Categories
гадаад мэдээ

Олон улсын “Украины шударга ёсыг сэргээх нь” чуулган DNN.mn

Засгийн газар хоорондын 57 улс оролцсон “Украины шударга ёсыг сэргээх нь” чуулган энэ сарын 2-ны мягмар гаригт Нидерландын Гааг хотноо эхэллээ. Украины засгийн газар ОХУ-аас Украинд дайран орж дайн эхлүүлсний явцад үйлдсэн гэмт хэргийн мөрдөн байцаалтын эхний үр дүнг нэгтгэн дүгнэж, буруутай этгээдүүдийг яллах, энэ чиглэлээр олон улсын хүчин чармайлтыг уялдуулах ажил уг чуулганы эхний зорилт болж байна. Чуулганы хоёр дахь зорилт нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн “Энхтайвны томьёолол”-ыг цаашид ахиц дэвшилд хүргэх явдал юм. Киевийн хүсэлтийн дагуу Нидерланд улс энэ үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Одоогийн байдлаар дэлхийн 24 улс орон уг дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг үндэсний хэмжээнд мөрдөн байцаах ажиллагаа явуулж, уг гэмт хэргийн олон улсын мөрдөн байцаах, яллах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа юм. Иймээс энэхүү дайны гэмт хэргийг мөрдөн шалгаж, хариуцлага хүлээлгэх ажлын хүрээнд Оросын цэрэг, улс төрийн удирдлагад зориулсан тусгай шүүх байгуулах тухай олон улсын хэлэлцүүлэг үргэлжилж байгаа аж.

Украины ГХЯ-ны сайд Дмитрий Кулеба энэ асуудлын тухай чуулганы өмнө “Энэ бол хэцүү сэдэв төдийгүй бодитой ахиц дэвшил гараагүй байгаа цорын ганц асуудал” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Олон улсын хэлэлцүүлэгт оролцогчид ирээдүйн шүүх байгуулах асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй. Учир нь уг шүүх олон улсынх байх уу, эсвэл Украины хууль тогтоомжид үндэслэн гадаадын шүүгчдийн оролцоотой “эрлийз” шүүх байх уу гэдэг асуулт гарч ирж байна. Одоо Гааг дахь Украины эсрэг түрэмгийллийн гэмт хэргийг мөрдөн шалгах олон улсын шүүх Оросын үйлдсэн гэмт хэргийн нотлох баримт цуглуулах ажлыг үргэлжлүүлж байгаа ч энэ хэрэгт хэн нэхэмжлэл гаргах ньтодорхойгүй байгаа юм” гэж хэлжээ.

Мөн гуравдугаар сард Украины Ерөнхий прокурор Андрей Костин Брюссельд айлчлах үеэрээ “ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш Украин Оросын 81 дайны гэмт хэрэгтэнд ял оноогоод байна. Үүнээс 17 нь Украинд биечлэн шүүгдэж, хорих ял авсан. Бусад нь Оросын шүүгдэгчид эчнээ ялаар шийтгэгдсэн” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл Киевийн мэдээлснээр, Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш 123 мянга орчим Оросын цэргийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөн Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх Украины хүүхдүүдийг ОХУ-д албадан гаргасан асуудлыг шалгаж байгаа бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг энэ асуудалтай холбогдуулан баривчлах тушаал гаргаад байна.

Гааг хотод болж буй энэхүү чуулган Оросын цэргүүд Украинд учруулсан эд материалын хохирлыг барагдуулах хүсэлт гаргах үйл явц албан ёсоор нээгдэж байгааг зарлав. Тус чуулган “Тусгайлан байгуулж буй энэхүү олон улсын бүртгэл нь Оросоос нөхөн төлбөр авах, Украиныг сэргээн босгох эхний алхам юм” гэж мэдэгдэв. Эхний шатанд Орос Украин руу цэргийн хүчээр дайран орсны улмаас гэр орон нь сүйдсэн, төрөл төрөгсөд нь амь үрэгдсэн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэтээр янз бүрийн хохирол амссан Украины энгийн иргэд хохирлоо олон улсын энэхүү бүртгэлд бүртгүүлж эхлэх аж. Уг бүртгэлийн байгууллагын гүйцэтгэх захирал Маркиян Ключковский Украинд шударга ёсыг сэргээх асуудлаарх чуулганы үеэр“Энэ бол уг бүртгэлд заасан 44 ангиллын эхнийх нь юм. Үлдэж буй бусад ангилал энэ оны эцэс гэхэд өргөдөл гаргах боломжтой болно” гэж мэдэгдэв. Украины Хууль зүйн дэд сайд Ирина Мудра “Украины төрийн цахим үйлчилгээний “Дия” цахим вэб сайтыг ашиглан “хэдхэн товшилтоор” иргэд өргөдлөө гаргана. Гаргасан өргөдөл бүхэн шифрлэгдэн Гааг руу шууд очно. Украины эрх баригчид аль хэдийнэ найман сая орчим өргөдөл хүлээж аваад байгаа бөгөөд энэ бүртгэл нээгдсэнээр энэ тоо цаашид өсч бүх иргэдийг хамрах болно хэмээн таамаглаж байна” гэж хэлжээ. Харин уг бүртгэлийн байгууллагын гүйцэтгэх захирал Маркиян Ключковский “Орос улс Украины эсрэг хийсэн түрэмгийллийнхээ үр дагаврыг төлөх ёстой. Хохирлын бүртгэл нь хэмжээлшгүй их зовлон зүдгүүрийг амсаж буй Украины жирийн иргэдийн итгэл найдварын туяа юм” гэж хэлээд “Эдгээр хохирлыг бүрэн барагдуулахад олон жил шаардагдах болно” гэв.

Украинд учруулсан хохирлын олон улсын бүртгэлийн байгууллага бий болгох шийдвэрийг 2023 оны тавдугаар сарын 17-нд Рейкьявик хотноо болсон Европын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан юм байна. Энэ нь Оросын түрэмгийллийн хохирогчдод нөхөн олговор олгох олон улсын механизмыг бий болгох анхны алхам юм. Энэхүү санаачилгад эхний ээлжинд 40 улс нэгдэж, Киевт уг бүртгэлийн газрыг нээжээ. Одоо уг бүртгэлийн газрын захирлуудын зөвлөл Оросын учруулсан хохирлыг барагдуулах хөрөнгийн эх үүсвэр бий болгох, нөхөн олговрын механизмын тухай гэрээ яаралтай байгуулахыг гишүүн улс орнуудад уриалсан байна.

Энэ зорилгоор барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгийн илүүдэл ашгийг ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд харин Украины тал эдгээр хөрөнгийг бүрэн хураахыг хүсэж байгаа юм.

2 replies on “Олон улсын “Украины шударга ёсыг сэргээх нь” чуулган DNN.mn”

Today, I went to the beach with my children. I found a sea shell and
gave it to my 4 year old daughter and said “You can hear the ocean if you put this to your ear.”
She put the shell to her ear and screamed. There
was a hermit crab inside and it pinched her ear. She never
wants to go back! LoL I know this is completely off topic but I had to tell someone!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *