Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах тухай асуудлыг хэлэлцжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуулийн 12 тойрог байгуулахаар боловсруулсан байна.
Сонгуулийн тойрог байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулжээ. Тодруулбал хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн зэргэлдээ байхаар, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго зорилтыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн тэнцвэргүй байдлыг бууруулах, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан боловсруулсан байна.
Үүнд:
- Баянзүрх дүүрэг гурван тойрог, арван мандат
- Сонгинохайрхан дүүрэг хоёр тойрог, арван мандат
- Баянгол дүүрэг нэг тойрог, зургаан мандат
- Сүхбаатар дүүрэг нэг тойрог, дөрвөн мандат
- Чингэлтэй дүүрэг нэг тойрог, дөрвөн мандат
- Хан-Уул дүүрэг нэг тойрог, зургаан мандат
- Багануур дүүрэг нэг тойрог хоёр мандат
- Налайх дүүрэг нэг тойрог, хоёр мандат
- Багахангай дүүрэг нэг тойрог, нэг мандат байх аж.
2020 онд нийслэлийн есөн дүүрэг нийт 923,389 сонгогчтой байсан бол 2024 онд урьдчилсан байдлаар 1,092,020 болж өссөн байна.
Нийт сонгогчийн тоо 171,000 буюу 15.7 хувиар нэмэгдсэн. Энэ нь 2024 оны нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийг байгуулахад нэг нэр дэвшигчид ногдох тоог дараах байдлаар тооцоолон гаргасан гэсэн үг.
Сонгогчийн хувьд:
- Баянгол дүүрэг 27,648
- Баянзүрх дүүрэг 27,345
- Сонгинохайрхан дүүрэг 22,148
- Сүхбаатар дүүрэг 25,939
- Хан-Уул дүүрэг 29,155
- Чингэлтэй дүүрэг 25,758
- Багануур дүүрэг 9841
- Багахангай дүүрэг 3023
- Налайх дүүрэгт 13,380 сонгогч байна.
Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид сонгуулийн тойрог тогтоож, мандатыг батлахдаа сонгогчийн тоонд уялдуулах ёстой гэсэн саналыг хэлж байлаа.
Тухайлбал Багахангай дүүрэг нэг мандатад 3,023 хүн байхад Хан-Уул дүүрэг 29,000 буюу арав дахин их хүн амтай байгааг тодотголоо. Улмаар төлөөллийн тоо тухайн тойргийн хүн амтай уялдах нь зөв гэдэг байр суурийг зарим төлөөлөгч илэрхийлж байсан юм.
Тэгвэл зарим төлөөлөгчийн хувьд нийслэлийн төвлөрлийг бууруулах Засгийн газрын бодлогын хүрээнд дагуул хотуудад ногдох мандатын тоог нэмэх ёстойг сануулав.