УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой ярилцлаа.
-Юуны өмнө танд Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Нийт төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн, хамт ажиллаж байсан бүх хүмүүстээ Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе. Ажлын өндөр амжилт хүсье.
-Манай улс батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээрх бодлогоо шинэчлэх ёстой гэдэг асуудал хөндөгддөг. Та Батлан хамгаалахын сайд байсан хүний хувьд үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Тантай өөр сэдвээр ярилцах болов уу гэж бодож байлаа. Монгол цэргийн өдрийг тохиолдуулж ийн асууж байна гэж ойлголоо. Манай батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого нь төрийн томоохон шийдвэрүүд, үзэл баримтлалуудад тулгуурлаж явдаг. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурладаг.
Дэлхийн, өөрийн улс орны, манай орчин тойрны нөхцөл байдлуудаас хамаарч энэхүү үзэл баримтлалууд байнга өөрчлөгддөг. Тэгж ч байх ёстой юм. Тэр тусмаа дэлхийн нөхцөл байдал ингэж өөрчлөгдөж байгаа үед.
Дайн байлдааны нөхцөл байдалд хэрэглэдэг арга хэрэгсэл, стратеги, тактик цоо шинэ болж байгаа энэ үед үзэл баримтлалаа яаралтай шинэчлэх шаардлага бий. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч буюу Ерөнхийлөгчөөс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас энэхүү үзэл баримтлалуудыг шинэчлэх ажил хийгдэж байгаа юм билээ. Үүний дагуу үйл ажиллагаа үргэлжилж явах ёстой юм.
-Та Батлан хамгаалахын сайд байхдаа Монголын зэвсэгт хүчний зэвсэг хэрэгслийг сайжруулах, орчин үеийн зэвсэг техникийг нэвтрүүлэх, дотооддоо өөрсдөө үйлдвэрлэх чиглэлд ихээхэн санаачилгатай ажиллаж байсан. Нээрэн ч өнөөдөр техник хэрэгсэл хөгжиж дроноор хилээ манаж, байлдаж байна. Дотооддоо сум нэвтэрдэггүй хантааз, сум зэвсгээ үйлдвэрлэх таны санаачилга өнөөдөр ямар шатанд яваа вэ?
-Би сайд байхдаа хэд хэдэн зүйл дээр анхаарч байсан. Ер нь орчин үеийн байлдаан явуулдаг, дайн тулааны арга хэлбэр, хэрэглэдэг зүйлүүд маш хурдацтай өөрчлөгдөж байгаа. Зэвсэг техник, хөрөнгө мөнгө сайтай өндөр хөгжилтэй орнууд манайхаас их хол явсан. Үүнийг нуугаад байх шаардлага байхгүй. Гэхдээ улс орон бүр өөрийн онцлогт таарсан батлан хамгаалах хэрэгсэл, тогтолцоотой байх ёстой.
Манайх Үндсэн хуульдаа ч “өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” гэж заасан. Мөн төсөв, мөнгөнийхөө бололцоогоор зэвсэгт хүчнээ байнга ахиулж хөгжүүлж байна. Бүгдийг нь ил тод ярих төвөгтэй. Гэхдээ зэвсэг техникийн болоод цэргийн хамтын ажиллагааны гэрээтэй улс орнуудтайгаа хамтарч зэвсэг техникээ шинэчилж, орчин үеийн болгож байгаа.
Нэг харамсаж явдаг зүйл нь, санхүүгийн нөхцөлөөс зэвсэгт хүчинд хөрөнгө мөнгө хангалттай хэмжээнд гаргаж чадахгүй байна. Жилээс жилд жаахан ахиж байна. Бололцооныхоо хэмжээнд шинээр юмнууд хийхээр оролдож байгаа.
Таны асуултад хоёрхон зүйлээр жишээ татаж хэлье л дээ. Би сайд байхдаа цэргийн салбарт өөрсдийн хийж чадах зүйлээ ахиулах зорилгоор, эрдэм шинжилгээний шинэ зүйл бүтээхээр Цэргийн нэгдсэн сургууль, бусад байгууллагад тодорхой хэмжээний мөнгө тусгасан.
Жишээ нь, манай цэргийнхэн өөрсдөө янз бүрийн зориулалтаар ашиглах дрон гаргаж танилцуулсан. Одоо түүнийгээ нэлээд боловсронгуй болгосон байх. Би сүүлийн үед үзсэнгүй. Бид өөрсдийн гэсэн технологитой болчихвол түүнийгээ үйлдвэрлэдэг технологитой болоход ойрхон байгаа.
Янз бүрийн л дрон байна л даа. Байлдааны том онгоц шиг олон төрлийн үйл ажиллагаатай дроноос эхлээд гараараа жижиг дрон хийж гранат зүүгээд хүний дээрээс хаячихдаг загвар ч байна. Үүнийг Орос-Украины кейсүүдээс харж байна шүү Дээ. Бидэнд хийж чадах юмнууд их бий. Хийх мэдлэг, туршлагатай хүмүүс ч байна. Тэгэхээр үүнийг төрөөс мөнгөөр, бодлогоор дэмжих хэрэгтэй.
Сум хэрэгслийн асуудал ч байна. Бидэнд өвлөгдөж хадгалагдаж ирсэн боломжийн хэмжээний нөөц бий. Гэхдээ олон жил хадгалчихсан. Тиймээс энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргүүдийн хэрэглэж байгаа зарим сум үйлдвэрлэсэн жилээс нь хамаараад нарийн шаардлагад нийцэхгүй байна. Уг нь ашиглаж болно. Гэхдээ НҮБ-ын нарийн шаардлагуудаас болж сүүлийн үед зэвсэг техник, сум хэрэгслийн үнэ нэлээд нэмэгдсэн. Өөрсдөө хийх зайлшгүй шаардлага гарсан. Үүний дагуу гэрээ хэлэлцээрүүдийг хийж, зэвсэг техникийн хамтын ажиллагааны улстай хамтарч сумны үйлдвэр барьж байгаа. Яг ямар шатандаа явааг яамныхнаар яриулсан нь зохимжтой. Ямартаа ч гэрээ хэлцлийг нь хийж, ажил нь эхэлсэн. Үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж нь шийдэгдэж удахгүй манайхан буудлага, зэвсгийн сумаа хийж эхэлнэ. Энэ ажил нэлээд ахисан түвшинд байгаа. Сум үйлдвэрлэнэ гэдэг маш том зүйл.
-Зохион байгуулалтын асуудал мөн хөндөгддөг. Ер нь батлан хамгаалах ажил ямархуу зохион байгуулалттай байх ёстой гэж та хардаг вэ?
-Заавал их хэмжээгээр мөнгө төгрөг зарахгүйгээр боловсронгуй болгох ажил их байна. Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчин өнөөдөр байнгын үүрэг гүйцэтгэж байгаа, цэрэгт алба хааж байгаа, гэрээ контрактаар ажиллаж байгаа хүмүүсээсээ гадна нөөцөд байгаа хэсэг, орон нутгийн хамгаалалтын хэсэг гэсэн хэсгүүдээс бүрддэг. Цэргийнх нь хүчин чадлыг тооцохдоо ч өнөөдөр үйл ажиллагаанд оролцож байгаа, эсвэл бэлэн байгаа, орон нутгийн хамгаалалтад хэдий тооны хүч байна гэдгийг бүгдийг нь тооцож байж тухайн улсын өөрийгөө хамгаалах хүчийг нийт тодорхойлдог тогтолцоотой.
Манай батлан хамгаалах, зэвсэгт хүчний тогтолцоо нэгдүгээрт мэргэжлийн зэвсэгт хүчин. Хоёрдугаарт, дайчилгааны тогтолцоо. Гуравдугаарт орон нутгийн хамгаалалт гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг. Зэвсэгт хүчин гэдэг нь өнөөдөр алба хааж байгаа бүрэлдэхүүн. Үүний 90 орчим хувь мэргэжлийн ахлагч, офицеруудаас бүрддэг. Дайчилгааны тогтолцоо нь ямар үед яаж дайчилгаа явуулж, ямар нөөцтэйгөөр бэлэн байлгах ёстой вэ гэдгийг харгалзаж тодорхой үеүдэд нөхөж байх зориулалттай.
Харин орон нутгийн хамгаалалт гэсэн тусгай хэсэг бий. Тусгайлсан ч хуультай. Би сайд байхдаа санаачлан боловсруулж, УИХ-аар баталгаажуулсан. Орчин үеийн дайнд учиргүй том фронт болоод улс улсаараа өөд өөдөөсөө байлдахаас илүү жижиг жижиг хэсгүүдэд болж байна. Тухайн хэсгүүдэд орон нутгийн хамгаалалттай бэлтгэгдсэн хэсгүүд маш том үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Орос-Украины дайнаас бусад газар өнөөдөр фронтод болоод байлдаж байгаа газар алга. Зэвсэгт мөргөлдөөн дэлхийн олон газар гарч байна. Үүнд тухайн бүс нутагтаа үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн хэсгүүд нь маш том үүрэгтэй оролцож байгаа.
Манайх энэ чиглэлээрх хуулиа гаргаад түүнийхээ дагуу бүх төлөвлөгөөгөө баталж Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар батлуулсан. Жишээ нь, аймаг, нийслэл, сум дээр тусгай бүртгэлтэй бүлгүүд бий. Дасгал сургууль хийгээд нэлээд жигдрээд явж байна. Жилд 1-2 удаа тухайн орон нутгийн хамгаалалтынхан заавал сургуулилт хийдэг. Хүн, техник, зэвсэг техникийн хангамжийг байнгын шалгадаг.
-Тантай ярилцах дараагийн сэдэв УИХ-ын Дэгийн тухай хууль. Энэ удаагийн парламент Үндсэн хуульд тогтолцооны том өөрчлөлтийг хийсэн. Ирэх намрын чуулганаар 126 гишүүн асуудлыг хэлэлцэж батална. Тиймээс УИХ-ын дэг олны сонирхлыг татаж байна?
-Энэ хаврын чуулганаар манай байнгын хороо дараа дараагийн УИХ-д зориулж УИХ-ын тухай хууль, УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Шаардлагатай бол шинэчилнэ. Ажлын дэд хэсгүүд одоогоор анхны хувилбарыг гаргачихсан байгаа. Би үзээд сууж байна. Ерөнхий сайд, УИХ дахь бүлгүүд бусад тодорхой газруудын саналыг нь авч байна.
УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор таны асуудагчлан тэр олон гишүүн хэн нь хэзээ ямар хугацаатай үг хэлэх вэ. Бүгдээрээ үг хэлэх боломжтой юу. Бүгд үг хэлбэл хэтэрхий замбараагүй болчихгүй биз. Ажил удаашралтай, маргаан ихтэй, гараас нь юм гардаггүй УИХ болох вий дээ гэж олон нийт санаа зовж байх шиг байна.
Ер нь манайхаас олон арван, олон зуун жилийн парламентын түүхтэй улс орон их байна. Манайхаас хэд дахин илүү 400, 500 гишүүнтэй парламенттай улс орнууд ч байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой ч холбоотой юм биш, ерөөсөө бусад орны парламентууд, том парламентууд үйл ажиллагаагаа яаж явуулдаг, ямар дэгээр хуралддаг вэ гэдгийг байнга л сонирхож судалж ирсэн.
Сая Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн тоо олон болсонтой холбоотойгоор Герман, Япон, БНСУ гэхчлэн хэд хэдэн орон руу явж зориуд парламентын үйл ажиллагаатай нь танилцаж, ямар ямар хандлага гарч байна гэдгийг нь нэлээд судаллаа. Зарим газраас ирж манайхтай хамтарч ажилласан зүйлүүд бий.
Ер нь зохион байгуулалт хийх, дэгээ өөрчлөх шаардлага байгаа. Одоо бол бүх гишүүд үг хэлэх эрхтэй. Хамгийн цөөхөнтэй гишүүнтэй улс манайх байсан. 126 ч гэсэн томдоо орохгүй. Гэхдээ цаашид бүх гишүүд үг хэлнэ гэвэл гэвэл цаг хугацаа их орсон, аливаа асуудал шийдэгдэхгүй удах эрсдэл бий.
Том парламенттай улс орнуудад нийтлэг ажиглагддаг зүйл нь улс төрийн намуудынх нь бүлгүүд дээр асуудал их төвлөрдөг юм байна. Асуудал оруулахад намын бүлгүүд нь дүгнэлт саналыг хуралдаанаараа зангиддаг. Түүнийгээ тойруулж намынхаа байр суурийг нэг хэсэг нь илэрхийлдэг. Дараа нь тухай тухайн асуудлаар мэргэшсэн байнгын хороодынх нь дүгнэлтийг сонсдог. Дараа нь намын бүлэг дотроос нь тэр асуудлуудаар мэргэшсэн хүмүүсээ сонсдог. Түүнийх нь тоо тогтоочихдог. Бүлгийнхэн энэ хугацаанд ингэж ярина. Засгийн газартаа харьцахдаа ингэж ярина. Байнгын хорооныхоо саналыг ингэж ярина. Тэдэн гишүүн тэдэн минутаар ингэж ярина гээд заачихдаг.
Тэр байтугай зарим улс оронд аливаа хуулийг хэлэлцэхэд энэ хуулийг нийтдээ тэдэн цаг хэлэлцэнэ гээд заачихдаг юм байна. Тиймээс ийм зүйлүүдийг нэлээд тусгана гэж бодож байна. Жишээ нь, энэ хуулийг нийт гурван цаг хэлэлцэнэ гэвэл сунжраад байхгүй ойлгомжтой болчихно шүү дээ. Тухайн гурван цагийг бүлгүүд нь гишүүддээ хувааж яаж үр бүтээлтэй хэлэлцэх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлнэ.
-Тэгэхээр ийм заалтууд орж байгаа гэж ойлгож болох уу?
-Одоогийн байдлаар хуулийн төсөл эцэслэж гараагүй байгаа учраас тэдэн гишүүн, тэдэн минут үг хэлнэ гэж хэлэх боломжгүй байна. Ерөнхий бодлогоо тойрч ярьдаг, өөр зүйл рүү хальж ордоггүй байхаар зохицуулж байна. Шал өөр юм яриад унавал УИХ-ын дарга нь ч юмуу шууд болиулдаг. Удаа дараа зөрчвөл хуралдаанд орох эрхийг хасах ч гэдэг юмуу янз бүрийн арга байдаг юм байна. Зарим улсад УИХ-ын дарга болсон хүн их эрх мэдэлтэй байдаг. Тиймээс тэр хүнийг аль нэг намын талыг төлөөлж дуугараад, зөвшөөрөөд, хориглоод байна гэж харуулахгүйн үүднээс танхимаараа ярьж байгаад УИХ-ын даргаа сонгодог. Тэр хүн намын гишүүнчлэлээсээ татгалздаг ч гэдэг юмуу янз бүрийн арга хэлбэр байдаг юм байна. Би одоо ийм болно гэж хэлж байгаа юм биш. Ийм олон янзын арга хэлбэр байна. Эдгээрээс үр дүнтэй, сайн туршлагыг ашиглаж УИХ-ын Дэгийн тухай хуулийг боловсруулна.
Нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Шинээр байгуулагдсан УИХ бүр дэгээ хэлэлцэх хуультай байдаг. Бид энэ отгон чуулганаар дараагийн УИХ ийм дэгээр явна гэсэн хуулийг гаргана. Тэр хуулийг шинээр байгуулагдсан УИХ дахин хэлэлцэх хуультай. Бид аль болохоор Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурал ямар практикаар явж ирсэн. тулгарсан бэрхшээл сорилтуудыг нь харгалзаж үзнэ. Мөн олон гишүүнтэй, нийтлэг дэгтэй улс орны жишиг юу байна гэдгийг харгалзаж үзээд дараагийн УИХ энэ ийм хэмжээнд явуулбал зөв байна гэж бодохоор тийм Дэгийн тухай хуулийг баталж үлдээнэ. Түүнийг дараагийн УИХ яаж хэлэлцэж, яаж өөрчлөх нь тэдний асуудал байх болов уу.
-Мөн УИХ-ын бүтэц анхаарал татаж байгаа. Хэдэн байнгын хороо байх, хэдэн гишүүнтэй байх гэхчлэнгээр?
-Дараагийн УИХ өөрсдөө хэдэн байнгын хороотой байхаа шийдэж болно. Яагаад ийм практик тогтож ирсэн бэ гэхээр аль ч УИХ тодорхой хөтөлбөр дэвшүүлж гарч ирсэн нам, гишүүдээс бүрддэг. Тэр хөтөлбөрийг гаргасан хүмүүсийг дэмжсэн учраас тэр гишүүд сонгогдсон байгаа шүү дээ. Тиймээс тэр хүмүүс ард түмэнд амласан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх, бодлогоо хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газрын бүтэц ямар байх ёстой вэ гэдгээ шийддэг. Гэхдээ ямар ч улс орны парламентад заавал байдаг байнгын хороод байна л даа. Жишээлбэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо. Төсвийн байнгын хороо. Хууль зүйн байнгын хороо гэхчлэн. Тиймээс нийтлэг эдгээр байнгын хороо аль ч УИХ-д байж таарна.
Олон нийт анзаарсан л байх. УИХ байгуулагдах бүртээ байнгын хороодын тоог нэмж, хасдаг. Ямартаа ч нийтлэг дөрвөөс таван байнгын хороо гарцаагүй байх ёстой. Мөн улсын өөрийн онцлогт тохирсон байнгын хороо заавал байдаг. Тухайлбал, Хөдөө аж ахуй, байгаль орчинтой холбоотой байнгын хороо ч байдаг юмуу. Ингээд 2050, 2030 оны том зорилтууд тавьчихсан. Тэр зорилтуудаас хамаагүй гажиж болохгүй шүү гэдгийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан. Тодруулбал, “Монголын төрийн бодлого төлөвлөлт тогтвортой байна” гэсэн өгүүлбэр оруулсан. Тэгэхээр энэ том зорилтуудын хүрээнд ямар зүйлүүд байна, түүнийг хэрэгжүүлэхэд УИХ ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг бодолцож байнгын хороодын бүтэц чиглэл тодорхойлогдоно.
Одоо бол УИХ-ын нэг гишүүн хоёр байнгын хороонд харьяалагддаг. Ер нь бололцоотой газруудад аль болохоор байнгын хороод мэргэжлийн байх шаардлагатай байдаг. Гишүүд олон байнгын хороонд харьяалагдахаар анхаарал нь сарнидаг. Хүн бүрт туршлага, эзэмшсэн мэргэжил, боловсролтой, мэргэшсэн асуудлууд байдаг. Хэрэв бололцоотой бол нэг гишүүн аль болох өөрийн чаддаг мэддэг асуудалд оролцож төлөвшиж мэргэшвэл УИХ-аас гарч байгаа шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, Тооцоо судалгаатай, үнэмшилтэй, хэрэгжих бололцоотой болоход маш хэрэгтэй. Тиймээс 126 гишүүн хэдэн байнгын хороотой болохоос хамаарч хуваагдах байх гэж бодож байна. Одоо бол нэг байнгын хороонд 20 орчим гишүүн харьяалагддаг. Нэг гишүүн хоёр, гурван байнгын хороонд гишүүнээр байгаа. Жишээлбэл, би Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдлын байнгын хороо, Ёс зүйн байнгын хороонд харьяалагдаж байна. Олон жилийн туршлагаас харахад ингэж олон байнгын хороонд харьяалагдах нь УИХ-ын ажилд төдийлөн таатай биш байдаг юм билээ.
Тиймээс нэг гишүүн цөөхөн байнгын хороонд харьяалагдах санал оруулна. Дараагийн УИХ ямар бүрэлдэхүүнтэй, үзэл баримтлалтай хүмүүсээс бүрдэхийг хэн ч хэлж мэдэхгүй учраас үүнийг дахин ярих боломж байгаа. Эцэст нь нэг зүйлийг анхааруулж хэлэхэд дунд, урт хугацааны бодлого тогтвортой байна гэдгийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Тиймээс аль ч нам сонгуульд орохдоо тэрхүү бодлогодоо аль болох нийцсэн зорилтуудыг дэвшүүлж амлалт авах ёстой. Сонгож гарсан хойноо тэр бодлого руу чиглэсэн, хөгжлийн том асуудал руугаа илүү их анхаарал хандуулах ёстой. Ийм бодлого явуулах хэмжээний байнгын хороод, гишүүдийн тоог тогтоно.
-Иргэдийн 71 хувь улс төрийн намд итгэхгүй байна. 67 хувь УИХ-д итгэхгүй байна гэсэн судалгаа гарчээ. Ер нь төрийн эрх барих дээд байгууллагад, мөн улс төрийн намд иргэд итгэхгүй байх нь ямар урхагтай вэ?
-Маш том урхагтай. Манайх парламентын ардчилсан тогтолцоотой улс. Парламентаа бүрдүүлэхдээ улс төрийн намаар дамжуулж төрөө бүрдүүлнэ гэсэн үзэл баримтлалтай. Үндсэн хуульд ч энэ талаар заачихсан. Тэгэхээр улс төрийн намд итгэхгүй байна гэдэг нь яваандаа парламентын тогтолцоог сулруулах хамгийн том аюул энд оршиж байгаа юм. Тиймээс үүн дээр улс төрийн намууд ямар их хариуцлага хүлээж байгаа вэ гэдгээ ойлгох ёстой. Нэр дэвшүүлэхдээ ч, бодлого боловсруулахдаа ч тэр онцгой анхаарал хандуулах ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихаад араас нь Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд, түүний араас Улс төрийн намын тухай хуулийг яагаад батлав гэхээр улс төрийн нам гэдэг бол олон нийт нэгдэж санал бодлоо илэрхийлж төрөө байгуулахдаа тодорхой бодлого дээр төвлөрүүлж оруулдаг институци. Тиймээс энэ институци маш хариуцлагатай байх ёстой.
Өмнөх Улс төрийн намын тухай хуультай харьцуулахад шинэ түвшинд намуудын хариуцлагыг бэхжүүлсэн хууль болсон. Тиймээс товч хэлэхэд, Монгол шиг оршин тогтнохуйн аюулгүй байдал нь эмзэг улсын хувьд иргэдийн төрд итгэх итгэл алдарна гэдэг нь хамгийн ноцтой эрсдэл. Аюул. Үүнийг улс төрийн намууд сайн ойлгох ёстой. Намууд зөв байж, сайн хөтөлбөр дэвшүүлж байж л тэр итгэлийг сэргээнэ. Тэгэхгүй бол манай төрийн тогтвортой байдал алдагдана. Төрийн тогтвортой байдал доголдоход гадна дотны хүчин зүйлүүд байсаар байгаа. Цаашид ч байсаар байх болно. Үүнд улс төрийн намууд нийгэм, иргэн бүр онцгой анхаарч, сэтгэл зовниж байх ёстой.
Р.ХИШИГЖАРГАЛ