Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голын голдирол руу түрж барьсан барилгыг албадан буулгана DNN.mn

Шар усны үер буух эрсдэлтэй байршлуудад өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны зүүн талд Дунд голын голдирлыг хааж, хашаа барьсны улмаас өнгөрсөн зуны үерээр тус гол гүүр даван үерлэсэн тул голын ай савыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайн орчим дахь бургаснуудыг шилжүүлэхэд байгаль орчны үнэлгээ хийлгэх, зөвшөөрөл авах гэх мэт маш их хугацаа, төсөв шаардагдах тул эхний ээлжид түвшинг нь 1.5 метрээр доошлуулахаар төлөвлөж байгааг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэлж байв.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд байрлах “Дэлгэрэх” хотхоны ойролцоо голын голдирол хаан зөвшөөрөлгүй хашаа барьж, гүүрэн байгууламж, орц гарц хийсэн зөрчил гарсан. Гэвч тус гүүрэн байгууламж нь өнгөрсөн оны үерийн үеэр урссан байдаг. Мөн тухайн байршилд голын голдирол руу түрж барьсан “Эрдэм транс” ХХК-ийн сэндвичин барилгыг буулгах тухай мэдэгдлийг холбогдох байгууллагуудаас таван удаа хүргүүлсэн юм.

Тухайн байршлуудад ажиллах үеэр Хотын дарга Х.Нямбаатар

  • Голын голдирол хааж хашаа, байгууламж барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэх
  • Шаардлага биелүүлээгүй тохиолдолд барилга, байгууламжийг албадан буулгаж, чөлөөлөх
  • Чөлөөлсөн байршилд голын ай савыг тэлж, үерийн даланг бетоноор хүчитгэх
  • Чөлөөлсөн байршил дахь голын голдирлыг хэлбэржүүлэн, хавтанжуулах, далан хүчитгэх ажлын төсвийг яаралтай тооцоолон гаргахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн тэрбээр “Голын голдирол руу олон аж ахуйн нэгж түрж орон барилга барьснаас үүдэж өнгөрсөн зуны үерийн эрсдэл үүссэн. Тиймээс Шарга морьтын гүүрнээс эхлээд Туул, Дунд голтой нийлдэг хэсэг хүртэлх Сэлбэ голын сав газарт байгаа лаг хагшаасыг цэвэрлэх, бургас зөөх, голын голдирол руу шахаж барьсан иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжийг чөлөөлж, даланг өргөсгөн, бетонон хавтангаар хүчитгэх ажилд энэ жил 10 тэрбум төгрөг төсөвлөнө. Иймд голын голдирол руу түрж орон, барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газраа чөлөөлж, нийслэлээс тавьсан шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал” хэмээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *