Даян Дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ, Дэлхийн Байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл хамтран “Ноос, ноолуурын үнэ цэнийн сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт” -ыг энэ сарын 30, 31-нд зохион байгууллаа.
Энэ үеэр хонины ноос, ноолуурын үнэ цэнийн сүлжээний тухай ойлголт, зах зээлийн боломжийг сайжруулах, ХХААХҮЯ-наас баримталж буй ноосны бодлого, үйл ажиллагааг хоршоод, аж ахуй нэгжүүдэд таниулах, үйлдвэрлэгчдийн хоршоо, малчдын хооронд үр дүнтэй холбоо тогтоох, зах зээлийн шийдлийг тодорхойлох, ноосны нэмүү өртгийн сүлжээг сайжруулахад шаардлагатай нөөцийг тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв. Мөн уулзалтад оролцогчид ноос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.
Түүнчлэн, ноос, ноолуурын зах зээл, үнэ цэнийн сүлжээнд оролцогч, ялангуяа хонины ноос үйлдвэрлэгч малчин, малчдын хоршоод Засгийн газраас танилцуулсан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үйл ажиллагааг өргөжүүлэх, ноос боловсруулагч компаниудтай хэрхэн хамтран ажиллах, сүлжээнд оролцогчид үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, төр хувийн хэвшлийн түншлэл, зах зээлийн холбоос бий болгох, ноос, ноолуурын үнэ цэний сүлжээг хөгжүүлэх, зах зээлийн шийдэл, түншлэлийн механизмыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлэх зорилготойг ХХААХҮЯ мэдээллээ.
Манай улсын ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2, нэхэх 4, ээрэх 9, нэхээсгүй үйлдвэрлэл эрхлэх нэг, угаах 25, хялгас ялгах 9, сүлжих 56, эсгий эдлэлийн 16, ноосон бордооны нэг, эсгийлэх 120 гээд нийт 257 үйлдвэр хонь, тэмээний ноос ноолуур, сарлагийн хөөвөр боловсруулан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.