Categories
гадаад мэдээ

Профессор Фэн Юйцзюнь: Орос ялагдах дөрвөн хүчин зүйл бий DNN.mn

Бээжингийн их сургуулийн профессор, Фуданийн их сургуулийн Орос ба Төв Ази судлалын төвийн захирал Фэн Юйцзюнь “The Economist” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Орос, Украины дайн хоёр орны хувьд гамшиг болж хувирсан. Аль аль тал нь дийлэх давуу талгүй, улс төрийн байр суурь нь бүрэн зөрчилдөөнд орсон тул энэ тулаан удах бололтой. Гэсэн ч нэг зүйл тодорхой байна. Энэхүү мөргөлдөөн нь Хүйтэн дайны дараахь үе шат бөгөөд дэлхийд гүн гүнзгий, урт хугацааны үр дагавар авчрах болно” гэжээ. Тэрээр энэ дайны явцад дөрвөн үндсэн хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт, украинчуудын үзүүлж буй эсэргүүцэл.

Тэдний үндэсний эв нэгдлийн түвшин ер бусын өндөр хэвээр үргэлжилсээр байна. Хоёр дахь нь Украинд үзүүлж буй олон улсын дэмжлэг сүүлийн үед тус улсын хүлээлтийг хангахгүй байгаа ч шийдвэрлэх үүргээ гүйцэтгэсэн хэвээр байна. Фэн Южүнь гуравдугаарт аж үйлдвэрийн хүчин чадал, удирдлага, хяналт, харилцаа холбоо, тагнуулын системтэй хослон явагдаж буй орчин үеийн дайны мөн чанарыг дурдаад харин өнөөгийн Орос улс үүнийг хангаж

чадахгүй байгааг онцолсон байна. Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа уналтад орсон аж үйлдвэржилтийн хүчин чадлыг Орос улс хараахан сэргээж чадаагүйтэй тэр үүнийг холбон тайлбарлажээ.

Сүүлчийн хүчин зүйлийг Фэн Юйцзюнь мэдээлэл гэж дүгнэсэн байна. Удаан хугацааны дарангуйллын үр дүнд Путин бодит ертөнцөөс тасарч, мэдээллийн вакумд орсон, Кремлийн эрх баригчид найдвартай үнэн зөв тагнуулын мэдээллээр дутагдаж, алдаагаа засах үр дүнтэй механизмгүй болсон нь үүнд нөлөөлж байна гэж тэр дүгнэжээ. Эдгээр хүчин зүйлүүдийн улмаас Орос улс дайнд ялагдах нь тодорхой бөгөөд эцэстээ Москвагийн эрх баригчид Крымийг оролцуулаад Украины бүх эзлэгдсэн газар нутгаас цэргээ гаргах магадлалтай байна гэж Фэн Юйцзюнь хэлсэн байна. Цөмийн зэвсэг нь ч Оросын ялалтад тус болохгүй гэж профессор дүгнэжээ. Үүнд тэрээр Оростой адилхан цөмийн зэвсэгтэй байсан АНУ-ын цэрэг Солонгос, Вьетнам, Афганистанаас гарсан жишээг дурдсан байна.

Украины дайн ОХУ-ын хувьд эргэлтийн цэг болж болзошгүйг Фэн Южүнь бас анхааруулжээ.Тухайлбал, Украины дайны улмаас Путины дэглэм олон улсад ганцаардах тусам дотоодын бэрхшээл сорилтуудтай тулгарах нь улам бүр нэмэгдэх болно. Үүний жишээнд Вагнерын бослого, саяхан Москвад гарсан террорист халдлага, үндэстэн хоорондын зөрчил мөргөлдөөн зэргийг профессор дурджээ. Бас Украины дайн хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалдаа санаа зовох явдлыг нэмэгдүүлж, Москвагаас хамаарлаа бууруулж, тэнцвэртэй гадаад бодлого явуулахыг эрмэлзэхэд хүргэхийг анхааруулсан байна.

Оросын аюулыг мэдэрсэн Европын орнууд, НАТО батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх ба энэ үйл явц хэдийнэ эхэлснийг Финланд, Швед улсууд харуулж буйг Фэн Юйцзюнь бас дурджээ.Харин Украины дайн “Оросын улс төрийн систем, үзэл баримтлал”-ыг үндсээр нь өөрчилж чадалгүй мухардвал энэ нь Кремлийн эрх баригчдад дахин хүчирхэгжиж, шинэ дайн дэгдээх боломж олгож болзошгүй гэдгийг профессор онцолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *