Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Баян малчидтай, тансаг цэвэрлэгчидтэй тэдэнд үйлчилдэг улны багш, эмчтэй нийгэм байгуулах гэж байна? DNN.mn

Аливаа улс орны хөгжлийн индекс, ялангуяа хүний хөгжлийнх нь бодит тооцооллыг гаргахад гуравхан хүчин зүйл нөлөөлдөг гэдэг. Үүнд боловсрол, эрүүл мэнд, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ орно. Эдгээр гурван үзүүлэлтээр тухайн улсын хөгжлийн индексийг бүрэн тодорхойлж болдог байна.Тэгэхээр улс орны хөгжил дэвшлийн гол суурь нь боловсрол, эрүүл мэнд гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Дэлхийд хөгжлөөрөө манлайлж байгаа орнуудын жишгийг аваад үзэхээр ерөөсөө боловсрол, эрүүл мэндийн системээ төгс болгож, багш эмчийн нэр хүндийг өндөрт өргөж өгснөөс харагддаг.

Гэтэл Монголд энэ бүхэн урвуугаараа байгаа. Өнөөдөр багш, эмчийн нэр хүнд ямар байгаа билээ. Тэдэнд өгч байгаа цалин, үзүүлж буй хүндэтгэл гэж юу билээ. Ёстой нөгөө улныхан гэгчээр нийгмийг түүчээлэн авч явах сэхээтнүүд шуудхан хэлэхэд “улны” хэмжээнд үнэлэгдэх болсон. Тэгээд ч зогсохгүй сүүлийн үед боловсролтой сэхээтнүүдээ улам дорд үзэж байгаа юм шиг хандлага нийгэмд илт бий боллоо. Төрийг удирдаж буй залуу дарга, сайд нар баян малчдыг, тансаг цэвэрлэгчдийг бий болгохын төлөө хууль боловсруулж, зарим нь хэрэгжээд эхэлж байна.

“Шинэ хоршоо чинээлэг малчин” гэх хөтөлбөр яригдаж бүр хууль болоод батлагдчихлаа. Нэг малчин өрх 50 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой болж байна.200 толгой малтай л бол 30 сая төгрөгийн зээл авна. Уг төсөл хэрэгжсэнээр малын ашиг шимийн 40-50 хувь нь малчдад очно. Ноолуур 1 кг нь 150 мянган төгрөгт хүрлээ гэхэд хоршооны системд шилжсэнээр 80, 100 ам.долларт хүрнэ. Ингэж чинээлэг малчин өрхүүд бий болно. 50 хүртэлх сая төгрөгийн зээл авсан малчид нийлж сумынхаа хэмжээнд малын түүхий эдийг боловсруулах цех үйлдвэртэй болно гэнэ.

Үндсэндээ малчид ажил олгогч эзэд болж, тэнд улны гэгдэх багш, эмч нар ажиллах ийм л харалган систем рүү нийгэм маань орох гээд байна уу даа. Мөн хотын дарга тохижилт үйлчилгээний компанийн ажилчдын цалинг ирэх сарын 1-нээс 3.5 сая төгрөгт хүргэнэ гэж хэлсэн. Автобусны жолооч нар, гудамжны цэвэрлэгчдийн цалин нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ багшийн хөдөлмөр эрхлэн, оюуны баялгаа ирээдүйн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт болгон зүтгэж байгаа багшийн цалин дунджаар 1 сая төгрөг байхад гудамжны цэвэрлэгчийн цалин 3.5 сая төгрөгт хүрнэ гэдэг шударга явдал мөн үү. Эмч, багш нарынхаа цалинг өндөр зэрэглэлд хүргэчихээд цэвэрлэгчийнхээ цалинг нэмэх тухай ярьсан бол ухаалаг шийдвэр байх байлаа.

Ер нь монголчууд бид хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж яваагийн хамгийн бодит жишээ энэ л дээ. Юм л бол эмч, багш нар руу дайрдаг, тэднийг нийгмийн шившиг болгон бах таваа хангах гэж оролддог. Тэр багш, тэр эмч авлига авсан байна гээд л нийгмээрээ уулгалан дайрдаг. Алс ирээдүй, амьдралыг гарт нь атгуулсан багш шавиасаа ганц набор зэргийг авахад яахав дээ. Эрүүл саруул болгоод өгч буй ачит эмчдээ хүн ёсны хувьд баярласнаа илэрхийлэн алгаа тэнийлгэхэд юу нь болохгүй гэж. Ерөөсөө монголчуудын сэтгэхүйд эмч, багшийг дорд үзсэн сэтгэлгээ бодитойгоор оршсоор ирсэн нь аймшиг. Энэ бол маш урхагтай зүйл. Өнгөрөгч сард болсон багш нарын их хурлын үеэр багш нар “Эцэг эхийн дарамтыг тэсэхээ байлаа” гэж аргаа барахдаа төр засагт үнэнээ хэлсэн. Бид бүхний багшид хандаж байгаа хандлага бодитойгоор ийм л байна. Бурхан хүнийг бүтээсэн байж магадгүй, бусдыг нь багш бүтээсэн гэдэг үгийг хүн бүр ухаарч ойлгодог байсан бол Монгол Улс арай өөр байх байсан.

Нийгмийн энэхүү хөлөөрөө толгой хийж ирсэн тэнэгрэлийг улам бататгаж байгаа мэт сэхээтнүүдээ үл хүндэтгэсэн төрийн шийдвэрүүд гарч байгаа нь маш харамсалтай байна. “Гадаад дотоодын хоёр их сургуулийн мастерын зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багш 3 сая төгрөг авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож сэхээтнүүдийг доромжиллоо” гэж ХҮН намынхны үзээд байгаа нь зөв. Үнэхээр тэдний хэлээд байгаа шиг төрийн ажилтны цалин өсөхөд хувийн сектор цалингаа өсгөхгүй бол ажилтнуудаа төрд алдана. Бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болохоор дугаарлана. Нарийн мэргэжил шаардахгүй, гадаад дотоодын их сургуульд суралцах шаардлагагүй амар сайхандаа жаргана.

Ингээд Монгол утгаараа улны улс болно. Тиймээс Монголын сэхээтнүүд, эрдэмтэн судлаачид төр засгийн шийдвэрийн талаар үгээ хэлэх хэрэгтэй байна. Малчдын шинэ хоршоо, цэвэрлэгчдийн цалинг нэмэх энэ бүхэн зүгээр л сонгууль бодож хийж байгаа ажил гэж харагдахаар байна. Сонгуульд аль нэг нам, хувь хүн санал авахад нэг удаадаа хэрэг болоод өнгөрөх байх. Харин улс орны цаашдын ирээдүй, хөгжилд маш хорлонтой. Залуу дарга, сайд нарын хэлж ярьж байгаагаар бол яваандаа улс орныг хэдэн малчин удирдах, жолооч, цэвэрлэгч нар толгой дээгүүр байх ийм л байдалд орох болоод явчихлаа. Ингэхээр энэ улс орон чинь юу болж хувирах юм бэ.

Хүн төрөлхтөн сарыг эзэмших тухай ярьж, ихэнх орнууд байр сууриа бэхжүүлж авах гэж оролдож, ирээдүйд Ангараг гариг дээр амьдрал цогцлоох тухай ярьж байхад, дэлхий нийтээрээ аж үйлдвэрлэлийн IV хувьсгалыг үзэж, техник технологийн дэвшлийг ярьж байхад монголчууд бид хэдэн малчиндаа улс орны хувь заяагаа даатгах тухай яриад сууж байж болох уу. “Орчлонд байгаа энерги болоод матери ихээхэн дутуу байгаа. Үндсэндээ ихээхэн хувь нь мэдэгдэхгүй байгаа. Үүнийг нээх асуудал маш чухал. Хэрвээ хүн төрөлхтөн үүнийг нээсэн цагт одоо байгаагаас илүү технологийн асар их дэвшил гарна.

Сарыг эзэмших ажлаас Монгол Улс хоцорч болохгүй. Сансар судлалд Монгол идэвхтэй оролцох ёстой” хэмээн физикийн шинжлэх ухааны доктор, гавьяат Х.Цоохүү хэлсэн. Дэлхий нийтээр физик, хими, одон орон гээд байгалийн шинжлэх ухааныг чухалчлах болсон энэ үед төр засаг маань боловсрол хэрэггүй мэт ярьж байгаа нь улс орон мөхөхийн цондон.

Сонгуульд санал авахын төлөө улс орныхоо ирээдүйг баллаж болохгүй. Монгол Улсаа хөгжүүлье л гэж бодож байгаа бол монгол хүнээ хөгжүүл. Хүний хөгжлийн тулгуур нь боловсрол, эрүүл мэнд. Тиймээс эмч багш нараа дээдэл, оюун ухааныг дээдэл. Боловсролын, эрүүл мэндийн системээ өөрчил. Дэлхийн улс орнууд явж байгаа тэр жишигт хүргэ. Багш, эмч нар болон сэхээтнүүдийн нэр хүндийг өсгөж, нийгмийн нөлөөг нь өндөр болго. Тэгж байж улс орон жамаараа хөгжинө. Улс орныг боловсролтой, инженер сэтгэхүйтэй, эрдэм чадалтай хүн удирддаг болохыг ард түмэн мэднэ. Аливаа зүйл эрэмбэ дараалалдаа орно. Үүнд сэхээтнүүд ч айж эмээлгүй үгээ хэлж, нийгмийг сэрээж өгөх хэрэгтэй байна. Боловсролыг, оюун ухааныг дээдэлсэн ийм реформ хийхгүй бол монголчууд бид баян малчидтай, тансаг цэвэрлэгчидтэй тэдэнд үйлчилдэг улны багш, эмчтэй нийгэм байгуулан улсаараа мөхөх гэж байна.

Д.Батболд

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *