НҮБ-ын байгууллагын дур зоргоор баривчлан саатуулахаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад ажиллаж, гаргасан дүгнэлтдээ сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ мэтгэлцээнгүй явагдаж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр баталсан юм. Тус хуулийг ирэх наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон цагдан хорих, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгааны асуудлаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд өчигдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээллийн эхэнд “НҮБ-ын байгууллагын дур зоргоор баривчлан саатуулахаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад ажилласан. Улмаар хэд хэдэн дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтэд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ мэтгэлцээнгүй явагдаж байгаа талаар дурдсан.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэлдээ шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний явцад хүний эрх зөрчигдөж буй байдлыг тодорхой дурдаж, эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим хэм хэмжээнд нийцүүлэх талаар 19 саналыг УИХ-д илтгэн танилцуулсан. Улмаар Засгийн газарт чиглэл өгөх тухай 35 дугаар тогтоолыг батлан гаргасан. Комиссоос УИХ-д танилцуулсан зарим онцлог саналыг авч үзвэл, бүх гэмт хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэдэг явдлаас татгалзаж, зөвхөн хорих ял оногдуулж болох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих арга хэмжээ авдаг байх. Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, цагдан хорих үндэслэлийг нарийвчлан хуульчлах, “хойшлуулшгүй” тохиолдолд гэсэн хэт ерөнхий зохицуулалтыг хасах.
Ямар хэрэгт, яагаад баривчилж байгаа шалтгаан нөхцөлийг баривчлах үед нь өөрт нь болон өмгөөлөгчид нь тодорхой мэдэгдэж байх. Баривчлах ажиллагааг шүүх бүрэн хяналтдаа авах, хамгийн богино хугацаанд, ойр байгаа шүүхдээ хүнийг баривчилсан талаар мэдэгдэх байх, цагдан хорих үндэслэлийг талуудад нээлттэй танилцуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх. Хууль бусаар баривчлагдсан гэж үзэж байгаа бол харьяалах шүүхэд гомдол гаргах эрхийг нээх, өөрийг нь баривчилсантай холбоотой баримт материалтай танилцах, хуулбарлан авах. Ажлын бус цагаар, амралтын өдөр баривчилдаг гэх асуудлыг шийдэх үүднээс шүүхийг тасралтгүй, шуурхай ажилладаг болгох, таслан сэргийлэх арга хэмжээний дагнасан шүүхийг байгуулах. Комиссоос шинээр батлагдсан хуулийн үзэл баримтлал, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлтгэл ажлын талаар хийсэн хяналт шинжилгээ, холбогдох байгууллагаас авсан мэдээлэл, иргэд, олон нийтээс ирүүлж байгаа гомдол, мэдээлэлд дүгнэлт хийж үзсэн.
Ингэхэд одоогоор шүүх эрх мэдлийн болон мөрдөх чиг үүргийн байгууллагын алба хаагчдын дунд нэгдсэн болон дотоод сургалт зохион явуулаагүй, энэ талаарх алба хаагчдын мэдлэг ойлголт хангалтгүй байна гэж гарсан. Түүнчлэн хууль хэрэгжиж эхлэхээр практик тогтоно гэсэн хүлээлттэй байгаа нь харагдаж байгаа. Иймд Улсын их хурлын сонгууль, Үндэсний Их баяр наадам, амралтын улирал таарч байгаа зэргээс шалтгаалан хуулийг сурталчлан таниулах хугацаа хязгаарлагдмал байгааг анхаарах нь зүйтэй. Тиймээс тухайн шүүх бүр сэжигтнийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах журмыг урьдчилсан байдлаар боловсруулж, гарч болзошгүй хүндрэлийг шийдвэрлэх хүний нөөц, зохион байгуулалтын арга хэмжээг авах шаардлагатай. Түүнчлэн хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг бүх шатандаа авч хэрэгжүүлэх шаардлага байна. Ингэснээр хүний эрхийг хамгаалах бодит нөхцөлүүд бүрдэнэ” гэлээ.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдтой энэ талаар дэлгэрүүлж ярилцлаа.
-Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үйл ажиллагаа шүүхийн хяналтад байна уу?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд баривчилгааг хоёр төрлөөр хуульчилсан. Нэгдүгээрт шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах. Хоёрдугаарт, хойшлуулашгүй тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах. Мэдээ судалгаанаас харахаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулашгүй тохиолдолд баривчлах арга хэмжээг нийт баривчилгааны 97-98 хувь нь эзэлж байна. Эдгээр нь бүгдээрээ хууль зөрчсөн баривчилгаа биш. Үүнийг бид ялгаж салгаж ойлгох ёстой. Энэхүү хэт өндөр үзүүлэлтээс үзэхэд хавтгайгаар нь энэхүү хуулийн заалтыг удирдлага болгоод баривчлах ажиллагаа явагдаад байгаа юм биш биз гэдэг асуулт тавигддаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шүүх бүх баривчлах ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянаж байх ёстой байдаг. Гэвч өнгөрсөн жилүүдэд шүүхэд хянагдах байдал туйлын хангалтгүй байсан. Шүүхээс хяналтгүй байна гэдэг бол хууль бус байх магадлал өндөр байна гэж Олон улсын байгууллагууд болон ХЭҮК дүгнэсэн. Тиймээс шүүхийн шийдвэргүйгээр баривчлах үйл ажиллагааг шүүхийн хяналтад бүрэн оруулах ёстой. Тиймээс энэхүү асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр орлоо.
-Ямар хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс шүүхийн шийдвэргүйгээр дур зоргоор баривчлагдаж байна вэ. Оргон зайлах, амиа хорлох эрсдэлтэй сэжигтэнүүд үү?
-Хүний амь нас хохироосон, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хохирол учруулах, мансууруулах бодистой холбоотой хэргүүд дээр энэ төрлийн баривчилгаа хэрэглэгдэж байна.
-Иргэн өөрийгөө хууль бусаар баривчлагдсан гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрх нээгдсэн үү?
-Гэмт хэрэг хэзээ ч, хаана ч, ямар ч тохиолдолд гардаг. Үүнийг үйлдэл дээр нь таслан зогсоож баривчлахгүй бол дараагийн хохирол учрах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, хохирогчын эрхийг сэргээхэд саад болдог учраас хэрэгтэнг хойшлуулашгүйгээр шууд баривчлах үйл ажиллагаа дэлхийн бүх улс оронд байна. Гагцхүү шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан талаар маш богино хугацаанд шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Тиймээс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үйл ажиллагааг хийсэн бол богино хугацаанд шүүхэд мэдэгдэх ёстой. Энэ зарчим одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд бүрэн эрх зүйн зохицуулалт нь тусгагдаагүй байсан. Тиймээс УИХ үүнд анхаарч сэжигтэнг баривчлах ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өглөө. Энэхүү хууль хүний эрхтэй холбоотой, маш нарийн хүний эрхийн эмзэг асуудлуудыг хуульчилсан учраас үүнийг хэрхэн ойлгох, яаж хэрэглэх, эдгээрийн ач холбогдлыг хууль хэрэгжүүлэгч албан тушаалтнууд нэг мөр ойлгож байх ёстой.
-Иргэдэд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг таниулах ажил хангалттай явагдаж байна уу?
-Наймдугаар сарын нэгэн хүртэл шинээр мөрдөгдөж эхлэх хуулийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, нэгдсэн ойлголттой болгох хэрэгтэй. Мөн хуулийг үзэл баримтлалаас нь гажуудсан байдлаар тайлбарлаж хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үе шаттай сургалтуудыг зохион байгуулах хэрэгтэй. Харин сургалтуудыг хангалттай сайн зохион байгуулахгүй байна гэж ХЭҮК дүгнэсэн.
-Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж байгаа иргэд өөрсдийн эрхээ мэдэж байна уу?
-Хүн бүр эрүүгийн хэрэгт холбогдож магад гэж бодоод өөрсдөө хууль судлахгүй байх. Гэхдээ иргэн эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдолд мэдээлэл авах бүрэн боломжтой, нээлттэй байх ёстой. Тйимээс хууль зүйн туслалцаа үзүүлдэг байгууллагууд иргэд олон нийт рүү чиглэсэн энэхүү хуулийг сурталчлах, таниулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
-Нэмэлт өөрчлөлтүүдээс энд дурдагдаагүй онцлох өөрчлөлт юу байна вэ?
-Хамгийн том өөрчлөлт нь хууль бусаар баривчлагдсан гэж үзэж байгаа хүн шүүхэд гомдол гаргах эрхийг энэхүү хуулиар нээж өглөө. Иргэн өөрийгөө хууль бусаар баривчлагдсан гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрх нээгдэж байна гэсэн үг. Өмнө нь зохицуулалт тодорхой бус байсан. Сэжигтэнг баривчлах ажиллагаа 48 цагийн хооронд явагдаж байдаг. Хууль эрх зүйн мэдлэгээс хамаарч 48 цагийн хугацаанд хоригдонгоо өөрийнх нь хувийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй байх тохиолдол байдаг.
Өмнө нь миний эрх зөрчигдсөн гээд шүүхэд гомдол гаргах гэхээр үүнийг хэрхэн хянаж шийдвэрлэх вэ гэдэг нь тодорхой байгаагүй. Наймдугаар сараас хэрэгжиж эхлэх хуулиар баривчилгаатай холбоотой гомдлыг арав хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй. Ямар хэрэгт холбогдсон, яагаад баривчлагдаж байгаа гэдгээ тайлбарлуулах эрхтэй. Өөрийг нь баривчилж байгаа үндэслэл, холбогдох материалуудаа гаргуулан авч танилцах эрхтэй болж байгаа юм. Хүний эрх талаасаа маш дэвшилттэй зохицуулалтууд орлоо. Хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын жишигт нийцсэн хууль. Одоо бид тэдгээрт нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай.