Categories
гадаад мэдээ

Намын сунгааны наана, цаана… DNN.mn

АНУ-д “Супер мягмар гариг”-т болсон намын сонгуулийн санал хураалтад хуучин болон одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп, Жо Байден нар илт ялалт байгуулав. Трамп зөвхөн Вермонт мужид, Байден Самоа мужид ялагдав. Трамп Флорида дахь Мар-о-Лаго дахь эдлэн дээр өөрийн дэмжигчидтэй уулзахдаа Байденыг АНУ-ын түүхэн дэх “хамгийн муу ерөнхийлөгч” гэж нэрлэв. Харин Байден “Трамп Америкийн ардчилалд заналхийлж байна” гээд “Бид урагшлах уу, эсвэл Дональд Трампыг ерөнхийлөгч болгож эмх замбараагүй байдал, хуваагдал, харанхуй руу орох уу гэдэг сонголтын өмнө ирээд байна” гэж хэлжээ.

Өмнөд Каролина мужийн амбан захирагч асан, НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч асан Никки Хейли Бүгд найрамдах намын сунгаанаас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн ч тэрээр өөрийн намын үлдсэн цор ганц өрсөлдөгч болох Дональд Трампыг дэмжинэ гэж хэлээгүй нь уламжлалыг эвдсэн онцлох явдал болов. Мөн Виржиниа мужид Бүгд найрамдах намын анхан шатны сонгогчдын 40 хувь, харин Хойд Каролина мужид 32 хувь нь дөрвөн ч эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа Трамп гэмтэн болох нь тогтоогдвол ерөнхийлөгч болох ёсгүй гэсэн санал өгсөн нь яах аргагүй анхаарал татсан явдал байв. Иймээс Никки Хейли “Би Бүгд найрамдах намын гишүүн, үргэлж консерватив үзэлтэн байсан бөгөөд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийг үргэлж дэмжиж ирсэн. Гэхдээ яг ийм тохиолдолд яах ёстойг Маргарет Тэтчер “Хэзээ ч олонхын санааг дагаж болохгүй. Үргэлж өөрийнхөө толгойгоор шийд” гэж хэлсэн байдаг гэжээ. Хамгийн гол нь Хейли бусад нэр дэвшигчидтэй адил “Сонгуулийн сунгаанаас гарч байна” гэсэнгүй “Харин одоо кампанит ажлаа түр зогсоох цаг болжээ” гэж хэлсэн нь судлаачдын анхаарлыг гойд татав. Өөрөөр хэлбэл, энэ нь Никки Хейли намын сунгаанаас гарч байгаа ч ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зогсоохгүй гэсэн үг юм. Бас энэ нь түүний баг спонсоруудынхаа үлдсэн мөнгийг буцаан өгөх шаардлагагүй, Хейлигийн цаашдын сонгуульд хэрэглэхээр нөөцөлж байна гэсэн үг аж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа хандиваар цуглуулсан мөнгө нь Байденаас хэд дахин бага болоод буй Дональд Трамп энэ сарын 3-нд нэмэлт мөнгө татах найдлага тээн бизнесмэн Илон Масктай уулзсан болохыг “New York Times (NYT)” болон “Bloomberg” яг энэ үеэр дэлгэж орхив. NYT агентлаг, Флорида мужийн Палм-Бич хотод экс ерөнхийлөгчийн зохион байгуулсан уулзалтад Бүгд найрамдах намын өөр гурван чинээлэг хандивлагч оролцож, Трамп цугларсан хүмүүсийн өмнө Маскийг “магтаж” байсан бөгөөд “Удахгүй бизнесмэнтэй ганцаарчлан ярилцана гэж найдаж байна” гэж хэлсэн хэмээн бичжээ. Харин Трампын кампанит ажилд хөрөнгө оруулахаар шийдсэн эсэхийг асуусан “Bloomberg”-ийн сэтгүүлчийн хүсэлтэд Маск хариу өгөөгүй аж. Эдгээрийг энгийн үгээр тайлбарлавал, Илон Маскын “Tesla” компани үйлдвэрээсээ цахилгаан машинаа шууд хэрэглэгчдэд зарж, засвараа ч өөрсдөө хийдэг учир диллерүүдийн бүлэгтэй том зөрчилтэй байдаг. Гэтэл автомашины диллерүүдийн бүлэг нь Бүгд найрамдах намын том хандивлагчид тооцогддог. Мөн ажилчдын цалин хангамж, ажлын нөхцөлийн асуудлаар Илон Маск Үйлдвэрчний эвлэлтэй асуудалтай байгаа. Энэ бүхэнд АНУ ерөнхийлөгч түүнд тодорхой дэмжлэг үзүүлж чадна. Бас “Google”-ээс авахуулаад АНУ-ын бүх том “IT” компаниуд Ардчилсан намын спонсорууд байдаг. Гэтэл Илон Маск АНУ-ын гол хоёр намд хоёуланд нь хандив өгсөөр ирсэн. Хамгийн гол нь Илон Маск “Украины газар нутгийг Орост өгч дайныг зогсоох ёстой” гэдэг төдийгүй сүүлийн үед мансуурагч болох нь олон нийтэд ил болсон. Бас өнгөрсөн онд Америкийн “New Yorker” сэтгүүл “Илон Маскийн сүүдрийн хаанчлал” нэртэй нийтлэлдээ “Илон Маск АНУ-ын аюулгүй байдал, сайн сайханд аюул учруулж байгаа нь Цагаан ордон болон Пентагоныг улам ихээр түгшээж байна” хэмээн бичсэн нь олон нийтийн дунд жинхэнэ шуугиан тарьсан бөгөөд өнөөдөр Украины дайнд Оросууд түүний “Starlink”-ийг ашиглаж буй нь бас тодорхой болчихсон. Харин мөнгөний асуудалд орчихсон Дональд Трампын хувьд АНУ-ын нэр хүндтэй сонин, сэтгүүлийн эрэн сурвалжлах багийнхан төдийгүй ТТГ Трамп яагаад Путины тухай юм яривал зөвхөн магтаад байдгийн учрыг хайж, олох “Трампыг зүглэсэн Кремлийн мөнгөний мөрийг тодруулах” зорилготой жинхэнэ “тусгай ажиллагаа” эхлүүлээд байгаа билээ.

Уулзалт нь хэвлэлээр ил болсны дараа Илон Маск өөрийн эзэмшлийн “Х” хуудсандаа “АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын алинд нь ч хандив өгөхгүй” гэж мэдэгдсэн ч олон улсын зарим шинжээчид Трамп, Маск хоёрыг тэдэнд талтай ханддаг Путинтэй нь нийлүүлэн “Америкийн эсрэг гурвал” хэмээн бичиж эхэлсэн нь Дональд Трамп төдийгүй Илон Маскын хувьд ч тун таагүй мэдээ юм. Учир нь Кремлийн өгсөн мөнгө ил болж байж л Бүгд найрамдах намын Трампыг дэмжсэн гишүүд Никки Хейлийд санал өгнө. Эд нар дээр нам бусчууд болон Ардчилсан намын зөв сэтгэгчид нэмэгдэж ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах нь бүрэн тодорхой болно. Энэ бүхэн Никки Хейли Бүгд найрамдах намын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татан спонсоруудын мөнгийг хэмнэж, Трампын хэргийг шүүх хурлуудын шийдвэр, намын их хурлаа хүлээх тактикт шилжиж байна гэсэн үг болж таарав. Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль уран сайхны кинонуудаасаа ч дутахгүй адал, явдал дүүрэн өрнөх шинжиндээ шилжив. Тухайлбал, “Супер мягмар гариг”-ийн дүн гарсны маргааш Англи, Уэльсийн Дээд шүүхээс Дональд Трампыг Санкт-Петербург хотын зочид буудалд “бохир бэлгийн харьцаанд орсон” бас “Оросын нууц албаны төөөлөгчөөс хахууль авсан” гэх хэргийн явцад Английн “Orbis Business Intelligence” компанийн шүүх ажиллагаанд гаргасан зардлыг АНУ-ын экс ерөнхийлөгчөөр төлүүлэх шийдвэр гаргав.

Английн алдарт “MI6”-ийн Оросын хэлтсийн дарга асан Кристофер Стилийн байгуулсан “Or­bis” компанийн Трамптай холбоотой арав гаруй бичлэг бүхий материал аль 2016 онд сэтгүүлчдэд хүрсэн боловч шүүх хэрэгсээгүй, найдваргүй мэдээлэл хэмээн тэд нийтэд тараагаагүй юм. Харин 2017 оны эхээр буюу шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнөхөн “BuzzFeed” сайт “Or­bis” компанийн материалыг бүхэлд нь нийтэлсэн нь уг асуудыг шүүх авч хэлэлцэхэд хүргэсэн. Харин шүүх энэ бичлэгүүдийг ориг бус хуулбар байна гэсэн шалтгаанаар Трампт хэрэг үүсгээгүй өнгөрсөн билээ. Иймээс экс ерөнхийлөгч Санкт-Петербург хотын “Москва” зочид буудалд янхнуудад “алтан бороо оруулсан” гэх бичлэгийн улмаас “Orbis”-ийн эсрэг Английн шүүхэд хувийн нууц задруулсан хэмээн нэхэмжлэл гаргасан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард уг шүүхээс Их Британийн “Orbis” компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож, Трамп нөхөн төлбөр авах боломжгүй болсон юм. Тэгвэл Англи, Уэльсийн Дээд шүүхийн шүүгч Карен Стейн “Orbis Business In­telligence” компанийн Трамптай холбоотой хэргээр хуульчдад зориулан гаргасан нийт зардлыг 600 мянга гаруй фунт стерлинг (ойролцоогоор 760 мянган доллар) гэж тооцсон бөгөөд тусгай шүүгч эцсийн шийдвэрээ гаргахаас өмнө Трамп шүүхийн шийдвэрээр 300 мянган фунт стерлинг (380 мянган доллар) “Orbis”-т төлсөн байх ёстой гэж мэдэгдсэн байна. Мөн КГБ-гийн Вашингтон дахь тагнуул асан, АНУ-ын олон улсын судлаач, блогер Юрий Швец “Трампын Кремлийн гарт орсон тухай түүх”-ийг нийтийн сүлжээнд дэлгэн тавив. Ийнхүү “Дональд Трамп Оросоос санхүүждэг” гэх хэрэг дахин сэдрэв.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *