Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон DNN.mn

Томас Гарон Да Силва (Thomas Garon Da Silva) дөрөвдүгээр сарын 28-нд Төв аймгийн Өндөр ширээт суманд хоноглож байхдаа нутгийн иргэнд зодуулсан юм. Түүнтэй цахимаар ярилцлаа.


-Таныг Монголд аялж байх үедээ зодуулсан гэх цахим орчин дахь мэдээ үнэн үү?

-Найз маань намайг зодуулсан тухай мэдээллийг цахим орчинд явж байгааг хэлсэн. Яг үнэн зөв мэдээлэл биш байсан. Надтай хэн нэгэн хүн ярилцлага хийгээгүй хэрнээ тэр мэдээг хаанаас олж тавьсныг мэдэхгүй байна. Гэхдээ миний фэйсбүүк хаягнаас хүмүүс олж мэдсэн байх. Би тэр постыг франц хэл дээр бичсэн.

-Та тэгэхээр үнэхээр зодуулсан уу. Миний асуултанд хариулсангүй?

-Тийм ээ, би зодуулсан. Гэхдээ ноцтой гэмтэл учраагүй. Аяллаа түр зогсоох шийдвэр гаргасан байгаа. Учир нь сэтгэл зүйн хувьд хүнд цохилт байлаа.

-Таныг ноцтой гэмтсэн гэж дуулсан?

-Сүүлийн үед Монголд надад тохиолдсон зүйлийн тухай худал цуу яриа дэгдээд байгаа нь миний анхаарлыг татлаа. Надтай хэн ч ярилцлага хийгээгүй. Мөн сошиал орчин юу болсныг баримтгүйгээр харлуулж байгаа нь харамсалтай байна. Тиймээс би болсон үйл явдлыг хуваалцахаас өөр аргагүй санагдаж байна.

-Яг хэзээ, хаана зодуулсан бэ?

-Би аяллынхаа хоёр дахь өдөр Өндөрширээт сумын ойролцоо байх толгод дээр хоноглох гээд байж байлаа.

Дөрөвдүгээр сарын 28-ны 20:00 цагийн үед нутгийн иргэн майханд маань дөхөж ирээд унтаж байхад маань намайг сэрээсэн. Хэл нэвтрэлцэхгүй байсан ч чадах чинээгээрээ бид ярилцсан. Тэгээд би түүнийг миний унадаг дугуйг унаж үзэхийг санал болгосон. Тэр дуртайяа хүлээн авч, унадаг дугуйг маань тойроод унаж байсан. Тэгээд яагаад ч юм тэр намайг хамтдаа сумын төв рүү явахыг шаардсан.

-Дараа нь юу болсон бэ?

-Би татгалзаж, майхандаа хонох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүний шаардлага түрэмгийлэл болон хувирч, намайг майхнаас минь хүчээр чирж, биед маань халдаж нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон. Айсандаа би тусламж гуйж орилсон болохоор тэр хэсэгхэн зуур хойш ухарсан. Гараараа амыг минь даран чимээгүй болгох гэж оролдсон. Тэр үед айдсаа барьж чадаагүй. Тэгээд гэнэт тэр намайг чимээгүй бай гэж дохиж хэлээд зугтаад яваад өгсөн. Энэхүү явдлын дараа би шоконд орсон. Юу хийхээ мэдэхгүй, маш их түгшүүртэй, айж, нойргүй хонож, чадах чинээгээрээ нуугдсан. Үүр цайхын үед би тусламж эрж, сум руу явахаар шийдсэн. Гэсэн хэдий ч биеийн байдал маань муудаж, гүйлгэж, бөөлжиж, яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон.

-Өглөө нь яаж эмнэлэгт хүрч очив?

-Тэгээд арайхийж малчин айлд хүрч очсон, тэр хүмүүс надад тусалсан. Тэд намайг эмнэлэгт хэвтэх үед миний эд зүйлсийг, тэр дундаа дугуйг минь хүртэл хадгалж өгсөн. Эмч нар эелдэг, мэргэжлийн байсан. Орон нутгийн эмнэлэгт хоёр хоноод, Улаанбаатар хотын эмнэлэгт очсон. Бие махбодын хувьд ядарч, шингэн алдагдаж байсан ч миний эрүүл мэнд тогтвортой байсан. Хөнгөн экхимозтой (ecchymosis) байсан ч зодуулснаас болж ноцтой хүнд гэмтэл аваагүй. Эмч надад нэн тэргүүнд тайван байж, аяллаа үргэлжлүүлэх талаар дахин бодож үзэхийг зөвлөсөн. Сэтгэл санааны эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих чухал учир аяллаа хойшлуулах хэцүү шийдвэр гаргасан.

-Өөрийг тань зодсон хүнийг цагдаад өгсөн үү?

-Би сумын эмнэлэгт хэвтэж байхдаа намайг зодсон хүний зургийг эмчдээ үзүүлээд “энэ хүнийг таних уу” гэхэд “танина” гэсэн.

-Монголд дахиж ирэх үү?

-Хэцүү үед, хэрэгтэй үед туслаж дэмжсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Монгол гэртээ хүлээж авсан хүмүүсийн энэрэнгүй сэтгэл, эмч нартаа их талархах өртэй би. Тэд энэхүү ярилцлагыг уншиж миний талархлыг олж мэднэ гэж найдаж байна. Монголд хийх аялал маань зогссон ч гэсэн байгалийн үзэсгэлэнт газар, ард иргэдийн халуун дулаан сэтгэлийг мартахгүй. Хэзээ нэгэн цагт, цаг нь болохоор би эргэн ирж энэ гайхамшигт газрын аяллаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та аль улсын иргэн бэ?

-Би канад улсын иргэн. Канадад Québec гэдэг франц нэртэй муж байдаг. Ер нь бол аав маань Бразил хүн.

Н.ВАНЧИН

 

One reply on “Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *