Categories
мэдээ нийгэм

Хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил эхэллээ DNN.mn

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр нараар ахлуулсан таван Ажлын хэсгийг байгуулаад буй.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалангаар ахлуулсан гуравдугаар Ажлын хэсэг  өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг эхлүүллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөө дагуух нэг талдаа 24.1 км нийт 48.2 км трасст хээрийн судалгаа хийнэ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ж.Энхжаргалан “Өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө дагуух хээрийн судалгааг нийслэлийн харьяа 10 гаруй мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамтран хийж эхэллээ. Тус судалгаагаар эдэлбэр газраасаа хэтрүүлэн барьсан хашаа хайс, барилгын өргөтгөл, авто зам болон явган хүний замын эвдрэл гэмтэл, суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц, гудамж талбайд үүссэн хур хог хаягдал, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг гэхчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй бүхий л төрлийн объектын мэдээллийг дэлгэрэнгүй гаргана. Хээрийн судалгаа дууссаны дараа холбогдох иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэх хуудас, зөвлөмж хүргүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авна” хэмээв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос эхэлж буй хээрийн судалгаанд манай байгууллага газрын зөрчил арилгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1-2 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөлт хийнэ. Ийнхүү албадан газар чөлөөлөлтөд гаргасан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Манай байгууллага 200 гаруй албан хаагчтай тул нийслэлийн нутаг дэвсгэрт бүрэн хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс иргэд газартай холбоотой зөрчил, мэдээллийг Засгийн газрын 11-11 төв болон нийслэлийн зөрчил мэдээлэл хүлээн авах 310005 утсаар өгч, гомдол гаргах боломжтой. Бид гомдол мэдээллийн дагуу шаардлагатай шалгалтыг хийж, зөрчлийг арилгуулна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *