Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Эрдэнэхүү: Өглөө ирээд л бөөн стресс. Өвчтөнүүд эмчилгээ, шинжилгээндээ орж, эмчдээ үзүүлэх гээд хэл ам болж байна DNN.mn

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: “Өглөө ирээд л бөөн стресс. Өвчтөнүүд эмчилгээ, шинжилгээндээ орж, эмчдээ үзүүлэх гээд хэл ам болж байна.  “Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд л энэ ажилчдыг тамлалаа. Энэ программын өөрчлөлтөө нэгмөсөн хийчихээд ажиллуулж болдоггүй юм уу. Эмчийг нь, сувилагчийг нь, цахимыг нь өвчтөнтэй нь нийлүүлж байгаад “тамлалаа.” Өчнөөн хэллээ, бичиг илгээлээ. Одоо болоогүй юм уу. Гэнэт, гэнэт “сюрприз” барина. Тэр биднийхээ мэдрэлийг шалгах нь тасралтгүй хэдэн жил явлаа шүү дээ. Шалгаад болоо баймаар. Ажлаа хийж чаддаггүй юм бол юундаа тэр асуудалтайгаа зууралдаад байдаг юм. Юмыг уул нь гоё хийж болно доо” хэмээн  өөрийн цахим хуудаснаа өчигдөр өглөө хуваалцсан юм. Үүнтэй холбогдуулан ХСҮТ-өөс сурвалжиллаа.


Өдрийн 11:30 минут. Хавдар судлалын үндэсний төвд 8 сартайгаас 80 нас хүртэлх бүхий л насны олон хүн үйлчлүүлэхээр ирсэн байна. Бүртгэлийн дугаараа гартаа атгачихсан, дугаар зарлагчийг хичээнгүйлэн анхааралтай сонсоно. Дээрх насны бүх хүн үзүүлж буй хэрэг биш л дээ. Нэг өвчтөнг гэр бүлийнх нь нэгээс хоёр хүн дагаж явдаг юм билээ. Тэдний дунд аав, ээжийгээ үзүүлэхээр дагуулж яваа ой хүрээгүй хүүхдээ тэвэрсэн эмэгтэй ч байлаа. Өөрийн дугаарыг хүлээнгээ сандал дээр суух нь сууж, зарим нь мөнгө тушаах хэсэгт, нэг хэсэг нь цахим болон утсаар захиалсан эмчийн үзлэгийн цагаа баталгаажуулахаар дугаарлаж харагдана. Ялангуяа даваа гариг бүр эмнэлэг бүрт хүн ихтэй байдгийг ч хэлэх үү, яг энэ үеэр буюу өглөөний 8:3010:20 минут хүртэл цахим бүртгэлийн систем тасалдсан нь иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ авах хугацаа хойшлоход хүрсэн байна. Бүртгэлийн ажилтнууд дарааллын дагуу үйлчлүүлэхийг дугаараасаа өмнө очиж буй хүмүүст шаардана.

Мөн нийгмийн даатгалын мэдээлэл нь харагдахгүй бол өөрөөс нь дахин дахин асуух юм. Төв аймгийн Мөнгөнморьтоос ирсэн гэх эмэгтэй бичиг баримтаа бүртгэлийн ажилтанд өглөө. Бүртгэгч та өөрөө биш юм уу гэхэд эмэгтэй биш гэх нь тэр. Үзүүлэх гэж буй хүнээ суулга гэснээр нөгөө эмэгтэй суудлаасаа босч нөхрөө суулгалаа. Гэвч нөхөр нь бүртгэлийн ажилтны асуултад хариулсангүйд, эмэгтэй хажуунаас нь хариулж эхлэв. Бүртгэгч та “Арьс судлалын үндэсний төвд цаг авч, шинжилгээ өгсөн байна. Тэндээсээ битүүмжлэлээ арилгуулах шаардлагатай, манайх давхар үзэхгүй” гээд бичиг баримтыг нь буцааж өгөв. Эмэгтэй “Арьс судлалд өгсөн шинжилгээний хариу маргааш гарна” гэсээр нөхрөө дагуулан эмнэлгээс гарч одлоо. Энэ битүүмжлэл гэдгийг ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолын шинэчлэлд оруулсан журамд “Даатгуулагч тухайн эмнэлэгт үзүүлээд амбулаторийн цогц үйлчилгээ авахаар битүүмж үүссэн бол өөр газарт үзүүлэх боломжгүй. Цогц үйлчилгээ нь 30 хоногт дуусна” гэж заажээ. Мөн эмнэлгийн цогц үйлчилгээ гэдэгт нь эмчийн үзлэг, оношилгоо шинжилгээ, давтан үзлэг зэргийг хамруулсны дараа битүүмж нь хаагдах аж. Мөн иргэн өөрөө одоо би энэ эмнэлэгт үзүүлнэ, миний битүүмжийг арилгаад өгөөч гэж эхлээд үзүүлсэн газартаа утсаар болон өөрийн биеэр хандах юм байна. ХСҮТ-ийн хувьд 11481322 гэсэн энэ дугаар луу залган иргэд битүүмжээ арилгуулах боломжтой гэнэ.

Хөтөч буюу мэдээллийн ажилтан бүсгүйгээс шинжилгээний хариугаа хаанаас авахыг асуухаас гадна шинжилгээний бичиг, өвчтөний түүх зэргээ барьсан иргэд одоо хаана үзүүлэх, хэдэн давхарт гарах гээд нэг нэгэнгүй асууж шалгаана. Мөн хөтөч бүсгүйгээс өглөө яагаад бүртгэлийн систем тасалдсаныг асуухад “Даатгалын систем тасалдсан” гэсэн хариу өглөө.

М.Наранцэцэг:  Үе үе систем нь гацаадбайдаг нь үйлчлүүлэгч бидэнд ихээхэн хүндрэл учруулж байна

Энэ үеэр тус эмнэлгээр ахыгаа үзүүлээд явж буй Улаанбаатар хотын иргэн М. Наранцэцэгтэй түр ярилцлаа.


-Өглөө системийн асуудал гарсан гэсэн. Та хэдэн цагт эмнэлэг дээр ирсэн бэ?

-Өглөө систем гацсан асуудал гарсан. Хүмүүс нэлээд бухимдаж, бөөн хэл ам болсон. Эмнэлгүүд долоо хоногийн эхний гурван өдөр их ачаалалтай байдаг. Дөрөв дэх, тав дахь өдөр ачаалал нь багасдаг. Хүмүүсийг оочерлож ор гэсэн. Дугаар, номер авдаг нь ч ажилладаггүй юм билээ. Тэгээд ч сүлжээ байхгүй юм чинь яаж дугаар авахав дээ. Би өглөө ахтайгаа 9 цаг өнгөрөөж ирсэн. Нэлээд хүлээж систем нь хэвийн болсны дараа дугаар аваад одоо л эмчийнхээ цагийг авах гээд зогсож байна. Өмнө нь авсан цагаа баталгаажуулж байж, эмч дээрээ орно. Манай ах хэвтэх бичигтэй.

-Таны ах ямар оноштой эмчлүүлж байна вэ?

-Манай ах бүдүүн гэдэсний хорт хавдартай. Хими эмчилгээний оочертоо орох гээд ирсэн байна. Анх үзүүлэхэд хэцүү байсан. Одоо бол харьцангуй гайгүй. Өөрийн гэсэн эмчтэй болсон. Эмчээсээ шууд шинжилгээний бичиг авдаг. Тэгээд заасан хугацаанд нь шинжилгээндээ орох ёстой. Мөн ор хоногийн оочерт ордог. Энэ нь нэлээд хүлээгддэг.

-Ах тань хэзээ хорт хавдартай гэдгээ мэдсэн бэ?

-2023 оны тавдугаар сард шулуун гэдэсний хорт хавдраар оношлогдоод ХСҮТ-д хагалгааны оочерт ороход зургадугаар сарын 10 хүртэл хүлээх шаардлагатай болсон. Тиймээс бид хугацаа алдахгүйн тулд хувийн эмнэлэгт шулуун гэдэсний хагалгаанд орсон ч хавдар дахин сэдэрсэн. Одоо хавдар үсэрхийлж, авах боломжгүй болсноор химийн эмчилгээндээ ороод л явж байна. Химийн эмчилгээ хийлгэснээр ах минь маш их ядардаг.

-Шулуун гэдэсний хорт хавдар нь юунаас болж үүсдэг юм бол?

-Эмч хэлэхдээ бүх төрлийн буруу зуршлаас хорт хавдар үүссэн байх гэсэн. Эхлээд нойр булчирхай гэж оношлогдсон. Өвдөөд л яваад байсан чинь нойр булчирхай биш, хавдар байсныг жил гаруйн дараа буюу хугацаа алдсаны дараа мэдсэн. Томографикт харуулахад гуравдугаар зэргийн шулуун гэдэсний хорт хавдар байна гэсэн. Одоо жил болох гэж байна.

-Та хоёр сүүлд хэзээ химийн эмчилгээнд орсон бэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд химид орсон. Түүнээс 21 хоногийн дараа дахин химийн эмчилгээндээ орох ёстой байдаг. Бид хоёр энэ сарын 8-нд орох байсан ч химийн эмчилгээнээсээ хоцорчихсон яваа.Учир нь номер аваад үзүүлэх гэсээр байтал 21 хоногтоо багтахгүй байна. Ах минь хүнд талдаа байгаа. Эмнэлгийн ачаалал хаа хаанаа их байна. Ялангуяа Хавдрын эмнэлгийн ачаалал бүр их. Мөн тухайн хүний хавдар нь үсэрхийлсэн тохиолдолд богино хугацаанд улам томрох эрсдэлтэй байдаг юм байна. Манай ахынх 3-аас 10 см болтлоо томорсон. Эмч нарын буруу гэж байхгүй л дээ. Эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгааг бид нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна. Дээрээс нь энэ мэтчилэн системийн гэмтэл нь цаг тухайдаа эмчилгээ үйлчилгээгээ аваад явахад ихээхэн саад учруулж байна.

Г.Норовоо: Эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэгбүх эмнэлгүүдэдсистем тасалдсан асуудал үүссэн

Түүнчлэн ХСҮТ-ийн Даатгал статистикийн албаны дарга Г.Норовоогоос тодруулга авлаа.


-Өнөө өглөө/өчигдөр/ сүлжээ тасарсан асуудал гарсан байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Бид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системтэй холбогддог. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа хүний овог нэр, регистр нь зөв байна уу, нийгмийн даатгал нь төлөгдсөн эсэх мэдээллийг E-Mongolai-аар дамжуулан бүх системүүдтэй холбогдож авдаг. Өнөөдрийн /өчигдрийн/ энэ сүлжээний асуудал нь Эрүүл мэндийн даатгалын сервер нь унаснаас болсон гэсэн үг. Учир нь амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч нарт Эрүүл мэндийн даатгалын системтэй холбогдож чадсангүй гэдэг мэдээлэл гарч ирсэн. Хур систем юмуу E-Mongolia-д алдаа гарвал бид мэдэх боломжгүй, мэдээлэл ирэхгүй л дээ.

-Өнөөдөр/өчигдөр/ хэр хугацаанд бүртгэлийн систем саатсан бэ?

-Хоёр цаг орчим систем саатсан. Энэ үед амбулаторийн тусламж үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, шинээр өвчтөний түүх нээлгүүлж хэвтэх гэж байгаа зэрэг хүмүүсийн бүртгэл хийгдэхгүй хоёр цаг орчим болсон. Бид нэн яаралтай хүмүүсээ өглөө шууд хүлээн авсан. Одоо бол эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Өнөөдөр /өчигдөр/ даваа гариг. Ерөнхийдөө долоо хоног бүрийн нэг дэх өдөр эмнэлэг бүр ачаалал ихтэй байдаг. Яг ид ачаалалтай эмнэлэгт хэвтэх түүхээ нээлгэх гээд, эсвэл эмнэлгээс гарах гэтэл, оношилгоо шинжилгээндээ орох болоход эмнэлгийн тусламжаа цаг тухайд нь авч чадахгүй байгаадаа иргэд их бухимдалтай байсан.

-Өмнө нь ийм системийн асуудал гарч байсан уу?

-Үе үе ийм асуудал гардаг. Өнөөдрийн хувьд Эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх эмнэлгүүдэд адилхан систем тасалдсан асуудал үүссэн.

-Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газар руу хандахад тэд юу гэсэн хариу өгсөн бэ?

-Би өглөө хэд хэд залгасан. Манайд Мэдээлэл технологийн алба гэж байдаг. Тэд хаана ямар алдаа байгааг илүү тодруулах үүрэгтэй, хариуцаж ажилладаг гэсэн үг. Тэднээс илүү дэлгэрэнгүй тодруулж болно. Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газраас асуудлаа шийдсэнээр манай эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн.

-Өдөрт танай эмнэлгийн амбулаторид хичнээн хүн хандан үзүүлж байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт 3300 орчим амбулаторийн үзлэг хийгдсэн байна. Өдөрт 700-800 орчим үзлэг хийгдэж байна гэсэн үг. Манайд хавдартай байж болзошгүй болон оношлогдоод эмчлүүлж буй, хагалгааны заалттай, хагалгаанд ороод гарсан хүмүүс эмчлүүлж байна. Өвчлөлийн хувьд элэгний хавдар тэргүүлж, дараа нь уушги, ходоодны хавдрууд орж байна.

Түүнчлэн ХСҮТ-ийн Мэдээлэл технологийн алба руу залгаж лавлахад Эрүүл мэндийн даатгалаас “E Mongolia-гийн мэдээлэл дамжуулах систем нь унасан” гэсэн тайлбар хийснийг хэлж байлаа.

Мөн Эрүүл мэндийн даатгалын Олон нийттэй харилцах лавлах утасны оператор “Хур систем нь мэдээллээ татаагүйгээс E-Мongolia-д алдаа гарсан” гэсэн хариулт өглөө.

Л.Минжмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *