Categories
гадаад мэдээ

Украинд “KNDS” зэвсэг үйлдвэрлэнэ DNN.mn

Киевт үзүүлэх цэргийн дэмжлэгийг тогтвортой нэмэгдүүлэх зорилгоор Францын “Nexter” компани болон Германы “Краусс-Маффей-Вегманн”-ы хамтарсан “KNDS” зэвсгийн компанийг бий болгож Украинд сум, цэргийн техник хэрэгслийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх охин компани байгуулах шийдвэр гарав. Герман, Францын Батлан хамгаалахын сайд Борис Писториус, Себастьян Лекорну нар Берлинд уулзаж энэхүү хэлэлцээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Себастьян Лекорну сайд “Бид “KNDS” компани Украинд үйлдвэрлэлээ нээх болно гэдгийг зарлаж байна” гээд уг шинэ компани зэвсэг, техник төдийгүй эдгээрийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхэд орон нутгийн иргэдийг ажлын байртай болгоно. Энэхүү зэвсгийн үйлдвэрлэл нь фронтын шугамд ойрхон байх ёстой бөгөөд энэ нь хангамжийн хувьд маш чухал нөхцөл болно” гэж тайлбарлав. Харин Борис Писториус энэхүү төслийн гол зорилго нь Украины армийг сумаар байнга хангахад туслах явдал” гэж мэдэгдэв.

Украин дахь “KNDS”-ийн зэвсгийн үйлдвэр “Цезарь” өөрөө явагч их буу(SPG), “AMX10CR танк”, түүнчлэн 155, 105 мм калибрын их бууны сум үйлдвэрлэх болно гэж Францын телевизийн “BFM” суваг мэдээлсэн бол “Bloonberg” Оросын цэргүүдийн өдөр бүр хэрэглэж буй сумны дундаж хэмжээ нь Украины Зэвсэгт хүчнийхээс 3-5 дахин олон байгаа учир энэ үйлдвэр богино хугацаанд Киевт хангалттай хэмжээний сум нийлүүлэх болно гэж онцолжээ.

Украины шинэ зэвсгийн үйлдвэрийн талбай яг хаана байрлах нь одоогоор тодорхойгүй байна. “BFM” суваг “Энэ газар Оросын пуужингийн бай болж магадгүй. Тийм учраас нууцалж байна. Энэ үйлдвэр үл үзэгдэх, далд үйлдвэр болж магадгүй” гэж мэдээлсэн байна.

Өмнө нь Германы батлан хамгаалахын “Rheinmetall” концерн Украинд сум үйлдвэрлэх үйлдвэр нээхээр төлөвлөж байгаагаа зарлаж, Украины компанитай хамтарсан үйлдвэр байгуулсан бөгөөд ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова хэрэв ийм үйлдвэр баригдвал энэ нь Оросын зэвсэгт хүчний “хууль ёсны бай” болно гэж мэдэгдэж байсан юм.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *