Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Английн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон: Би Монголд ирээд үүнийг яриад зогсож байна DNN.mn

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон энэ сарын 25-26-ны өдрүүдэд манай улсад айлчиллаа. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, органик хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Монгол, Британи хоёр улс харилцааны түвшингээ ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх суурь тавигдсанд баяртай байгаагаа илэрхийлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар мөн ярилцсан. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон англи хэл, боловсролын салбарт Британитай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон. Мөн Боловсролын сайд Б.Энх-Амгалангийн хамт 23 дугаар сургуулиар зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцсан. Улмаар тус хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин гурван жилийн 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээр болсныг дуулгав.

“Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал”-д Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ИБУИНХУ-ын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурсан. Замын зураглал нь хоёр орны урт хугацааны харилцаанд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, Иж бүрэн түншлэлд хүргэх, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах суурь баримт бичиг болох юм. Замын зураглалд худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Үүнээс гадна ховор металл, геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтрах тухай баримт бичигт холбогдох албаныхан гарын үсэг зурав.

Энэ үеэрээ “Дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал, ялангуяа ховор металлын чиглэлээр хамтран ажиллах, өөрийн орны нөөц баялгийг тогтооход их чухал үүрэг гүйцэтгэх баримт бичиг болно. Санамж бичгийг байгуулснаар энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хамтран гүйцэтгэх, геологийн шинжлэх ухааны мэдээллийг солилцох, мэргэжилтэн сургах зэргээр хамтран ажиллах боломжийг нээж өгнө” гэдгийг Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг хамтарсан мэдэгдлийнхээ үеэр онцолсон юм.

Дэвид Камерон бол Их Британи улсын Ерөнхий сайдын албыг 2010-2015 оны хооронд хашиж байсан дэлхийн хэмжээний улстөрч. Тийм ч учраас түүний үг үйлдэл, айлчлалууд олны анхаарлын төвд байдаг юм. Үүний дагуу Монгол Улсад хийсэн энэ удаагийн айлчлалыг ч дэлхий нийт чих тавин чагнасан. Тэрбээр энэ удаагийн айлчлалынхаа үеэр олон улс, бүс нутгийн улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн өрсөлдөөн хийгээд Монгол Улсын талаар сонирхол татсан үг хэлсэн. Ингээд түүний эл үгэнд шигтгэсэн ямар, ямар гол мессэж байсныг хүргэж байна.

Тэрээр “Хамтрах улсаа сонгох гэдгийг яг юу гэж ойлгох вэ? Тухайлбал, Хятад, Орос улсууд “Та нар манайхыг л сонгож харьц. Хаалттай байгаа та бүхэн зүгээр л бидэнтэй худалдаа хий. Нээлттэй илүү ардчилсан нийгэм, хууль дээдлэх ёсыг битгий сонго. Манайхантай адил улсаа удирдах дарангуйллын авторитар арга замыг сонго. Украиныг дэмжих хэрэггүй. Түүнийг ОХУ-ын мэдэлд үлдээ. Энэ бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын тухай бус зөвхөн Оросын өөрийнх нь асуудал. Мөн чухал ашигт малтмалын тухайд ч тэд үүнтэй адил зүйлийг ярьж байна. Дэлхийн бусад оронтой бүү харилц, зүгээр л хэрэгцээт ашигт малтмалаа бидэнтэй хуваалц. Улс оронд чинь бодит ашиг тус өгөх Оросын банк, Оросын компанитай харилцаатай байж, хэрэгтэй гэвэл Оросын ажиллах хүчийг л ав гэдэг.

Харин би Орос зэрэг орнуудын асар их шахалт байсан ч англи хэлийг хоёр дахь хэлээ болгохоор шийдсэн, Монголд ирээд үүнийг яриад зогсож байна. Учир нь бид улс орнуудын алинтай нь хамтран ажиллахаа сонгох сонголтын тухай ярьж байна. Үүнд зөв хариулт өгөх нь амин чухал зүйл гэж би бодож байна. Энгийнээр хэлбэл, Их Британи бусад улсуудад “Хэрэв та бүхэн сонголтоо хийхийг хүсч байвал хэрүүл маргааны замыг бус, бид танай улсыг сонголт хийхэд тань туслахад бэлэн байна” гэж өрсөлдөх ёстой гэдгийг санал болгож байна. Бид тэдэнд илүү нээлттэй эдийн засагтай болоорой, алсдаа эдийн засгаа өсгөж, ард түмэндээ хөгжил цэцэглэлтийг авчрах хамгийн зөв гарц болох ардчилсан замыг сонгохыг зөвлөж байна. Энэ нь зөвхөн та бүхний нэр төрд сайнаар нөлөөлөөд зогсохгүй ардчилал, хууль дээдлэх ёс нь хүний хөгжилд тусалж, хүн таны нэр төрийг өргөж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг гэдгийг түүх өөрөө батлан харуулж байна.

Тийм ээ, Украин бол хил хязгаараа хүлээн зөвшөөрүүлж, хүндэтгэхийг хүсэж буй тусгаар тогтносон бүрэн эрхт улс бөгөөд эцсийн дүндээ дэлхийн бүх улс орон, эрх чөлөөт улс бүр үүнийг хүсэхгүй гэж үү? Тиймээс бидний хийх ёстой зүйл бол бид дэлхийн том гүрэн биш байж болох Монголын ч, мөн Төв Азийн бусад хүмүүст сонголт хийх боломжийг санал болгож байгаа явдал юм. Бид тэдэнд хандаж “Бидэнтэй хамтран ажиллаж, бидний эрхэмлэдэг үнэт зүйлс болох нээлттэй байдал, ардчилал, чөлөөт худалдаа, хөгжил цэцэглэлтийг хүртэж, чухал ач холбогдолтой ашигт малтмалын эрхээ хуваалцах боломжтой улс болон компанийг сонгохдоо чөлөөтэй, нээлттэй, ил тод бай, авлигатай тэмц, тэгсэн цагт бид танай улсыг хожиход чинь тусалж чадна” гэж хэлж байна. Бидний ойлголтоор өрсөлдөөнтэй энэ ертөнц дэх өрсөлдөөн гэж үүнийг хэлж байгаа билээ” гэсэн үг нь нийгмийн сүлжээнд олны анхаарлыг ихэд татаад байна..

Орчуулсан

Г.АМАРСАНАА

 

One reply on “Английн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон: Би Монголд ирээд үүнийг яриад зогсож байна DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *