Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хөхөнцөр вирусийн эсрэг вакцин тариулаагүй охид халдвар авах эрсдэл 10 дахин өндөр гарчээ DNN.mn

“Оном” сангийн тэргүүн, доктор Д.Наранбаатар өөрийнх нь 31 настай дүү нь умайн хүзүүний хорт хавдраар өөд болсон талаар сошиал сүлжээнд хуваалцав. Ингэхдээ тэрээр монгол эмэгтэйчүүд энэ төрлийн хорт хавдраар цагаасаа эрт нас барж байгаа гол шалтгаан бол 2010-2012 онд хэрэгжүүлж чадаагүй хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг зогсоосонтой холбон тайлбарласан нь анхаарал татлаа.

ХСҮТ-өөс гаргасан судалгаагаар 2023 онд буюу өнгөрсөн онд нийт 7244 хүн хавдраар өвчилсний 5.9 хувь буюу 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалт дэлхийд 12 хувьтай байдаг бол манай улсын 35-аас дээш хувь нь энэ хавдрын тээгч болдог нь дэлхийн хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт гэдгийг тодотгосон байв. Нэг ёсондоо умайн хүзүүний хавдар монгол эмэгтэйчүүдийн дунд маш өндөр хувьтай байгаа төдийгүй аюулын том дохио болон дуугарч байна гэсэн үг аж. Үүнийг батлах гашуун түүхүүд бидний амьдралын дунд олон бий. Үүний нэг нь доктор Д.Наранбаатар эмчийн дүү болсныг ч тэрээр ийнхүү зарлажээ. Энэ аюулт хавдрыг үүсгэгч гол хүчин зүйл нь хөхөнцөр вирус буюу папиллома вирус. Энэ вирус нь 100 гаруй хэв шинжтэйгээс 40 гаруй хэв шинж нь бэлгийн замаар дамждаг дэлхийн хэмжээнд хамгийн өргөн тархсан халдварын тоонд ордог юм байна. Ихэнх хүмүүс амьдралынхаа хугацаанд папиллома вирусийн халдвар авсан байдаг ч тэдний 90 орчим хувийг дархлааны систем нь хамгаалан өвчлүүлдэггүй, хоёр жилийн дараа вирус халдварлах чадваргүй болдог. Үлдсэн 10 хувь нь өвчилдөг. Энэ вирус олон жилийн хугацаанд биед хуримтлагдан устаагүй тохиолдолд хавдар болон өвчлүүлнэ. Тэр дотроо папиллома вирусийн 16, 18 дугаар хэв шинж нь умайн хүзүүний хавдар үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг.

Дэлхий нийт энэ аюулт өвчнийг үүсгэгч вирусийг 1970 онд Германы эрдэмтэн нээж, 1990 онд Австралийн эрдэмтэд вакцин зохион бүтээж 2006 онд патент авсан түүхтэй аж. Ингээд 2007 оноос дэлхий нийтээр дархлаажуулалтын хөтөлбөртөө умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг оруулжээ. Өнөөдөр хүртэл дэлхийн 120 орчим улс орон энэ вакциныг хэрэглэж хэвшжээ. “Австрали улс 2007 онд папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрөө эхэлснээс хойш өдгөө 16 дахь жилдээ вакцин хийж, умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх шинжилгээг хүний папиллома вирусийн шинжилгээ рүү шилжүүлжээ. Ингэснээр 2030 онд умайн хүзүүний хавдаргүй улс болох зорилт тавиад ажиллаж байна” гэж Хавдрын үндэсний төвийн тэргүүн, доктор Б.Цэцэгсайхан ярьж байна.

Тэгвэл Монгол Улсын хувьд 2012 онд “Мянганы сорилтын сан”-гийн санхүүжилттэй ЭМЯ, ХӨСҮТ хамтран төслийн хүрээнд 9-15 насны охидод папиллома вирусийн эсрэг “Гардасил” вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлж байлаа. Энэ үед хавдрын тархалтын нөхцөл байдал 2008 онд хийгдсэн “Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдрын тархалтыг тогтоох судалгаа”-аар нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд тус вирусийн тархалт 35 хувь, 25-аас дээш насны эмэгтэйчүүдэд 48,5 хувь хүртэл, 45-49 насны эмэгтэйчүүдийн дунд 26 хувьтай гарч байжээ. Тиймээс “Гардасил” вакциныг нийслэлийн Баянгол, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 11-15 насныханд хийж эхэлсэн юм. Тодруулбал, “Гардасил” вакцины нэг дэх тунг 10757 охинд тарьж 76.4 хувь, хоёрдугаар тунд 10537 охиныг хамруулж, өмнөхөөсөө буурсан буюу 74.9 хувийн үзүүлэлттэй байсан аж. Харин вакцины сүүлийн тун буюу гурав дахь тунг 2012 оны есдүгээр сард хийж эхлэх байжээ. Гэтэл энэ үеэр вакциныг эсэргүүцэгчид гарч ирэн нийгэмд, “Гардасил” вакцин мөнгөн ус агуулсан, хорт бодистой гэх ухуулга хүчтэй гарчээ. Мөн охидыг үргүйдэлд хүргэдэг зэрэг олон төрлийн таамаг гарч байв.

Хамгийн ноцтой нь үүнийг хавдрын мэргэжлийн эмч нарын зүгээс эсэргүүцэж байсан нь анхаарал татна. Тэр бол “Даффодил” эмэгтэйчүүдийн хавдрын клиникийн захирал, эмэгтэйчүүдийн хавдрын их эмч Л.Баярсайхан байв. Тэрээр тухайн үед “Энэ вакциныг 2006 онд АНУ-д зөвшөөрсний дараа үйлдвэрлэгч “Мерк” компаниас “Охиныхоо амь насыг хамгаалахыг хүсвэл “Гардасил” вакцин хийлгэ” гэсэн уриа, сурталчилгааг хүчтэй явуулсан. Мөн лоббидож болох бүхнийг хийсэн тул 2007 он гэхэд “Мерк”-ийн мэдээлснээр 80 орон тус вакциныг хийхийг зөвшөөрсөн гэдэг. “Мерк” бол хувийн компани. Удалгүй энэ вакцинаас гаж нөлөө илэрч охид, бүсгүйчүүд нас барсан тохиолдол гарч янз бүрийн байгууллага, хохирогч эх эцэг, олон нийтийн зүгээс вакцины эсрэг мэдээ баримтуудыг цуглуулсан. Эдгээр баримт мэдээллийг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар болон Өвчний хяналтын газраас мэдээлснээр 2011 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Америкт 40 гаруй сая тун “Гардасил” тараасан ба дээрх бүртгэлийн системд 20096 хүнд гаж нөлөө илэрснийг тэмдэглэсэн байдаг. Ихэнх хүнд хөнгөн, дунд ба хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн.Мөн ”Гардасил” хийлгэсэн 71 хүн нас барсан гэж мэдээлсэн байна. Нас барсан хүмүүсийн 34 нь уг вакциныг хийлгэсэн. Манайх шиг эдийн засгийн хязгаарлагдмал боломжтой, хүн ам цөөтэй улс дэлхийд хамгийн үнэтэй гэх ”Гардасил” вакциныг ийм зөрчилтэй мэдээллийн орчинд охиддоо хийж эхлэх нь эртэдсэн хэрэг. Дор хаяж 10 жилийн дараа бусад орны үр дүнг ажиглаад шийдэх асуудал. “Гардасил” нь хүний папиллом вирусийн хоёрхон төрлийн эсрэг, дээд тал нь дөрвөөс таван жилийн түр зуурын дархлаа тогтоодог” гэж олон нийтэд зарласан байдаг.

Энэ мэдээлэлд автсан иргэд холбогдох багууллагад гомдол гаргаж хүртэл үзжээ. Тухайлбал, Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төвд эцэг, эхчүүд хандаж гомдол гаргажээ. Энэ талаар тус төвийн тэргүүн Б.Цэрэндорж “Манай төвд есдүгээр сарын 4-ний (2012 он) өдөр иргэн Э.Мөнгөнчимэгээс “Би 12 настай охиноо уг вакцинд хамруулсан. Гэтэл Европ дахь “Гал үндэстэн холбоо”-ноос хийсэн мэдэгдэлд “Гардасил” нэртэй энэ вакцинаас мөнгөн ус, химийн хорт бодис илэрсэн гэж мэдээлсэн. Иймд уг вакцинаас ийм төрлийн хорт бодис илэрсэн үгүйг тогтоон, хууль хяналтын байгууллагад хандаж өгнө үү” гэсэн хүсэлт ирсэн. Иргэдээс ирсэн гомдлыг уншихаар охидын биед мөнгөн ус орчихсон юм байна гэсэн хандлага байгаа юм. Манай улсад энэ вакциныг хийгээд хоёр шат нь явчихсан, одоо гурав дахь шат нь эхэлж байна. Үүний цаана ямар нэг ашиг сонирхол, ажил албан тушаалын сонирхол, халаа сэлгээтэй холбоотой юм болов уу гэж бодоход хүрээд байна. ДЭМБ-ын суурин төлөөлөгч нь ямар нэг бодисгүй, хор нөлөөгүй гэж байр сууриа илэрхийлээд байхад ийм асуудлууд гараад байгаа нь нэг талаар эрүүл мэндийг улстөржүүлээд байгаа юм болов уу гэж ойлгогдож эхэллээ” хэмээн мэдэгдэж байжээ.

Ийнхүү нийгмийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулсан эрүүл мэндийн энэ чухал төсөл 2012 онд зогссон байдаг. Энэ хугацаанд тоолж баршгүй олон гэр бүл охид эмэгтэйчүүдээ энэ аюулт өвчнөөр алдаж, амьдын хагацал үзсэн нь тодорхой. Хэрэв тус вакциныг 2012 оноос товлолт вакциндаа оруулах дэлхийн улс орнуудын адилаар явсан бол өнөөдөр бид Австралийн жишгээр явах боломж байжээ гэх дүр зураг, судалгаа гарчээ.

Хавдрын үндэсний зөвлөлөөс “Гардасил” вакциныг тухайн үед хийлгэсэн болон хийлгээгүй охидын судалгааг хийжээ. Энэ тухай Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан “Судалгаагаар охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогдсон. Жирэмслэлт, төрөлт хэвийн. Хамгийн гол үр дүн нь вакцин хийлгэсэн охидын дунд папиллома вирусийн халдварын тархалт 10 дахин буурсан үр дүн гарсан. Гэтэл вакцин хийлгээгүй охидын дунд халдвар 10 дахин өндөр байгаа ба энэ охид 10-15 жилийн дараа хавдраар өвчлөх эрсдэл өндөр гэсэн үг. Монголд эмэгтэйчүүдийн байрлалын хавдраар нас барж буй 13 хүний нэг нь умайн хүзүүний хорт хавдраар хорвоог орхидог. Энэ хавдраар оношлогдсоны дараа таван жил амьдрах магадлал 51 хувь, бусад нь нас барах эрсдэлтэй” гэж байгаа юм.

Дэлхий нийтээрээ охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах вакцинжуулалтыг хийж байхад Монгол Улс түүнээс ухарч, 2012 онд “Гардасил” вакциныг зогсоож байжээ. Тухайн үед Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар нар байлаа.

 

2 replies on “Хөхөнцөр вирусийн эсрэг вакцин тариулаагүй охид халдвар авах эрсдэл 10 дахин өндөр гарчээ DNN.mn”

2010-2012 оноос өмнө Монголд хөхөнцөр вирусын умайн хүзүүний хорт хавдар гэж бараг байгаагүй үед өсвөр насны охидод толгой дараалан наад вакцинаа шахаж, 40-өөс доош насны эмэгтэйчүүдэд ч бас наад вакцин нэртэй хорт хавдрын хөхөнцөр вирусаа тарьснаас хойш вакцин тариулсан эмэгтэйчүүд ээлж дараалаад хорт хавдартай болж эхэлсэн шүү дээ. Өнгөрсөн 4 жилд өсвөр насны хөвгүүдэд ч бас толгой дараалж хийнэ гэхэд ухаалаг хүмүүс арайхийж болиулсан. 20 жилийн дараа өвдөж мэдэх эрсдэлтэй гээд эрүүл саруул залуучуудад вакцин нэртэй химийн хороор баяжуулсан хөхөнцөр вирус тарихаа боль. Дахиад хэлэхэд наад вирурусыг чинь тариулсан хүмүүс бусдад халдвар тараагаад байна. Тэгээд зөвхөн хийлгэсэн хүмүүс нь хорт хавдар тусаж үхээд байна.

Вакцинаа хурдан хийж эхлээчээ ийм элий балай хүмүүсийн үгэнд орж бүхэл бүтэн үндэстний эмэгтэйчүүд хохирох болж бна уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *