Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Баялгийн сангийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Баялгийн сангийн тухай хуулийн төслийг та хэрхэн дүгнэж байна?

-Гурван чиглэлээр сан байгуулах асуудал яригдсан. Сангийн үйл ажиллагааг Засгийн газрын журмаар зохицуулахаар орж ирсэн. Миний хувьд тийм том сангийн үйл ажиллагааг журмаар зохицуулах нь зохимжгүй гэж харж байна. Хяналт шалгалт нь төдийлөн сайн байж чадахгүй. Журам бол хууль биш. Дуртай үедээ өөрчилж болдог. Хоёрдугаарт, хяналтын болон шилэн байдлыг сайн хангаж өгөх ёстой. Нийгмийн даатгалын хуулийг шинэчилж зохист хэмжээнд аваачиж чадаагүйн гороор иргэд хуримтлалтай болж чадахгүй. Тиймээс эхний ээлжинд нийгмийн даатгалын асуудлыг цэгцэлчихмээр байгаа юм. Нэгдүгээрт, шимтгэлийн хэмжээ өндөр байна гэдэг асуудал гардаг. Хоёрдугаарт, төлж байгаа мөнгө нь татвар шиг яваад орчихдог. Одоо бол хувийн тэтгэврийн санд байршуулах эрх нь хоёр хувь гэж явж байгаа. Уг нь энэ хувь өндөр баймаар байгаа юм. Тэгвэл иргэд хуримтлалтай болчихно.

Баялгийн санг хараад байхгүйгээр ажил хийж байгаад хуримтлалтай болдог тогтолцоо руу шилжих ёстой. Хуримтлалаасаа байр, боловсролын төлбөрийн урьдчилгааг төлж болдог системийг эхлээд хэрэгжүүлэх ёстой байсан. Үүнийгээ хаячихаад баялгийн сан дээр бүх зохицуулалтыг хийнэ гэдэг хууль орж ирлээ. Мэдээж баялгийн тэгш хуваарилалттай холбоотойгоор маш чухал л даа.

-Журмаар зохицуулахгүй гэвэл тусдаа хууль гаргах хэрэгтэй юу?

-Баялгийн сангийн тухай хууль дээр сангийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг маш тодорхой бичиж оруулмаар байгаа юм. Одоо бол Засгийн газрын тусдаа 25 сан бий. Үүний найм нь хуультай. Бусад нь журмаар явдаг. Ийм сан байна гэсэн зүйл байхаас үйл ажиллагаатай холбоотой асуудал нь журмаар зохицуулагддаг. Журмаар зохицуулагдаж байгаа ихэнх сангийн үйл ажиллагаа маш доголдолтой байна. Зарцуулалт нь ч, эргэн төлөлт нь ч. Жишээлбэл, ямар нэг сан зээл биш тусламж байдлаар мөнгө өгчихдөг. Буцаад нөгөө мөнгө нь төлөгддөггүй. Заавал сенсаци болж байж эргэн төлөлт нь хийгддэг асуудал байгаа учраас журмаар зохицуулах нь зохимжгүй байгаа юм.

Хоёрдугаарт, стратегийн ордуудаас тодорхой хэмжээний хувийг нь буцааж төрд авах асуудал яригдсан. Мөн стратегийн ордын хувь эзэмшилтэй холбоотой асуудал сөхөгдөж байна лээ. Хувьцаа эзэмшигч нь максимум 20 хувь байна гэж оруулж ирсэн. Уул уурхай бол олон нийтээс хөрөнгө татаж босгодог бизнес биш. Эрж хайж олоод түүн дээрээ мөнгө босгодог. Тиймээс нэгдүгээрт, хувийг нь 34 дээр барих хэрэгтэй. Тэгэхгүй бол эзэнгүй болчихоор уул уурхайн бизнес доголдож магадгүй гэж харж байна. Хоёрдугаарт, нээлттэй хувьцаат компаниудыг яаж зохицуулах нь тодорхой биш байна. Жишээлбэл, зарим нь гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байвал яах вэ. Түүн дээр байгаа хувьцаанаас нь төр авах гээд байна уу, эсвэл тэр компани нь нэмэлт хувьцаа гаргаж төрд өгөх ёстой юм уу.

Маш ойлгомжгүй зохицуулалт болчихоод байгаа юм. Энэ нь тухайн хувьцааны үнэ ханшид нөлөөлөхөөс гадна тэнд байгаа хувьцаа эзэмшигчид шүүхэд гомдол гаргах, шүүхэд өгөх ч гэдэг юмуу асуудал гарах вий гэсэн санаа зовнил байна. Үүнийгээ эргэж харах ёстой. Хуулийн хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Хэлэлцүүлгийн явцад энэ асуудлыг нарийн зохицуулах нь зохимжтой юм болов уу гэж харж байгаа.

-Дундаж давхаргагүй болсны гор нийгэм, эдийн засгаар дамжиж гарч байна л даа. Тиймээс дундаж давхаргыг тэлэх чухал болчихоод байна. Та тэлэх бодлогыг хэрхэн харж байна?

-Нийгмийн даатгалын хуулийг эргэж харах ёстой. Тэгж байж хүмүүс хуримтлалтай болно. Хоёрдугаарт, бизнесийн орчныг маш эрүүл болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрөөс хамаарах хамаарлыг бага хэмжээнд авч ирэх хэрэгтэй. Хүмүүс бизнес хийж амьдрах боломжийг нь нээж өгөхгүй болохоор бүгд төрөөс хамааралтай болчихоод байна. Бид коммунизмыг үзсэн шүү дээ. Бүх юм төрийнх байсан. Баян хүн байгаагүй. Ихэнх нь дундаас доогуур түвшинд амьдарч байсан. Хувийн өмч гэж байгаагүй.

Гуравдугаарт, ихэнх салбаруудад монополь компаниуд тогтчихоод байна. Тиймээс боломжийг нээлттэй, бүгдэд тэгш хүртээх хэрэгтэй. Хоёрдугаарт инфляци, өөрийн орны валютын худалдан авах чадварыг тогтвортой барих ёстой. Мөн иргэдийн гаргаж байгаа зардлыг аль болох бууруулж байх ёстой. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөний хуулиар монополийг илүү задалж өгөх ёстой болно.

Төсвөөс гарч байгаа мөнгө нь илүү иргэд рүү зориулагддаг байх ёстой. Тухайлбал, гэрээс сургууль цэцэрлэг хол байхаар асар их хэмжээний зардал гардаг. Хүмүүс нарийн тооцож үзэхгүй байж магадгүй. Улаанбаатарын өнөөдрийн нийтлэг төрх бол хаана ч хамаагүй боломжтой газар байр авчихдаг. Хүүхдээ боломжтой газар сургуульд өгчихдөг. Тэр нь гэрээс нь хол байдаг. Түгжрэлтэй, нийтийн тээвэр хөгжөөгүй учраас машин авдаг. Машины хүүд жилд гурав, дөрвөн сая төгрөг төлнө. Хэрвээ гэрийнх нь хажууд сургууль байсан бол машин худалдаж авах шаардлагагүй. Хол болчихоор машин авах болдог. Ингээд зээл авч байгаа юм. Дээр нь зээлийн хүү төлнө. Түлшний зардал гарна. Бид зардал дотор цагийг оруулдаггүй. Мөн цагийн зардал гарна. Түгжрэлээс болоод гэрээсээ нэг хоёр цагийн өмнө гарах болно. Хүүхдээ авахын тулд ажлаасаа мөн эрт гарах шаардлагатай. Ингээд бодохоор өдөрт хэдэн цагийг үргүй зарцуулдаг. Энэ нь амьдралын чанарт нөлөөлдөг. Тухайн хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж, давхар орлого олох цаг хомс болдог. Ажил дээрээ илүү амжилт гаргах цаг нь хомс болчихдог.

Нөгөө талаар хүүхэд хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх боломж ор тас хаагддаг. Ингээд харахаар зардлыг бууруулна гэдэг нь бизнесийн орчныг эрүүл болгож хүмүүсийн орлогоо нэмэгдүүлэх боломж, тэгш өрсөлдөх чадамжийг нээж өгөх, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс урьдчилан сэргийлж татварын болон монополийг задлах бодлогыг эргэж харах хэрэгтэй. Нийгмийн даатгалын хуулиа эргэж харж, төсвийн зарцуулалтыг иргэдийн халааснаас гарч байгаа өрхийн зардлыг бууруулж болох хөрөнгө оруулалт хийх ёстой юм. Ингэж байж иргэдийн халааснаас гарч байгаа зардал багасна. Ингэж байж хуримтлал бий болно.

-Иргэн бүр өнөөдөр хэрэглээний зээлтэй байна шүү дээ. Тэгэхээр хэрэглээний зээлийг хумих бодлого хэрэгжүүлбэл хэр нөлөөтэй бол, буруу юу?

-Хэрэглээний зээлийг хумина гэхээсээ илүү иргэдийн амьдарч байгаа нөхцөл тэрийг шаардаад байгаа юм. Манай эдийн засаг 16-18 тэрбум ам.доллар. Гэтэл сүүлийн жилүүдэд дунджаар 800 саяас нэг тэрбум ам.долларын машин импортолж оруулж ирсэн байна. Тэр машины тос масло, засвар үйлчилгээ гээд үй тоймгүй зардал гарч байгаа. Түгжрэлийн үнэ цэнэ гэдэг нь энэ. Түгжрэлийн шалтгаан нь юу гэхээр сая ярьсанчлан сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг төрийн болон бусад үйлчилгээ гэрээс нь хол, нэг газар төвлөрүүлчихээр тэгж байгаа юм. Тиймээс төрийн болон бусад үйлчилгээнүүдийг задалж гэртэй нь ойрхон болгож хүний машинд суух сэдлийг бага болгож байж машин авахаа болино.

-Өнөөдөр иргэдэд дарамт болж байгаа зүйлийн нэг нь инфляци. Инфляцийг буулгахгүй юм аа гэхэд тогтвортой барих бодлогыг та хэрхэн харж байна?

-Манайх бүтээмжийн хойноос огт хөөцөлдөхгүй байгаа юм л даа. Махны үнийг зохицуулах гэж маш олон жил оролдсон. Сүүлийн 100 жил эрчим хүчийг зохицуулсан. Үүнээс болж тэр салбар нь хөгждөггүй. Нээлттэй үлдээх ёстой. Махны үнэ чөлөөтэй, зах зээлийн жамаар өсөж буурдаг байж малчид олон малын төлөө бус үр өгөөжтэй малтай болно. Нэг килограмм мах нь 1015 мянгын хооронд бариад байхаар малчид олон малтай болж байж орлогоо нэмэгдүүлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Тиймээс чөлөөтэй хаячихвал үнэ нь өснө.

Одоо хотын иргэдийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс малчны НДШийг төлж байгаа. Татварын мөнгөнөөс нь хөөвөр, ноосны урамшуулал өгч байгаа. Тэрийг болих ёстой. Ингээд хотын иргэдийн НДШ-ийг багасгах хэрэгтэй. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн цалингаа нэмэх боломжгүй болчихоод байна. 10 сая төгрөгөөс дээш болчихвол НДШ-ийн 26 хувь дээр нэмэх нь ХХАОАТ 10 биш 25 хувь болж байгаа. Бид иргэдээ аль болох 10 сая төгрөгийн цалинтай болгохын төлөө явах ёстой болохоос ингэж тааз тогтоогоод 50 хувийн татвартай болгочихоор цалин 10 саяас дээш өсөхгүй гэсэн үг.

-Бүтээмж рүү шилжихдээ суурь хөрс бэлдэх ёстой юу. Шууд шилжих боломжтой юу?

-УИХ ч тэр, Засгийн газар ч тэр шийдлээ гаргах ёстой. Өнөөдрийг хүртэл 76 гишүүний 52 нь орон нутгаас сонгогдсон. Тиймээс энэ бодлого өөрчлөгдөхгүй байгаа юм. Бүтээмжийн төлөө явдаг болчихвол өвөл малаа зудад нэрвэгдүүлэхгүй байхын төлөө эртнээс гарц хайна. Малчид ухаантай хүмүүс. Үүссэн нөхцөлдөө өөрсдөө тааруулаад амьдарна. Заавал ч үгүй мянган малтай биш өгөөж өндөртэй 400 малтай болоод зохицуулаад явдаг болно.

Дээрээс нь бид олон жилийн турш импортыг орлуулах чиглэл рүү их явсан. Үүний үр дагавар нь дандаа дэлхийн үнээс үнэтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж байгаа бол экспортын чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлж хэрэгтэй. Тэгж байж үнэ нь дэлхийн зах зээлийн үнээс үнэтэй байхаа болино. Хүнс жаахан өөр. Гэхдээ бид барааны үнийг тогтоох, амьжиргааны түвшинг нэмэгдүүлж, болж өгвөл дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлж байж барааны үнэ дэлхийн стандартаас үнэтэй биш стандартад нийцсэн байна.

-Сонгуулийн халалтын дараа эдийн засаг унах эрсдэлтэй. Үүнд чиглэсэн ажлыг Засгийн газар, УИХ яагаад хийхгүй байна вэ гэсэн шүүмжлэл нийгэмд байна?

-Одоо бол бид дараа гийн уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах мөчлөг дээр ирсэн. Хайгуулын салбараа илүү нээлттэй болгох мөчлөг дээрээ ирчихээд байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалт удахгүй дуусна. Тэгвэл манай гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ маш их буурна. Бид одоо гаргаж байгаа бүтээгдэхүүн маш их хэмжээний хүн хүч, техник, тээврийн хэрэгслээр хийгддэг зүйлийг хөгжүүлээд байгаа. Тиймээс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хиймээр байгаа юм. Мөн логистик, овор хэмжээ жижиг, үнэтэй бараа бүтээгдэхүүндээ хөгжүүлмээр байна. Үүнд уул уурхай гэвэл уран, газрын ховор элемэнт ч байдаг юмуу, энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх цаг нь болчихсон. Тэгж байж дараагийн эдийн засгийн өсөлтийг авч ирнэ.

Гол асуудал нь бидний хамгийн их мөнгө олдог салбар уул уурхай. Бид идэж байгаа хоол руугаа нулимахаа болимоор байна. Тэгж байж цаашдын өсөлт, хөгжлийн тухай ярина. Тэгэхгүй хэдэн нөхдүүд очоод замыг нь хаагаад, төслийг нь зогсоочихож байгаа юм. Үүнээс орж ирэх татварын орлогоор төсөв бүрдүүлдэг. Тэр нь багш, эмч, онцгой байдлын албан хаагчдын цалин болж очдог. Үүнийг зогсоогоод байгаа гэдгээ тэдгээр хүмүүс мэдэхгүй байна л даа. Иргэд бол ойлгоод байгаа юм. Гэхдээ сошиал дээр тролл гэх юмуу, эсвэл улс төрийн зорилго байдаг уу, шантаажны зорилготой ч гэх үү тийм зүйл хүчтэй явж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *