ГССҮТ-ийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д энэ сарын 27-нд ажиллаж, 180 орчим ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө, сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлжээ.
Тухайлбал, тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, холголт цооролтоос сэргийлэх, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, шээлгүүр солих зэрэг сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Түүнчлэн улсын асрамжид буй ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна сэтгэлийн дэм өгөх зорилгоор ГССҮТ-ийн бүх тасаг, албадаас хандив цуглуулан дархлаа сэргээх аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлс, асаргаа сувилгааны хэрэгслүүдийг гарын бэлэг болгон хүргэсэн юм.
Ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, нэгэн өдрийг хамтдаа хайр хүндлэл, баяр талархал дунд өнгөрүүлсэн уг аянд ГССҮТ-ийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг нараар ахлуулсан 50 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцжээ.
Тус төвөөс БГД-ийн ХХҮХ-тэй хамтран өдгөө найм дахь жилдээ зохион байгуулж буй сайн үйлсийн аянд энэ удаа “Монос Трейд” ХХК-иас туслалцаа үзүүлж, хамтарч ажилласан байна.