Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ч.Хүрэлбаатар: Улс төрийн зохион байгуулалттай акцийн золиос нь Н.Мөнхбат боллоо гэж би хувьдаа дүгнэдэг DNN.mn

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Таны хувьд Н.Мөнхбатын өмгөөлөгчөөр хэзээнээс ажиллаж байгаа юм бэ?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгчөөр 2016 оноос хойш ажиллаж, мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шат, шүүн таслах ажиллагааны явцад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, эрх зүйн туслалцаа үзүүлсээр ирлээ. Эдгээр хэргүүдийн анхан болон давж заалдах шатны шүүхийн олон удаагийн хуралдаанд оролцож, улсын яллагч нартай мэтгэлцэж, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудтай нэг бүрчлэн танилцсан өмгөөлөгчийн хувьд шат шатны шүүхийн шийдвэрүүдэд сэтгэл дундуур байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний зөрчигдсөн эрх, эрх чөлөөг хамгаалж, гагцхүү хуульд захирагдаж шийдвэр гаргах ёстой шүүх улс төрөөс хараат байдлаар шийдвэрээ гаргадаг болжээ гэсэн дүгнэлт хийхэд хүрээд байна.

-Чухам яагаад ийм дүгнэлт хийж байгаа хэрэг вэ. Тодорхой тайлбарлаж өгөөч?

-Эдгээр хэргүүд шүүх рүү шилжсэний дараа шүүхийн үйл ажиллагааг харлуулах гэсэн, олон нийтийг турхирсан өнгө аястай, тэдний дэмжлэгтэйгээр шүүхийн шийдвэрт урьдчилж нөлөөлөх гэсэн үг, үйлдлийг улс төрд нөлөө бүхий зарим нэг хүмүүс, эрх баригчдын зүгээс эрээ цээргүй гаргаж байсныг, одоо ч тэр байдал үе үе цухалзаад байгааг олон нийт ажиглаж,тунгааж байгаа байх. Улс төрийн сөрөг хүчнээ харлуулах зохион байгуулалттай акцийн золиос нь Н.Мөнхбат боллоо гэж би хувьдаа дүгнэдэг юм. Өөрөөр хэлбэл, ноёдын зодооноос үсэрсэн цус ардын хүүхэд рүү үсэрхийллээ л гэж харж байгаа.

No description available.

-Таны үйлчлүүлэгчийг тэгэхээр хууль бусаар ялласан гэсэн үг үү?

-Үндсэн хуульд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн суурь зарчим алдагдаж байна. Ардчилсан нам засаглаж байсан жилүүдэд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдгээр нь, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, хуулийг уландаа дэвсэлж, Н.Мөнхбатад хилсээр хэрэг тохож, хүнд гэмт хэрэгт холбогдуулан хорих ял оногдууллаа. Хамтын шийдвэр гаргахад оролцсоных нь төлөө түүнийг ганцааранг нь сугалж аваад, эрүүгийн хариуцлага халдаалаа. Гүйцэтгэх захирал бие даан дангаар шийдвэр гаргах эрхгүй гэдэг нь хууль тогтоомжоос илт харагдаж байхад, шүүх хуулийг буруугаар тайлбарлаж, эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэлээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 2013-2016 онд Н.Мөнхбатыг ажиллаж байх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлох, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэх ёстой байтал хүндрүүлсэн 2022 оны хуулийг хэрэглэж, хорих ял оногдууллаа.

-Тэгэхээр хуулийг буруу хэрэглээд ял оногдуулчихсан хэрэг үү?

-Эрүүгийн хуулийн “Хууль үйлчлэх цаг хугацааны зарчим”, “Хууль буцаан хэрэглэх зарчим”, “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэх мэт нөхцөл байдлуудад анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэлт хийж шийдвэрээ гаргах ёстой байтал тэдгээрийг үл хэрэгсэж, хүндрүүлсэн хуулиар Н.Мөнхбатыг хорьж шийтгэх шийдвэрүүдийг удаа дараа гаргасан нь Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “…түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй…” гэсэн заалтыг илтэд зөрчиж байгаа үйлдэл юм. Түүнчлэн Анхан болон Давж заалдах шатны шүүхүүд яг адил нөхцөл байдалтай, нэг зүйлчлэлтэй хэрэг дээр Эрүүгийн хуулийн хууль үйлчлэх цаг хугацаа, хөөн хэлэлцэх хугацаатай асуудлаар зөрүүтэй дүгнэлтүүдийг удаа дараа гаргаж байгаагаас харахад шүүх гагцхүү хуульд захирагдаж шийдвэр гаргаж байна гэдэгт эргэлзэж байгаа. Улс төрийн нөлөөлөлд автсан байж болзошгүй гэж бодоход хүргэж байна. Анхан шатны шүүхийн хууль зөрчсөн буруутай шийдвэр, алдааг дараа дараагийн шатны шүүхүүд залруулах үүрэгтэй. Харамсалтай нь Н.Мөнхбатад холбогдох хэргүүд дээр энэ алдааг Давж заалдах шатны шүүхүүд засаж залруулах талаар хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Хууль хэрэглээний ийм буруу жишгийг шүүх тогтоож байгаа нь зөвхөн Н.Мөнхбатад холбогдох хэргийн хэмжээ хязгаараас давсан үйлдэл төдийгүй хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бүх хүмүүст хамаарах ноцтой үр дагаврыг бий болгож байгаад хуульчийн хувьд сэтгэл эмзэглэдэг. Эрх бүхий албан тушаалтны хуулийн хэмжээ хязгаараас давж гаргаж буй шийдвэр бүр бусдыг хэлмэгдүүлэх үндэслэл болдог юм гэдгийг хүн бүр ойлгодог мэддэг байгаасай, тийм үйлдэл гаргуулахгүйн төлөө үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг байгаасай. Эцэст нь хэлэхэд, түрүүний ярьсан асуудлуудад Улсын дээд шүүх дүгнэлт хийж, хуулийг нэр мөр хэрэглэх жишиг тогтоосон шийдвэр гаргах байх аа гэж найдаж байна.

 

Б.БАДАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *