Цагтаа цалгиж (зарим нь одоо ч тоглож байгаа) цалингаа буухаар наргиж явсан дэлхийд данстай лут мундаг хөлбөмбөгчдөөс нэлээн хэд нь сүүлийн үед элдэв хэрэг төвөгт орооцолдож ял эдлэх үүд хаалга нь онгойх гээд тун хэцүү байх шиг. Олны анхааралд маш их өртөж байгаа зарим нэг хэргүүдийг нь тоймлоё.
Данни Алвес
2022 оны арванхоёрдугаар сард Барселон хотын Sutton хэмээх шөнийн клубт нэгэн эмэгтэйг хүчиндсэн гэх хэрэг цагдаад бүртгэгдсэн. Улмаар уг хэргийг Бразилийн хөлбөмбөгийн од Данни Алвес үйлдсэн нь батлагдаж шүүхээс түүнд 4.5 жилийн ял оноолоо. Данни Алвес өөрийгөө хамгаалж мэдүүлэг өгөхдөө тэр эмэгтэй өөрөө зөвшөөрсөн, харилцан тохирцсон гэж байгаа ч хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэг түүнийг нь үгүйсгэсэн байдаг. Алвес өөрөө согтуу байсан, гэмт хэргээ нийтийн бие засах газар үйлдсэн гэх мэт баримтууд нь батлагдсан гэх юм.
Робиньо
Бас л Бразилийн хөлбөмбөгийн од. Цагтаа Реал Мадрид, Ман Сити, Милан багуудад гялалзаж явсан том од. Уг нь гэмт хэргээ тэртээ 2013 онд Италийн Милан хотод үйлсэн юм билээ. Таван найзтайгаа нийлж албани эмэгтэйг хүчирхийлсэн. Хэрэг бишдэх үед оргон зайлж нутаг буцаад одоог хүртэл Бразильдаа орогнож байгаа. Саяхан Милан хотын шүүх түүнд есөн жилийн ял оноожээ. Уг нь Робиньо “би буруугүй, намайг цагаан арьстай байсан бол ингэж гүтгэхгүй” гэх зэргээр удаа дараа ярилцлага, мэдүүлэг өгч байсан ч гэлээ нэгэн найзтайгаа утсаар ярьж буй бичлэг нь энэ бүгдийг үгүйсгэдэг. Тиймээс энэ жилээс эхлэн тэр ялаа Бразильд эдлэхээр болж байна.
Погба
Францын шижир алт гэгддэг Поль Погба даанч нэг асуудалгүй амьдарч чаддаггүй хүн юм аа. 2018 оны ДАШТ-ий алтан бөмбөгийн эзэн,Францын шигшээ багийн гол тоглогч Поль Погба хүний хувьд “чигчий хуруу шигээ өчүүхэн амьтан” гэж ярьдаг. Ганц жишээ татахад л багийн анд Мбаппегийн эсрэг бөө ашиглан хараал илгээсэн, түүндээ их хэмжээний мөнгө төлсөн гэдэг яриа бий. Тэгвэл энэ хүн тестостероний түвшинг нэмэгдүүлдэг DHEA гэдэг сэргээш хэрэглэсэн нь баригдаж дөрвөн жил хөлбөмбөг тоглох эрхээ хасууллаа. Одоо 31 настай гэж бодохоор Ювэнтүүс багийн хөлбөмбөгч маань ингээд дуусч байгаа юм биш үү.
Промес
Квинси Промес гэж Нидерландын шигшээ болон Москвагийн Спартак багт алба хашдаг голланд залуу бий. Ер нь бол Орос нутагт үлдсэн цорын ганц гэж хэлж болох од хөлбөбөмгч. Түүнд ч учир бий. Тэр хэдэн жилийн өмнө дүү рүүгээ хутга барьж дайрсан хэргээр Нидерландын шүүхээс хоёр жилийн ял сонсож нутаг буцалгүй Орост бүгэх болсон. Гэтэл өнгөрөгч жилээс эхлэн түүнийг хар тамхи зөөвөрлөж дамлан зарах хэрэгт буруутгаж эхэлсэн билээ. Бразилиас 1362 кг хар тамхи зөөвөрлөж зарах гэж оролдсон бүлэг гэмт хэрэгтнүүдтэй хуйвалдсан 200 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг Нидерландын шүүх баталсан. Гэтэл тэр Оросоос гардаггүй ээ. Харин өнгөрөгч өвөл Спартак багийн бэлтгэлийн цугларалт Арабын Эмиратад зарлагдах үед “намайг баривчлахгүй биз” гэж баталгаа авч байгаад тийшээ очсон боловч хар тамхины хэрэг сөхөгдөж шоронд орлоо. Одоо Арабын хойгоос хойд Европ руу зөөгдөх цагаа л хүлээх нь.
Эдгээрээс гадна Грийнвуд, Мэнди, Виссам Бен-Йеддер гээд залуучуудын ихэвчлэн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд цуурайтаж байгаад намжсаныг бас сануулъя.
Д.Бат-Эрдэнэ