Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар 64 байгууллагын 13 мянга орчим субъектэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг. Нийт Монгол Улсад бүртгэгдэж байгаа зөрчлийн 90-ээс дээш хувийг цагдаагийн байгууллага шалгадаг. Цагдаагийн байгууллага нийт ирж буй гомдол мэдээллийн 70 орчим хувийг зөвхөн Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил эзэлж байгааг албаныхан мэдээллээ.
Цагдаагийн байгууллагын албан хаагчдын харилцаа хандлага, хууль хэрэгжүүлж байгаа байдлыг дээшлүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор зөрчлийн хэрэг бүртгэх албанаас 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн иргэдээс санал асуулга авч эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, иргэний цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хэр хугацаанд шийдвэрлэсэн, гомдол аль шатандаа явж байгаа эсэхийг мөн уг гомдол мэдээллийг шалгаж байгаа цагдаагийн алба хаагчдын харилцаа хандлагын талаар мэдээлэх боломжтой болсон гэв. Өнөөдрийн байдлаар 32754 иргэнд санал асуулгыг хүргүүлжээ.
Цагдаагийн байгууллагат байр орон сууц, зуслангийн хашаа байшин түрээслүүлнэ гэх нэрийдлээр иргэдийг залилах гэмт хэрэг бүртгэгдэж байгаа аж. Сонгуулийн хуулийг зөрчих зөрчилд холбогдуулан 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 56 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 35, гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгааг албаныхан мэдээллээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:
-Сүүлийн гурван жилд цагдаагийн байгууллагад 96343 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 31382 буюу 32.5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар цагдаагийн байгууллагад 29440 гэмт хэрэг бүртгэгдсэний 36.4 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн 1245 иргэн 2375 удаагийн давтан үйлдэлтэй байна. Залилах төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг орон сууц байр байшин түрээслэнэ гэх нэрийдлээр, мөн виз хурдан хугацаанд гаргаж гэж иргэдийг залилах, авто машинтай холбоотой залилах гэмт үйлдлүүд бүртгэгджээ.
Орон сууцтай холбоотой залилан сүүлийн 10 жилд нийт 750 хохирогчийн 44.7 тэрбумын хохиролтой хэрэг бүртгэгджээ. Тэгвэл 2024 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд нийт 714 хохирогчтой 50.1 тэрбум төгрөгийн хохиролтой 14 хэрэг бүртгэгдсэн байна.
Энэ мэтчилэн иргэд өөрсдийн хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болж хөрөнгө мөнгөөрөө хохирох асуудал гарсаар байна. Үүний нэг жишээ нь сүүлийн үед байр орон сууц, зуслангийн байшин түрээслүүлнэ гэх нэрийдлээр иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа. Тиймээс иргэд байр, байшин түрээслэхдээ тухайн байшин,байрны албан ёсны эзэмшигчтэй уулзах, тухайн түрээслэх гэж буй байр орон сууцаа өөрийн биеэр очиж харсны дараа гэрээ байгуулж мөнгөө шилжүүлж байхыг анхааруулж байна гэв.