Categories
мэдээ нийгэм

Миний гэртээ харих зам ийм үзэсгэлэнтэй DNN.mn

Өдрийн 16 цагт бид аян замынхаа ачааг бэлдээд төрсөн нутгийнхаа зүг явахаар зэхэж эхэллээ. Зорьж очих газар маань Увс аймгийн Тэс сум. Олон сайхан бөх төрөн гарсан домогт хүчтэнүүдийн өлгий нутаг гэдгийг монгол түмэн бүгд мэднэ. Тэс сум Улаанбаатараас 1378 км-ийн алсад орших бөгөөд хойд, зүүн талаараа Туватай хиллэдэг. Баруун урд нь үзэсгэлэнт Увс нуур цэлэлзэн байдаг билээ. Харин нутгийн хойд хэсгээрээ өтгөн ойтой. Тэнд чацаргана, хад, долоогоно, улаалзгана, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс арвин ургадаг. Бусад хэсгээрээ тал хээр, элсэн манхан хосолсон гайхалтай байгальтай. Уур амьсгалын хувьд эрс тэс. Өвөл нь хэт хүйтэн, зундаа аагим халуун.

Бид Чулуутын хавцлын дэргэд үдлэн саатаад цааш Архангайн Тариат суманд хүрлээ. Монгол орны 333 сумдаас Тариат шиг төв зам дагуу, дэргэдээ голтой, хажуухандаа нууртай үзэсгэлэнт байгаль дунд оршдог нь ховор байх. Сумын төвөөс нь хэдхэн километр яваад Хоргын тогоо орчихно. Цааш хэсэг яваад Завханы Их-Уулаар дайраад Тосонцэнгэл сум орлоо. Тэндээс Увс аймаг руу явдаг зам яг шил, толь шиг. Аягатай кофегоо бариад явахад халгиж, цалгихааргүй шахам дардан сайхан. Тор гэх донсолгоог мэдрэхгүй давхисаар Увс аймгийн Хяргас нуурын хөвөөнөө хүрэх нь тэр. Улаанбаатараас гараад 1000 гаруй км засмал замаар 20 орчим цаг яваад ийнхүү төрсөн нутагтаа ирлээ.

Хяргас нуурын эрэг хөл хөдөлгөөн ихтэй гэж жигтэйхэн. Усны хувцастай улсууд зургаа даруулангаа инээлдэж хөгжилдөцгөөх нь үнэхээр аз жаргалтай харагдана. Энэ нуурын “Хэцүү хад” гэх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрын хувьд гадаад далайн эрэгтэй зүйрлэх ч юм биш. Үнэндээ бид эх орноо бүтэн тойрч аялаагүй, эх орныхоо байгалийн сайхантай танилцаж амжаагүй мөртлөө гадаад далайг мөрөөдөж, гадаадад аялахыг л хүсдэг байсан цаг саяхан. Би ч ялгаагүй. Залуусын, иргэдийн хандлага ч өөрчлөгдсөн байна. Үнэндээ би хэдэн жилийн өмнө энд ирээд буцахдаа хогоо авсан эсэхээ хэлж мэдэхгүй байна. Харин өнөөдөр хогийн уут тусгайлан гаргаж бүх хогоо машиндаа хийгээд буцсан юм. Хажууд байсан хүмүүс ширхэг ч чихрийн цаас үлдээлгүй хогоо аваад машины зүг хөдөлцгөөлөө. Зарим нь өөрсдөө хаяагүй ч гэлээ газ, ундааны сав, архины шил гэх мэт зам зуур дайралдсан хогоо түүж савлаж байгааг харахад сэтгэл өег байв.

Ингээд бид 1373 км зам туулж Увс аймагт ирлээ. Төрсөн ах Д.Мягмаржавындаа зочилж хоол, цай болцгоов. Удаан уулзалдаагүй улсууд хол ойрын сонин сайхан ярилцангаа хэсэг амсхийлээ. Тэндээсээ бид хүргэн ахыгаа дагаад зорьсон газар болох Тэс сум руу хөдөллөө. Манай сум руу явах зам элс ихтэй. Жижиг тэргээр очих  хэцүү. Тиймээс хүргэн ах Б.Даваадалай маань бидэнд замчилсан юм. Аймгийн төвөөс гараад 70 км шар хөдөө гээд тал дээгүүр салхи татуулан давхина. Их хотын түгжрэлийг мартуулсан хөдөө талын зам зуур гэр бүлийн хүн маань надаас “Нөгөө их элс хаана байна, Увс нуур хаана байна” гэж байн, байн шалгаана. Аргагүй дээ. Анх удаа зун цагт манай нутагт ирж байгаа юм.

Ингэж явсаар Увс нуурын хөвөөнд ирлээ. Тэнгэрийн заадас, нуурын ус хоёр нийлэх нь үү гэлтэй. МУГЖ С.Жавхлангийн “Цэнхэр тэнгэрийн орон” дууны үг, аялгуу яг тэр чигээрээ бодитоор буусан байлаа. Ямар уудам, уужим цэнхэр тэнгэр вэ. Яасан бахдам, бардам нуур вэ гэж хэн хүнгүй уулга алдмаар тансаг.

Яг л энэ агшныг хараад холын замд явсан ядаргаа тайлагдах шиг болдог.

Өвлийн улиралд манай нутгийнхан нууран дээгүүрээ явсаар сум орчихдог. Харин зун нуурынхаа хөвөөгөөр зорчдог. Хүргэн ах маань элс ихтэй замыг тойрч, зарим газар нь машинаараа түрүүлж гарчихаад буцаж гүйн ирж зам зааж өгсөөр бид элсэнд суулгүй дөрвөн цаг яваад Нарийны голын 325 метр урт төмөр бетон гүүрэнд дөхөж ирлээ. Эндээс манай сумын төв тод зурайна. Зорьсон газраа очиход бидэнд ердөө 20 км газар үлдлээ. 1400 км орчим зам туулсан бидэнд үнэхээр ойр санагдаж байлаа. Гүүрнээс таван км газар яваад Ут толгой гэдэг өндөр дээр гарна. Энд замын машинууд бүгд зогсдог. Манай сум тэр чигээрээ харагдана. Бүх айл зусландаа гарчээ. Зуншлага сайхан байна. Нутгийн тахилгат цагаан толгойн овоо, ногоон зүлэг, нарийны гол урдаа өндөр элсэн эрэг, хязгааргүй тал харагдана. Өөрийн эрхгүй нүдэнд нулимс дүүрч, догдолдог юм билээ.

Ут толгой дээрх сонгуулийн яриа

Гүүрнээс сум орох зам дэржигнүүр ихтэй. Замд таарсан нутгийн ах нар

“Манай сумын зам босго өндөртэй. Хүргэчүүдийн машиныг шалгаж байгаа юм. Шүдээ үзүүлэх гэж аймаг ороод бөөрөө үзүүлээд ирдэг юм хэмээн хошигноцгооно. Зарим нэг нь нэр дэвшиж суудал горилогчид нь энэ замыг засаж, зам тавьж өгчихөөд сонгуульд гараасай. Хийсэн ажил нь нүдэнд харагдаж байхад дэмжихгүй гээд яах билээ. Манай суманд хийх ажил энэ замыг л засах байна. Нэр дэвшиж буй хүмүүс бидэнтэй л адилхан энэ замаар сум орсон байх. Гэвч хурал цуглаан дээрээ нэг ч нэр дэвшигч зам засварын талаар ярьсангүй. Иймхэн зүйлийг олж харахгүй л бидэнд хий хоосон зүйл амлаж байна даа. Арга ч үгүй биз, тэд нэг л ирээд буцна. Бид өдөр бүр энэ замаар явна шүү дээ” гэцгээв. Ийм нэгэн яриа өрнөөд цааш хөдөллөө.

Биднийг гэртээ очиход манай ах, эгч, бяцхан дүү нар минь бүгд ирцгээсэн байлаа. Би гурван ах, хоёр эгчтэй, айлын хамгийн бага нь. Гэвч одоо арван гурван дэрсхэн дүүтэй. Ингэж бид халуун ам бүлээрээ цугларлаа. Хэзээ ч, ямар ч үед хайр дэвсэн намайг хүлээх миний төрсөн гэр.

Ээжийн чанасан цай, шинэ хонины шөл гээд энгийн нэртэй ч хотын ямар ч тансаг ресторанаас олж үл хүртэх хоолоор дайлуулав. Маргааш нь дөрвөн машинд хуваагдаж суугаад Давсны цооног, Увс нуур руу хөдөллөө.

Энэхүү давст нуур нь жамц давсны орд газартай гүнзгий холбоотой. Хотгор газар хуримтлагдсан ус урсан давсны давхаргыг дайран нуурыг бүрдүүлдэг. Гадагш гарцгүй нуур нь ууршиж давсыг улам бүр нэмэгдүүлнэ. Мөнх цаст уулсаас эх авах олон гол горхи энэ хотгор газарт цутгаж байдаг учир нуур ширгэдэггүй. Түүнчлэн бөөр, нуруунд маш сайн бөгөөд сүү өргөж, залбирч байж ордог заншилтай.

Ай даа, Увс нуур аа гэж ямар сайхан газар юм дээ. Нуурын усны долгиолохыг сонсонгоо өөрийнхөө доторхыг уудалж төрсөн мэдрэмжүүдээ тэмдэглэлийн дэвтэртээ цаг алдалгүй сийрүүлж суумаар ч юм шиг. Би гэдэг хүн сүүлийн үед юм л болбол бодол болон суух дуртай хүн болчихсон. Гэхдээ энэ удаад машин дүүрэн ирсэн ах, эгч, дүү нар минь надад бодлогоширон суух сөхөө өгсөнгүй. Цэлийн харагдах Увс нуурандаа ханатлаа умбаж авлаа.

Нутагтаа ирэх бүрд цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй. Улсын нийслэлээс 1425 километрийн зайтай оршдог ч ажиллаж, амьдрахад асуудал гэж боддоггүй хөдөлмөрч, тууштай, зоримог ард түмэн энд амьдардаг. Тэс сумын 100 жилийн ой ирэх наймдугаар сарын 8, 9, 10-нд болно. Увсын жавар биднийг өлчир, өөдрөг болгодог хэмээн ярих нутгийн ахан дүүс минь 100 жилийн ойдоо хүрээд очоорой.

 

Д.Баттогтох

 

5 replies on “Миний гэртээ харих зам ийм үзэсгэлэнтэй DNN.mn”

Ёстой нүдэнд харагдтал бичжээ дүү нутагтаа очсон юм шиг боллоо гоё шүү баярлалаа

Аян замын тэмдэглэлээ бичсэн сэтгүүлч дүүдээ аижилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *