том” хэмээн инээд алдлаа. Гурван охин нь өөр өөрсдийн сонирхлоор мэргэжил эзэмшжээ.
Яруу найрагчид үгэнд амь, сүнс байдаг гэж зүйрлэх. Тэгвэл хөгжмийн зохиолчдын амин сүнс хаана оршдгийг сонирхоход Д.Баттөмөр гуай “Хөгжмийг агуу гэж зүйрлэсэнд баярлалаа. Миний бүтээл олон жил амьдардаг нь шүлгийг л амь оруулчихсан болов уу гэж боддог. Надад олон сайхан шүлэг оногдсон. Би шүлгээ гайгүй ойлгоод хийчихсэн бол цаг хугацаа урт байна, дуулагдана гэж бодож явдаг” хэмээн даруухнаар өгүүлэх нь сүрдмээр юм билээ.
Урлаг соёлынхон, уран бүтээлчид, хөгжимчид, яруу найрагчид эх орончид юм. Тэд уран бүтээлээрээ ард түмний эх оронч сэтгэлгээг нь бадрааж явдаг “эх орончид” юм даа.
Б.ЭНХЗАЯА
7 replies on “Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр: Г.Түмэндэмбэрэл гуай “Туулын урсгал шөнөдөө сайхан”-ыг дуулчихаад “Үг, ая нь дуулахад их эвтэйхэн байдаг шүү” гэж билээ DNN.mn”
Сайн Сайхан Амжилт бутээлийг Эруулийг энхийг хусье
Д.Баттөмөр гуайтай 1987 оны хавар, зун ,,Зураг төслийн байгууллагуудын ойн баярын нэгдсэн концертод бэлтгэж багшлуулж байлаа. Ихдаруу, эелдэг, энгийн, удирдагч, дөлгөөн хүн юм билээ.Бид амжилттай оролцож сайшаагдан ,,СӨГНӨГӨРИЙН АМРАЛТ,, Д БАГШТАЙ ХАМТ АМАРЧ БАЙВ. ЭРҮҮЛ ЭНХ, САРУУЛ САЙХАН БАЙЖ ОЛОН УРАН БҮТЭЭЛ ТУУРВИХЫГ ХҮСЬЁ ЭЭ. ТОВЧ, ТОДОРХОЙ БИЧЖЭЭ. БАЯРЛАЛАА. АЛДАРШУУЛАХ ХЭРЭГТЭЙ. 89831220.
Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг. Авьяас, ухаан хоёроо имэрч томж байж энэ олон сайхан дууг төрүүлсэн биз ээ.
Өөр ч олон тансаг аялгуу төрөх байх.
Энэ автор их хиээвэл юм биих л хүүхэд байна. АВТОРЛАСАН гээд л эхлэхээр давсгүй хярам болчихож байгаа юм. Нэг их том төгсгөх гэсэн бололтой. Эх орончид энэ тэр гэж дахин давтжээ. Урдын цагт бол сайн редактор янзтай сайхан болгочих байсан. Одоо дэндүү хам хум болчихсон болохоор автор нь ч эргэж сайн хараагүй бололтой. Материал нь үйтэн хуар, даанч даалимбан тэрлэг оёчихож. Баттөмөр бол аугаа хөгжмийн зохиолч. Төр соёрхол, ардын жүжигчин хоёроо зэрэг өгчихсөн ч болно.
Энэ алдарт хөгжимийн зохиолчийн дуугаар өсөж өндийж сэтгэлийн цэнгэл баясал эрч хүч авч өдий өтөл насруугаа явж байна энэ алдарт хүнийг нутгийн хүү Ч Батцэнгэл төрийн шагнал олгох санал дэвшүүлсэн бхярлаж дэмжихийн зэрэгцээ уулзаж танилцах чин хүсэтэй байгаа г дамжуулж холбож өгнө үү? Хүндэтгэсэн Н П
Баяр хүргэе. Амжилт хүсье.
Дуунууд нь мөнхөд эгшиглэнэ.Ах минь миний нутгийн бараа дууг байнга дуулдаг байсан даа.Ямар энгийн эгэл даруухан хүн бэ.Та дээдийн дээд шагнал хүртэх эрхтэй