Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” DNN.mn

Өдрийн сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч, зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэнгийн “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” ном нэмж засварлан гурав дахь удаагаа уншигчдын гарт хүрч байна. Энэ ном одоогоос 25 жилийн өмнө хэвлэгдэж байсан юм. Хэвлэгдэж гарсан даруйдаа шуугиан тарьж уншигчид хошууран уншицгааж бахархан ярилцаж байлаа.

Ялангуяа аав ээжүүд “Хүүхэд номонд оруулдаг ном” хэмээн нэрлэж маш дуртай худалдан авдаг байв. Ном юугаараа ингэж уншигчдын сонирхлыг татдаг юм бэ. Зүгээр л бидний унаган ахуй буюу нийгэмшсэн хүн төрөлхтнөөс өдөр өдрөөр алсран холдож буй байгаль эхийн ааш аяг, зан төрх, амьдралын төлөө уйгагүй тэмцэж байдгийг элдэв чимэггүй харуулснаараа ийнхүү хүмүүсийн сонирхлыг татдаг. Байгаль эх гэж би амьтдыг хэлж байна. Амьтдын сэргэлэн цовоо зан бие биенээ хайрлах зан, амьдралын төлөөх уйгагүй тэмцэл, дээрээс нь өхөөрдөм байдал бас догшин зэрлэг авир нь хүмүүсийн сэтгэлийг хөвсөлзүүлэн татах бөлгөө. Ийм энгийн байдал нь хүүхдүүдэд мөн нөлөөлж тэдний танин мэдэхүй, эх хэлний тансаг үгсээр зүйрлэн өгүүлсэн байгалийн зураглал зэрэг нь унших сонирхлыг өдөөдөг. Мөн уг номд гарч байгаа хүмүүсийн унаган цөлх зан, байгаль эх болон бие биенээ хайрлаж байгаа байдал зэрэг нь бүх насны уншигчдын сонирхлыг татна. Хайр гэж одооны хүмүүсийн ойлгодог шиг дур тачаал, ороо нийллэгийн хайр биш, жинхэнэ байгалиас заяасан нинжин хайрын тухай хэллээ. Жишээ болгон нэг өгүүллэг ярьж өгье. Хүдэр хүндрэлтэй төрдөг аж. Нэг удаа төрж байгаа хүдэр дурандан харсан судалгааны баг явж чадалгүй санаа зовнин бүтэн өдөр уулын тагтад өнждөг. Эсэн мэнд төрөхийг нь үзэх гэж тэр. Хоёр яс бүрэн бүтэн салахыг нь харах гэж тэр юм. Эсэн мэнд төрчихөөсэй янзага, эх нь зүгээр байгаасай гэсэндээ тэнд өдөржин санаа нь зовнин хоорондоо ч юм ярилгүй эзгүй балар ойд сууцгаадаг.

Бараг илүү зан юм, тэдэнд ямар хамаа байхав дээ, хаяад л явчихна биз. Тэнд нэг гөрөөс үхнэ үү яана мөн ч уянгалав аа эд нар гэж хэлэх хүн олон. Гэхдээ бидний унаган зан ийм. Бид яг ингэж хаа хамаагүй зүйлийн тухай санаа зовнин тэдний үйл сайхан зохироосой гэж залбирч явдаг ард түмэн юм. Хүдэр төржээ, янзагаа долоож тэр нь хөх рүүгээ өндөлзөж байгаа нь харагдав. Гөрөөс эсэн мэнд төрж манай багийнхан ч тэрүүхэндээ бужигнаад явчихав. Ач охиноо энх мэнд төрүүлсэн өвөө нар төрөхийн үүдэнд хөл нь хөнгөрөн гүйлдэж байдаг шиг харагдана.

Майхан жодгороо босгож морьдоо аргамжиж, түүдэг галаа асааж хоол хош болоод явчихлаа. Зэрлэг сонгинотой бууз ханхалж пүүгээ болгоны ёроолоос шилтэй цэнхрүүд цэлэлзэн гарч ирж найр наадам эхлүүлжээ. Үүрээр нойрон дунд нэгэн сайхан аялгуу намайг сэрээлээ.

Шувуудын жиргээ, ялааны ч юмуу ямар нэг шавжны яг чихэн дээр өргөх сарчигнасан аялгуу. Ой нилдээ шувуудаар чуулж байлаа. Бас хажууд горхи бүхэн шулганан гялтганана. Дөнгөж мандсан нарны доор ногоохон манан мэт ойгоор бүрхэгдсэн сарьдгууд.

Оройг нь алтадсан мэт сарьдгууд. Мод бүхэн навчсаа дэлгэж их тайгад ганцхан шөнө зун ирээд буучихсан байв аа гэж өгүүлжээ. Хаа хамаагүй амьтны төлөө хөндлөнгөөс баярлаж байгаа хэдэн хүний тухай унших нь яагаад муухай байх билээ.

Ийм л хүүхдийн мэт цагаахан зан авир гардаг болохоор хүүхдүүд унших дуртай байдаг юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *