Categories
гадаад мэдээ

Гэнэтийн их хэмжээний цэргийн тусламж DNN.mn

Энэ долоо хоногт АНУ-ын Сенат Украины тусламжийн тухай хуулийг хэлэлцэн баталж ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурна. Учир нь Төлөөлөгчдийн танхим хагас жил саатуулсны эцэст Украиныг шууд болон шууд бусаар дэмжих зорилготой 61 тэрбум орчим ам.доллар хуваарилах тухай хуулийн төслийг олонхын саналаар дэмжин баталсан билээ. Уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын 311 гишүүн дэмжин, 112 нь татгалзсан санал өгсөн бөгөөд Ардчилсан намаас уг чуулганд оролцсон 210 гишүүн бүгд дэмжсэн санал өгсөн байна. Бүгд найрамдахчуудын 101 нь дэмжсэн ч талаас илүү хувь нь буюу 112 Конгрессын гишүүн эсрэг санал өгчээ.

Хууль батлах үйл явц дууссаны дараа Вашингтон хэдэн сарын турш тасалдсан Киевт үзүүлэх цэргийн тусламж сэргэх боломжтой болсон юм. Мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украиныгдэмжих хуулийг нэг багцаар бус тусдаа хууль болгон хэлэлцэж баталсан учир энэ хуулийг Сенат дахин шинээр хэлэлцэн баталж, дараа нь ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурж байж хэрэгжиж эхлэх юм. Тэгвэл Сенатын олонхын удирдагч, Ардчилсан намын гишүүн Чак Шумер олон нийтийн сүлжээнд сенаторууд “эхний санал хураалтаа мягмар гаригт дуусгана” гэж бичжээ. Энэ нь сүүлийн санал хураалт биш ч уг хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан Сенат батална гэсэн үг аж. Дараа нь Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурах ёстой бөгөөд тэрээр “Уг баримт бичиг ширээн дээр ирмэгц нэн даруй баталж гарын үсэг зурна” гэж амлажээ.

Украиныг дэмжих тухай хуулийн төсөлд нийт 60.84 тэрбум ам.долларын зардал багтаж, Киевт нийлүүлсэн АНУ-ын цэргийн хангамжийг нөхөхөд 23,2 тэрбум доллар, Украины цэргийн албан хаагчдыг эх орноос нь гадна сургах, НАТО-гийн зүүн жигүүрийн орнуудад явуулж буй АНУ-ын цэргийн үйл ажиллагаанд 11.3 тэрбум ам.доллар зарцуулах бөгөөд Израильд 26 тэрбум гаруй ам.доллар, Тайваньд найман тэрбум ам.долларын тусламж өгөхөөр болжээ.“Politico” болон “Washington Post” сонинд мэдээлснээр Пентагон Украинд үзүүлэх шинэчилсэн цэргийн тусламжийн томоохон багцыг урьдчилан бэлтгэсэн тул уг төсвийг эцэслэн батлагдмагц Украины армид зэвсэг нийлүүлэхэд долоо хоног хүрэхгүй хугацаа шаардагдана гэжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын шийдвэрийг урьдчилан таамаглаж байсан зүйл” гээд “Энэ нь АНУ-ыг улам баяжуулж, Украиныг улам бүр сүйрүүлж, Киевийн дэглэмийн буруугаас олон украинчуудыг үхэлд хүргэнэ” гэсэн тайлбар хийжээ.

Тэрээр мөн АНУ дахь Оросын засгийн газрын хөрөнгийг хураах өөр нэг хуулийн төслийн тухай “Хэрэв энэ үнэн бол Америк үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Энд ямар нэг түр зуурын арга хэмжээ гэж байхгүй” гэжээ. Мөн ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Украинд үзүүлэх тусламжийн тухай хуулийн талаар “АНУ Украин, Израиль, Тайваньд цэргийн тусламж үзүүлэх нь дэлхийн хямралыг улам хурцатгана. Киевийн дэглэмд цэргийн тусламж үзүүлэх нь террорист үйл ажиллагааг шууд ивээн тэтгэх, Тайваньд цэргийн тусламж үзүүлэх нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Израильд үзүүлэх цэргийн тусламж. Бүс нутагт урьд өмнө байгаагүйгээр нөхцөл байдлыг хурцатгах шулуун зам” гэж өөрийн телеграм сувагт бичжээ. Тэгвэл ОХУ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев “Ихэнх нь тэдний ханаж цаддаггүй цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт орох 61 тэрбум цуст долларыг үл харгалзан бид мэдээж ялах болно. Бидний талд хүч чадал, үнэн байна. Оросын эсрэг шийдвэрийг хараад би АНУ шинэ иргэний дайнд аль болох хурдан ороосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэж өөрийн Telegram хуудсанд бичжээ.

АНУ-ын цэргийн тусламж ийнхүү удаж байж шийдэгдсэн нь Украинд АНУ төдийгүй Европын Холбоо, Их Британи зэрэг бусад ардчилсан улсаас их хэмжээний цэргийн тусламж нэгэн зэрэг авах боломж бий болгов.Энэ нь барууны улстөрчид иргэддээ тэдний татварын мөнгийг дэмий зүйлд зарцуулаагүй гэдгээ батлах боломж олгоно. Өөрөөр хэлбэл, удахгүй болох Европын сонгуулиас өмнө Оросын арми том ялагдал хүлээж, ирэх 11 сараас урд Кремлийн дэглэмийн хувь заяа шийдэгдэж, Оросын нөлөөнд байсан улсууд тэдний “ил жорлон”-гоос үүрд сална гэсэн үг билээ. Учир нь барууны зарим судлаачид ОХУ-ыг “Европын ил жорлонтой үлдсэн ганц улс” гэх болсон билээ.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *