Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бямбасүрэн: Гал түлээгүй байтал ганц хүү минь угаартаж эндлээ DNN.mn

Манай сонин “SOS” булан ажиллуулж эхэллээ. Тусламж хүссэн хэн ч бидэнд хандаж болно. Таны дуу хоолойг бид сонсох ёстой хүмүүс, байгууллагад нь сониноороо дамжуулан хүргэх болно. Энэ удаа харамсалтайгаар угаартаж эндсэн сурагч хүүгийн талаар сурвалжилга бэлтгэн хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын 21-ний өглөөний 10 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруунсалааны автобусны III буудал орчимд эмэгтэй хүн, нэг хүүхэд угаартсан байна гэх дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж ажиллахад Сонгино хайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг эмэгтэй 12 насны хүүхдийн хамт угаартсан байдалтай байсан тул эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна. Харамсалтай нь зургадугаар ангийн хүүхэд энджээ. Эмэгтэйг эмнэлэгт яаралтай хүргэсэн аж. Тэрээр өнгөрсөн баасан гаригт эмнэлгээс гарсан юм. Бид СХД-ийн 41 дүгээр хороон дээрээс сурвалжиллаа.

Дөрөвдүгээр сарын 23-нд бид нийслэлийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургууль дээр хүрч очсон юм. Тухайн үед талийгаач хүүгийн ар гэрийнхэнтэй холбогдох боломжгүй, мэдээлэл хомс байсан учир бид замаараа тус хорооны хэд хэдэн хүнсний дэлгүүрээр орж дээрх харамсалтай хэргийн талаар асууж, тодруулж явлаа.

Нэгэн хүнсний дэлгүүрийн худалдагч “Ээ халаг аа, манай гудамжинд тийм явдал гараагүй. Хэрвээ гарсан бол би заавал мэдэж байх байсан. Урагшаа, хойшоо хоёр гудамжны бүх айлуудаа би таньдаг, мэддэг. Гэхдээ манай охины 124 дүгээр сургууль дээр нэг хүүхдэд зориулсан хандивын аян болж байгаа” гэсэн юм. Биднийг дээрх сургууль дээр очих үед зарим ангийн хүүхдүүд хичээлээсээ тарж байв. Сургуулийн хэд хэдэн хүүхдээс зургадугаар ангийн хүүхэд угаартсан тухай асуухад “Манай сургууль дээр хандивын аян болж байгаа. Учир нь 6А ангийн эрэгтэй хүүхэд угаартчихсан г эсэн. Манай ангийн хүүхдүүд тус бүр хоёр мянган төгрөг хандивлаж байгаа. Зарим анги мянган төгрөг хандивлаж байсан. Нөгөө ангийн хүүхэд болохоор нэрийг нь мэдэхгүй байна. Манай сургууль 6Ё хүртэл бүлэгтэй байдаг болохоор бүгдийг нь сайн танихгүй. Гэхдээ тэр хүүхдийг хэд хэдэн удаа харж байсан” гэж товч хариулав.

124 дүгээр сургууль нь 1900 орчим хүүхэдтэй. Сургууль урд болон ард талдаа орох, гарах хаалгатай. Сургуулийн зүгээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч зэргийг сайн байрлуулжээ. Биднийг очих үед талийгаач хүүгийн ангийнхан хичээлтэй байв. Тухайн үед нийгмийн ажилтан нь ангийн хүүхдүүд болон багштай уулзуулахыг зөвшөөрөхгүй гэв.

Нас барсан хүүгийн ээж Д.Бямбасүрэнг эмнэлгээс гарсны дараа ярилцлаа. Газар дээрх ганц хүүгээ алдсан ээжийн сэтгэлийг бид яахан мэдэх билээ. Тэрээр ярилцлага өгөх үедээ хоолой зангируулж, нулимс дуслуулж байлаа.

————————————————————————————————-

-Таны биеийн байдал одоогоор ямар байна вэ?

-Миний биеийн байдал одоо ч гэсэн таагүй байна. Бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч. Баруун өгзөг маань маш хөндүүртэй байгаа. Үүнээсээ болж доголж алхах болсон.Эмнэлэгт арав хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн.

Эхний хэд хоног эрчимт эмчилгээний тасагт байсан. Тэгээд бие маань дээрдэж эхлэх үед энгийн тасаг руу шилжсэн. Хамгийн гачлантай нь намайг эмнэлэгт хэвтэж байхад хүртэл угаарын хийнээс хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон хүмүүс миний хэвтэж байгаа тасагт ирсээр байсан. Одоо үргэлж ийм доголон болчих вий гэж санаа зовж байна. Угаарын хийнд хүнд хордсон нь цаашид бусад өвчин сэдрэх эрсдэл дагуулна гэж эмч нар хэлсэн.

-Та эмнэлэгт хэд хоног ухаангүй байсан бэ? 

– Эмнэлэгт эхний хоногтоо ухаан ороогүй гэж надад хэлсэн.Би гурав дахь хоногоос яг өөрийн гэсэн эрүүл ухаантай болж эхэлсэн. Эхний гурав хоног өөрийгөө хаана байгааг, эмнэлэгт яагаад очсон гэдгээ огт мэдэхгүй байсан. Намайг хагас дутуу ухаан орсон байх үед ар гэрийнхэн маань хэд хэдэн зүйлс асуусан байсан. Тэдгээр асуултад хариулсан гэдгээ ч огт мэдэхгүй байсан.Тэгээд гурав хоногийн дараагаас л өөрийн гэсэн ухаантай болсон доо. Болсон үйл явдлыг бага багаар санаж эхэлсэн. Эхэндээ угаартаж унасан гэдгээ ч мэдэхгүй байсан.

-Угаартсан орой яг юу болсныг санаж байна уу?

-Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагт хамгийн сүүлд гал түлсэн. Шөнө нь нойтон цастай, бороо орж байсан болохоор шөнийн 12 цагийн үед өрхөө бүтээсэн юм.Мэдээж олон жил гэрт амьдарсан хүн болохоор угаартаж магадгүй гээд унтахдаа гал түлээгүй. Яндангийнхаа хаалтыг хаагаагүй гэдгийг бат хэлье. Хаалтыг нээлттэй орхисон. Орондоо орохоосоо өмнө яндан болон зуухан дээрээ гараа тавьж үзсэн. Аль өдөр 16:00 цагт түлсэн гал унтралгүй яахав. Гараараа яндан, зуухандаа хүрэх үед хөрчихсөн байсан юм шүү. Тэгээд гэрлээ унтраагаад орондоо орсон чинь бараг 30 орчим минут хөрвөөгөөд унтаж чадаагүй. Тухайн үед унтаж чадахгүй байсан болохоор гадаа гарч агаар амьсгалъя гээд орноосоо өндийсөн чинь миний хөл, бие мэдээгүй болчихсон. Орноосоо босоод шууд газар уначихсан. Ухаан алдаагүй, өөрийн гэсэн ухаантай байгаа ч гэсэн бие маань надад захирагдахгүй, 30 орчим минут хөрвөөгөөд унтаж чадаагүй. Тухайн үед унтаж чадахгүй байсан болохоор гадаа гарч агаар амьсгалъя гээд орноосоо өндийсөн чинь миний хөл, бие мэдээгүй болчихсон. Орноосоо босоод шууд газар уначихсан. Ухаан алдаагүй, өөрийн гэсэн ухаантай байгаа ч гэсэн бие маань надад захирагдахгүй, сэрэх билээ. Миний санаж байгаа зүйл бол энэ.  Гал түлээгүй байтал ганц хүү минь угаарын хийнд хордож амь үрэгдлээ.

-Тэгэхээр 16:00 цагаас хойш нэг ч гал түлээгүй, түлээ ч нэмж хийгээгүй гэсэн үг үү?

-Тавантолгойн шахмал түлшинд итгэх итгэл алга. Гал түлж байгаа айл өрхүүд гэлтгүй энэ нийслэл хотод амьдарч байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг шахмал түлшинд даатгах ямар ч боломж алга. Ямар тооцоо судалгаан дээр үндэслэж хийгдсэн байтлаа үнс болтлоо шатаж дууссан хойноо угаартуулдаг байна аа. Энэ хорыг дахиж хэрэглэж яав ч болохгүй. Нөхөр бид хоёр ганц хүүгээ алдлаа. Энэхүү түлшнээс болж дахиж нэг ч хүүхэд битгий амь үрэгдээсэй гэсэндээ ярилцлага өгч байна. Өөрсдөө идэж уугаад сайхан л амьдардаг байх. Гэхдээ хүний алаг үр үүнээс чинь болж амь үрэгдэж байна шүү дээ. Би 16:00 цагт гал түлсэнээсээ хойш унтахдаа огт гал түлээгүй, түлээ ч нэмж хийгээгүй. Мэдээгээр хүмүүс угаартжээ л гэдэг. Гэхдээ хүн ийм зовлон өөрт нь тулж ирэхээс нааш мэддэггүй юм байна. Сайжруулсан шахмал түлшний унтарчихсан хоосон үнсэн дотор задрал явагдаж хий ялгардаг гэж хүмүүс ам дамжиж яриад байсан.

-Таны нөхөр шөнийн ээлжийн ажилтай болохоор тэр шөнө гэртээ байгаагүй гэдэг үнэн үү. Та хоёр угаартсан байхад хэн анх олов?

-Тийм ээ, нөхөр маань шөнийн ээлжийн ажилдаа явчихсан байсан. Өглөө нь ажлаасаа ирэх үед би газар ухаан алдаад уначихсан, хүү минь орон дээрээ амьсгал хураачихсан байсан гэсэн, үнэхээр итгэмээргүй. Инээж хөхрөөд хичээл сургуульдаа явж байсан ганц хүү минь ганцхан шөнийн дотор байхгүй болчихсон байна гэдэг үнэхээр аймшигтай. Намайг ухаан ороогүй байх үед Тавантолгой түлш компанийн хүмүүс манай нөхөр рүү залгаж “Та нарын буруу, өөрсдөө угаарын хий мэдрэгчээ ажиллуулаагүй байсан” гэж дайрсан байсан. Ядарсан, ядуу гэр хорооллын биднийг дээрэлхэх яах вэ. Та нар элэг нэгт монголчууд, ард иргэдээ бодох хэрэгтэй шүү дээ. Хүний алаг үрийг бодох хэрэгтэй.

-Тэгэхээр угаарын хий мэдрэгчээ ажиллуулаагүй байсан юм уу?

-Ажиллуулаагүй байсан биш, ажиллаж байсан шүү. Хүний амьдралд угаарын хийн мэдрэгчээс өөр анхаарах олон асуудал байгаа шүү дээ. Цаг үргэлж өдөр тутам “Энэ эд ажиллаж байна уу” гээд шалгаад хянаад байж чадахгүй. Тэр төхөөрөмж бид хоёрын угаартахаас хэд хоногийн өмнө ажиллаад ёнгинож л байсан юм. Тэгээд яг хамгийн хэрэгтэй үедээ ажилласангүй.

-Угаарын хийн мэдрэгч ажиллаж байгаа эсэхийг шалгадаг хүмүүс танайхаар энэ өвөл шалгалт хийсэн үү?

-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ байхгүй байхад ирээгүй л бол миний мэдэхээр угаарын хийн мэдрэгч ажиллаж байгаа эсэхийг энэ өвөл шалгаагүй.

-Талийгаач хүү ямар хүүхэд байсан талаар асууж болох уу. Ирээдүйд юу хийж бүтээнэ гэж ярьдаг байв?

-Миний хүү эмч болох өндөр магадлалтай байсан. Байгалийн ухааны хичээлдээ маш сайн. Монгол бичгийн хичээлдээ их дуртай, түүндээ чамбай гэж жигтэйхэн, дуртай байхыг нь яана.12 настай хүүхэд гэхэд өргөн цээжтэй, хүндийн өргөлтөөр хичээллэдэг байсан болохоор тийм байх. Боксоор хичээллэнэ. Эрч хүчтэй, амьдралын эрчим энерги сайтай хүү байсан. Энэ эсгий гэрт ганц хүүгийн минь орон зай ямар ч их үгүйлэгдэж байна вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *