Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

А.Батпүрэв: Сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засагт хямрал болох эрсдэл байна DNN.mn

Эдийн засагч А.Батпүрэвтэй ярилцлаа.


-УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Эрх баригчид том, том мөнгөн дүнтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Ер нь ээлжит сонгууль болгоны өмнө улстөрчид, эрх баригчид “Сонгуулийн дараа улс орон чинь үлдэнэ шүү” гэдгийг мартчихаад элдэв хөтөлбөр зарлаж шоуддаг. Өнөө жилийн хувьд мөнгөн дүнгийн хэмжээ асар их өсч, хэдэн арван их наядаар яригдаж байна. Өмнөх үе үеийн Засгийн газар сонгуульд зориулж янз бүрийн хөтөлбөр зарлаж, амлалт өгөхдөө эрхбиш төсөвт суулгаж байгаад хэрэгжүүлдэг байсан. Одоо бол төсвөөс гадуур явуулж байна. Яг одоо 2024 оны төсөв байна уу гэвэл бүгд задарчихсан. Том зургаараа төсөв дотор улсын болон орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сан, Тогтвортой байдлын сан гэж бий. Гэвч Ирээдүйн өв сан болон төсвийн тогтворжуулалтын санд орох ёстой ногдол ашиг, төсвийн ашгийг Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн шинэ сангуудад татаж авна гээд хууль гаргачихсан. Одоо түүнийгээ зарцуулаад эхэллээ.

Хоёрдугаарт, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлж зургаан хувийн хүүтэй зээл өгөхөөр болсон. Одоо байгаа малчны зээл дунджаар 20 хувийн хүүтэй. Банкуудыг малчдад зээл өг, зөрүүг нь төсвөөс өгнө гээд шахчихаж байгаа юм.Тэгэхээр таван их наяд төгрөгийн 13-14 хувийн хүү нь жилд 600-700 тэрбум төгрөг. Ийм их хэмжээний мөнгө төсөвт байхгүй. Төсөвт зохицуулалт хийх замаар Засгийн газар өөрөө шийднэ гэж байгаа. Түүгээр зогсохгүй дээрх хууль нь Төсвийн тухай хуультай зөрчилдөх юм бол тэр хуулиа баримтална гэсэн. Ийм онцгой нөхцөл МАН-ын засаглалын үеийн хоёр дахь удаагийн тохиолдол болж байгаа юм. Эхнийх нь ковидын үеэр төсөвгүй хоёр жил явсан. Тэр үед 20 гаруй их наяд төгрөг зарцуулсан гэж байгаа ч ямар үр ашигтай байсан, хяналт тайлан одоо хүртэл байхгүй. Яг тэр аргаараа одоо энэ малчдыг хоршоолох хуулийг хийж байна. Монгол Улсын төсөв гэж байхгүй, задарчихсан гээд байгаа маань ийм учиртай юм. Зургадугаар сард сонгууль явагдсаны дараа шинэ парламент бүрэлдээд хамгийн түрүүнд хийх ажил бол төсвийн тодотгол байх ёстой. Яагаад гэвэл орлогыг нэмэгдүүлээд зардлыг нь багасгаж чадах уу гэвэл тийм орон зай хомс. Улсын төсвийн орлогын гуравны нэг нь уул уурхайн салбар буюу нүүрс, зэсээс шууд хамааралтай.

-Нүүрсний хулгайг илрүүлснээрээ нүүрсний экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэсэн шүү дээ. Сонгуулийн дараа манай улсын эдийн засаг ямар болно гэсэн төлөөлөлтэй байна вэ?

-Засгийн газар өнгөрсөн 2023 онд хулгай зэлгийг илрүүлснээрээ нүүрсний экспорт 70 сая тн хүрч, 15 тэрбум ам.долларын орлого оллоо гэж байгаа. Дотооддоо хулгайтай тэмцсэн асуудал бий. Үүнээс гадна хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, Хятадын зах зээлд нүүрсний үнэ өссөн. Австралид үер болсонтой холбоотой Монголын нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн. Хоёрдугаарт, нүүрсээ биржээр арил жаалдаг болсон. Ам үнээр гээд уурхайн аман дээрээс хямд үнээр зардагаа больсон. Идэж уудаг олон шат дамжлага нь багассан. Нүүрсний борлуулалтын өнгөрсөн оны үзүүлэлт 2024 онд хадгалагдаж чадах уу гэвэл бас бүрхэг. Он гарснаар нүүрсний үнэ өнгөрсөн оныхоос буух хандлагатай байгаа. Яагаад гэвэл Хятадын эдийн засаг олигтой сэргэхгүй байна. Барилга, гангийн үйлдвэрлэл нь буурч байна. Дээрээс нь тус улс нүүрсний хамаарлаа багасгах бодлого явуулж байна. Ирэх долдугаар сард Хятадын Коммунист нам зөвхөн эдийн засгийн нөхцөл байдлаа хэлэлцэж, төлөвлөгөөгөө эргэж харна гэдгээ зарлачихсан байна. Дээрээс нь Оросын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай боллоо.  Сая Хятад Австралитай нүүрсний гэрээ хийчихлээ. Өрсөлдөөн ширүүсээд ирэхээр нүүрсний үнэ унах, буурах байх. Ийм нөхцөлд бид төлөвлөсөн 78 сая тонн нүүрсээ гаргаж чадах уу, үгүй юу, зарсан ч хэдээр зарах вэ гэдэг асуудал байна. Гадаад нөхцөл байдал ийм байхад одоо дотооддоо баахан зардлаа нэмээд байх нь эрсдлийг бүр нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засаг хямралын байдалд орох болов уу гэж харагдаж байна.

-Инфляци яахаар байна?

-Инфляци бол иргэдийн худалдан авах чадварыг идээд байгаа албан бус татвар. Худалдан авах чадвар багасна гэдэг бодит орлогыг бууруулж байна гэсэн үг. Мөн он гарсаар улам нэмэгдсэн энэ их халамж инфляцид очиж нөлөөлнө. Монголбанкнаас хоёр удаа ойрхон бодлогын хүүгээ буурууллаа. Уг нь төсөв ингэж тэлээд төв банкинд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа үед эсрэгээрээ мөнгөний бодлого чангарч байх ёстой. Гэтэл сая сарын дотор 13 хувь байсан бодлогын хүүг 11 хувь болгочихлоо. Зургадугаар сард дахиад нэг хувиар буулгах байх. Сонгуульд зориулагдаад зээлийн хүү буурч байгаа нь Монголбанкны хараат бус байдал алдагджээ гэж үзэхүйц шийдвэр болов уу. Эффект нь хугацааны  хоцрогдолтой гарна. Ирэх, долоо, наймдугаар сараас инфляци нэлээд өсөх болов уу. Үүнийг дагаад валютын ханшаа барих боломж багасна.

-Бодлогын хүү буурч байгаа юм чинь зээлийн хүү багасна гэсэн үг биз дээ?

-Бодлогын хүү нэг нэгжээр доошлоход зээлийн хүү тэр дороо дагаад буурахгүй л дээ. Хугацаа хэрэгтэй. Бодлогын хүү гэдэг бол Монголбанкны хадгалж байгаа арилжааны банкуудын мөнгөний хүү. Банкууд мөнгөө Монголбанкинд 11 хувьтай хадгалуулах, эсвэл 19-20 хувиар аж ахуйн нэгжүүдэд зээлэх үү гэдэг нь тэдний сонголтын асуудал. Бодлогын хүү буураад эхлэхээр Монголбанкинд хадгалдаг мөнгө нь багасаад зээл рүү гарах ёстой болдог. Мэдээж энэ үйл явцад хугацаа орно. Хоёрдугаарт, эдийн засаг тогтворгүй байна, зээл даах найдвартай салбар ховор байна гэж үзэх юм бол буцаагаад банкууд зээлээ гаргахгүй байж болно. Дээрээс нь Засгийн газраас малчдад зээл өг гээд шахах юм бол бүр ч хэцүүднэ. Хавар, зуны улиралд эдийн засаг эрчимждэг болохоор бодитой зах зээлээ дэмжих зээл гаргадаг үе. Энэ нь хумигдах байх гэж бодож байна.

-Ам.долларын ханш сонгуулийн дараа буурах болов уу?

-Нүүрсний орлогоос шалтгаална. Түрүүн ярьсан нүүрсний экспорттой холбоотой нөхцөл байдал ямар байхаас хамаарна.

-Манай улсын валютын нөөц таван тэрбум  ам.долларт хүрсэн нь түүхэнд байхгүй үзүүлэлт гэж байгаа шүү дээ?

-Харьцуулахад тийм. Гэхдээ энэ бол маш бага мөнгө. Эдийн засгийн эргэлт хурдсаад томрохын хэрээр таван тэрбумын нөөцөөр ам.долларын ханшийг хоёрхон сар барих ч хэцүү.

-Сонгууль бизнесийн салбарт яаж нөлөөлөх бол?

-“Малчдад хөнгөлөлттэй зээл өг, зөрүүг нь төсвөөс өгнө” гээд банкуудыг шахаад их хэмжээний мөнгө зарлагадчихаар бизнесийн үр ашигт шууд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, бусад бизнест орох ёстой байсан мөнгө малчдын хэрэглээ рүү очно. Бодит эдийн засгийн өсөлтийг дэмжих мөнгөний бодлогынх нь үүрэг хумигдаад эхэлнэ. Бүхэлд нь харах юм бол сонгуулийн дараа шинээр байгуулагдах Засгийн газар нэлээд хүндрэлтэй эдийн засаг хүлээж авах байх.

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам дангаар засгийн эрхийг барилаа. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засаг яаж өөрчлөгдөв. Мэргэжлийн хүний хувьд  та юу гэж дүгнэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд 15 их наяд гэж яригддаг байсан улсын төсөв 30 их наядаар хэмжигддэг болсон. Төсөв ингэж өслөө гээд чанарын ялгаа бараг гарсангүй. Хүмүүсийн бодит орлого, амьдралын чанарт өсөлт бараг гарсангүй.

-Нэг хүнд ногдох ДНБ аль 2012 онд 4500 ам.долларт хүрсэн байсан. Ингээд харахад үр дүн ойлгомжтой байна. Ахиц гараагүй. Ковидын үеийн хоёр жилийг эс тооцвол эдийн засаг дандаа өсч байгаа. Гэвч тэр өсөлт нь төр болон түүнийг дагасан эрх мэдэлтэй, өндөр хуримтлалтай баян чинээлэг хэсэгт очиж үйлчлээд байна. Тэд уул уурхай ч юм уу том орлогоос ашиг хүртэх сувгууд нь олон байна. Нөгөө талд бүр ядуу хэсэгт төсвөөр дамжаад халамж болж очиж байгаа. Ердөө амь залгуулах арга хэмжээ. Тэрнээс ядуурлын тоо хэмжээ бодитоор огт буураагүй. Харин томорч тэлэх ёстой дундаж давхаргын орлого нэмэгдсэнгүй. Тэд улам агшаад байна. Ядуу хэсэг рүүгээ уначих гээд дэнжигнэж байна. Цаашдаа эдийн засаг хүртээмжтэй болох ёстой, өрх бүрт орох ёстой гээд байгаа бодлого жинхэнэдээ ажил хөдөлмөр эрхэлж буй дундаж давхаргад очих ёстой. Эцсийн дүндээ дундаж давхарга л улс орноо авч явдаг биз дээ.

-Ингэхэд Монгол Улсын гадаад өрийн хэмжээ ямар байгаа вэ?

Нэрлэсэн дүнгээрээ Монгол Улсын гадаад өр 2023 оны эцсийн байдлаар 34.5 тэрбум ам.доллар байгаагийн 7.9 тэрбум нь Засгийн газрынх.

Бидний санаа зовох ёстой асуудал бол Засгийн газрын өр. Тэрнээс хувийн хэвшлүүдийн авсан өр харьцангуй гайгүй. 34 тэрбум ам.долларын өр дотор Оюу толгойн өр явж байгаа. Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой дөрөв, таван тэрбум ам.долларыг олон улсын зах зээлээс босгосон мөнгө Монгол Улсын гадаад өр гэдэг тоон дотор яваа. Энэ бол одоохондоо бидний санаа зовох асуудал биш. Жинхэнэ санаа зовох өр бол Засгийн газрын авсан бондуудын өр. Бас улс хооронд авсан зээлүүд бий. Олон улсын байгууллагуудаас авсан хөнгөлөлттэй зээлүүд олон байгаа.

Ер нь Засгийн газрын өр дээр нэмэх нь төрийн секторын өр гэж байгаа. Засгийн газрын өр дотор төрийн өмчийн компаниудын өр хагас дутуу орж байгаа. Урт хугацаатай байх юм бол, эсвэл Засгийн газар батлан даавал гэсэн нөхцөлтэйгөөр тооцдог. Харин богино хугацаатай төрийн өмчийн компаниудын авсан зээл Засгийн газрын өрөн дээр тооцогдохгүй. Төрийн секторын өрөнд төв банкны өр орно. Монголбанк Хятадын ардын банктай своп хэлцэл хийгээд хоёроос  гурван тэрбум гаруй ам.долларын өр бичигдсэн гэх мэт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *