Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили болон ерөнхий сайд Иракли Кобахидзе нар бие биенээ эх орноосоо урвасан хэмээн буруутгажээ. Гүржийн удирдагчдын хоорондох энэ зөрчилдөөн парламент “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийг баталсны улмаас хурцадсан бөгөөд ерөнхийлөгч, сөрөг хүчин болон олон нийтийн байгууллагууд уг хуулийг Оросын “гадаадын агентуудын” хуулийн хуулбар гэж үздэг юм. Барууны орнууд Гүржийн парламент “гадаадын агентуудын” тухай хуулийг хуулбарлан баталсныг эрс буруушааж, Европын албан тушаалтнууд Европын Холбооны гишүүнчлэлд нэр дэвшигчийн статустай байгаа Гүрж нь Европын интеграцчилалд заналхийлж байна гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын эрх баригчид Гүржийн ардчиллыг сүйтгэгч хүмүүсийн эсрэг визний хориг арга хэмжээ авахаа амлаад байгаа билээ. Уг хуульд Гүржийн ерөнхийлөгч хориг тавьсан ч эрх баригч нам ирэх долоо хоногт хүчингүй болгох бодолтой байгаа ажээ.
Ерөнхийлөгч Зурабишвили Тбилисийн Эрх чөлөөний талбайд болсон баярын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ Оростой хамтрахын аюулын талаар ярьж, харин эрх баригч Гүржийн мөрөөдөл нам Оросыг бидэнтэй улам ойртуулахыг зорьж байна гэж шүүмжлэв. Тэрээр “Бид хэн бидний газар нутгийг булаан авсан, хэн бидний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолыг хүндэтгэж байгааг сайн мэднэ. Өнөөдөр Гүрж дээгүүр Оросын хий үзэгдэл эргэлдэж байгаа энэ үед тус улсын тусгаар тогтнол, энх тайвныг хамгаалах, бэхжүүлэх жинхэнэ зам бол Европ, АНУ-тай түншлэх, ойртох явдал юм. Харин энэ замыг хорлон сүйтгэж байгаа хүмүүс манай улсын амар амгалан, аюулгүй ирээдүй, чөлөөт ардчилсан ертөнцийн бүрэн эрхт гишүүн болох замыг уландаа гишгэж байна” гэж хэлжээ. Ерөнхийлөгч мөн энэ оны аравдугаар сард болох парламентын сонгуульд тус улсын иргэд түүхэн сонголт хийх ёстой болсныг онцолж “Энэ сонгуулиар бид Европын, ардчилсан, тусгаар тогтносон нээлттэй Гүрж, эсвэл Оросын загвартай авторитар, тусгаарлагдсан Гүрж болох гэсэн гол сонголтыг хийх ёстой! Ийм сонголтыг ард түмний санал асуулга гэж нэрлэдэг” гэж хэлжээ. Ерөнхийлөгч үг хэлсний дараа ерөнхий сайд Иракли Кобахидзе индэрт гарч шууд л Зурабишвилийг эх орноосоо урвасан гэж буруутган “Хэдийгээр бидний оршин тогтнолд аюул заналхийлэл, олон тооны урвалт, тэр дундаа Гүржийн Ерөнхийлөгч урвасан ч ард түмэн, тэдний сонгосон засгийн газрын эв нэгдэл, ухаалаг алхмууд нь сүүлийн хоёр жил улс орондоо энх тайвныг хадгалах боломжийг олгосон” гэсэн байна. Зурабишвилиг үг хэлэх үеэр талбайд цугларсан үзэгчдийн дургүйцсэн хашгираан сонсогдож байв. Үүний зэрэгцээ ерөнхий сайд Кобахидзегийн үг хэлэх үеэр эсэргүүцэл үзүүлэх гэж оролдсон эмэгтэйг цагдаа нар хүчээр авч явжээ. Гүржийн телевизийн сувгуудын бичлэгт цагдаа нар уг эмэгтэйн амыг нь гараараа таглаад авч явааг харуулсан байна.
Жил бүрийн тавдугаар сарын 26-нд Гүрж улс Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэдэг. Учир нь 1918 оны энэ өдөр Тусгаар тогтнолын тухай акт баталж, анхны Ардчилсан Бүгд Найрамдах Гүрж улс байгуулагдаж байжээ. Иймээс энэ өдөрт зориулсан баярын арга хэмжээ Тбилиси болон Гүржийн бусад 17 хотод болдог уламжлал тогтсон билээ.
Баярын парад болсны орой мөн олон нийтийн байгууллагуудын жагсаал болсон байна. Тэд тусгаар тогтнолоо тунхагласны нэг жилийн ойг тохиолдуулсан 1919 оны баярын жагсаалын маршрутыг яг давтаж явсан байна. Жагсагчид Тбилисийн төв дэх Чавчавадзе өргөн чөлөөгөөр хөгжим, бөмбөрийн дор алхаж “Гүрж!” мөн “Бид хаашаа явж байна ?!” Европ руу!” гэж бичсэн туг барьсан байв. Баярын жагсаал Ваке цэцэрлэгт хүрээлэнд хүрч зогсон Гүржийн хуучин болон орчин үеийн сүлд дуулал болон Европын сүлд дууг эгшиглүүлсэн байна.
Г.АМАРСАНАА