Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайен энэ сарын 17-ны лхагва гаригт Брюссельд эхэлж, хоёр хоног үргэлжлэх жил бүрийн батлан хамгаалах, аюулгүй байдлын дээд чуулганы үеэр “Ирэх таван жилд Европын Холбоо(ЕХ) батлан хамгаалах аж үйлдвэрийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэж мэдэгдэв. Гэсэн хэдий ч энэ үйл явц амаргүй байх болно гэдгийг тэр хүлээн зөвшөөрч “Энэ ажил гишүүн орнууд, байгууллагууд, аж үйлдвэр, хөрөнгө оруулагчдаас Европын батлан хамгаалах шинэ сэтгэлгээ, түүнчлэн Украиныг урт хугацаанд дэмжих улс төр, ёс суртахууны эр зориг шаардах болно. Биднээс гарах зардал буюу Оросыг ялах өртөг нь бидний одоо зарцуулаад буй бүх мөнгөнөөс хамаагүй өндөр байх болно. Гэхдээ Орос ялбал бидэнд ирэх олон аюул заналхийлэл, зөрчилдөөнтэй тулгарах зардал маань Украиныг ялахад зарцуулах мөнгөнөөс хамаагүй их байх болно” гэж хэлжээ. Тэрээр Иранаас Израиль руу хийсэн цохилтыг Тегеран төдийгүй Москва, Пхеньяныг багтаасан “дарангуйлагч эрх баригчдын шинэ лигийн санаа зорилгын эхний дохио” гээд “Оросын Украины эсрэг харгис хэрцгий дайн үргэлжилж, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр эрчимжиж, Ираны өгсөн дронууд өдөр бүр Украины хотуудад цохилт өгч, олон улсын дүрэм, дэг журмыг устгаж, өөр өөр тивүүдийн газрын зургийг дахин зурахыг санаархаж, бидний ардчиллыг устгах гэсэн авторитар удирдагчдын шинэ холбоо ажиллаж байна” гэж мэдэгджээ. Түүний бодлоор Европын Холбооны нутаг дэвсгэр дээр дайн цааш өргөжин гарах нь үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ЕХ-ны орнууд зэвсэгт хүчээ сэргээн босгох, шинэчлэх, түүнчлэн болзошгүй тулалдаанд өөрсдийн материаллаг болон технологийн давуу талаа хангах шаардлагатай байна. Үүний тулд “Европ илүү их хөрөнгө оруулалт хийж Европын батлан хамгаалах төслүүдэд хөрөнгө оруулан аюулгүй байдлын түвшингээ дээшлүүлэхээс гадна ажлын байр, ноу-хау, эдийн засгийн өсөлтийг хангах ёстой. Европын Холбооны бүрэн эрхээ хамгаалах батлан хамгаалах зорилго нь НАТО-г бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж Урсула фон дер Лейен өөрийн илтгэлдээ онцолсон байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар Украинд үзүүлэх цэргийн тусламж, Европын Холбооны ардчиллын эсрэг Оросын хөндлөнгийн оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Энэ чуулганы өмнө танилцуулагдсан санал асуулгын “Евробарометр”-ийн судалгаа Европын Холбооны орнуудын иргэдийн сонгуулийн идэвх таван жилийн өмнөх Европын парламентын сонгуулийн үеийнхээс хамаагүй өндөр байгааг нотолсон нь судлаачдын сонирхлыг татсан байна. Европын Холбооны улсуудын хэмжээнд явуулсан санал асуулгад оролцогчдын 60 хувь нь ирэх зургадугаар сард болох сонгуулийг сонирхож байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь 2023 оны намар болсон өмнөх судалгаанаас 3 хувиар, таван жилийн өмнөх буюу Европын парламентын сонгуулийг европчуудын 49 хувь нь сонирхож байсан үр дүнгээс 11 пунктээр илүү байна. Германд энэ үзүүлэлт сүүлийн таван жилийн хугацаанд 13 хувиар өссөн бөгөөд Европын парламентын сонгуулийн сонирхол нэмэгдээгүй цорын ганц орон Франц болжээ. Оросын Украины эсрэг үргэлжилж буй дайн, мөн Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн хурцадсан зэргээс шалтгаалан Европын сонгуулийн ач холбогдлыг улам бүр бэхжүүлсэн гэж судалгаанд оролцогчдын 81 хувь нь мэдэгджээ. Германд энэ үзүүлэлт 82 хувь байсан бол хамгийн бага буюу 27 хувь нь Францад бүртгэгдсэн байна. Германы иргэдийн 60 хувь нь ЕХ-ны ирээдүйн талаар “нэлээд өөдрөг” эсвэл “маш өөдрөг” гэж хариулсан нь өнгөрсөн намрын судалгаанаас 2 хувиар, харин гурван жилийн өмнөхөөс 12 хувиар их гарчээ. Үүний зэрэгцээ, Европын холбооны орнуудын иргэдийн хувьд ирэх сонгуулийн хамгийн чухал сэдэв нь ядууралтай тэмцэх (санал асуулгад оролцогчдын 33 хувь), нийгмийн эрүүл мэндийн систем (32 хувь), эдийн засаг, шинэ ажлын байр бий болгох (31 хувь), батлан хамгаалах, аюулгүй байдал (31 хувь), уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх (27 хувь) явдал гэсэн бол Европын сонгогчдын хувьд байгаль орчны асуудал гурав дахь байрнаас тавдугаарт орж буурчээ. Харин “Европын парламент ойрын жилүүдэд ямар үнэт зүйлийг хамгаалах ёстой вэ” гэсэн асуултад Европчуудын 47 хувь нь энх тайван, 33 хувь нь ардчилал, 20 хувь нь хууль дээдлэх ёстой гэж үзжээ.
Судалгааг Европын Холбооны 27 орны 26,411хүний дунд явуулсан бөгөөд “Европын баруун жигүүрийн популист намууд суудлын тоогоо нэмэх төлөвтэй байна” гэж дүгнэжээ
Г.АМАРСАНАА