Categories
мэдээ цаг-үе

Далайн БАТБАЯР: ШӨХТГ бол хэрэглэгчийн эрхийг хамгаалдаггүй, компаниудтай л “БАЙЛДДАГ” газар DNN.mn

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зохицуулагч Далайн Батбаяртай ярилцлаа.


-Хэрэглэгчийн эрх ашиг Монголд алга гэчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Эрх нь зөрчигдсөн иргэн сошиалд гомдоллосон пост оруулаад л хэрэглэгчийн эрх дуусчихаж байна. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зохицуулагчаас хамгийн түрүүнд энэ өнцгийг сонирхмоор санагдлаа. Миний хэлсэнтэй та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. Уг нь манай улс хэрэглэгчийн эрхийг аль ерэн оноос хуульчилсан сайн түүхтэй.

Нэг хэсэг нь үндэсний ассациоци, нөгөө хэсэг нь нэгдсэн ассиоци гэсэн нэрийн дор ажиллаж эхэлснээр хэрэглэгчийн эрхийн төлөөх ажил, шийдлүүд үр дүнгүй болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн ажлууд “уначихсан”.

-Хэн нь илүү мөнгө идэх вэ гэдэг уралдаан болоод хувирчихаж дээ…?

-Тэгсэн. Төсвөөс мөнгө авах эрх олгоод тодорхой хэмжээний эрх ашиг, чиг үүргийг хэрэгжүүл гэнгүүт “Өө манайх хэрэгжүүлнэ, бид төсвөөс санхүүжинэ” гээд л хуваагдаад эхэлсэн. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал их зөвөөр, маш эрт эхэлсэн ч үр дүнд хүрээгүй шалтгаан нь энэ.

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХҮЧТЭЙГЭЭР ХӨНДӨЖ ЭХЭЛСЭН УЛСТӨРЧ БОЛ КЕННЕДИ

-Өндөр хөгжилтэй орнуудыг анзаарахад хэрэглэгчийн эрхэд онцгойлон анхаарсан харагддаг. Ер нь дэлхийн улс орнууд хэзээнээс хэрэглэгчийн эрхэд анхаарал хандуулж эхэлсэн байдаг юм бол?

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн хөдөлгөөн буюу консьюмеризм АНУ-д 1920-иод оны сүүлээр өрнөж, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоо 1936 онд байгуулагдсан байдаг. Хуучин консьюмеризмийн сонгодог жишээ, тухайн нийгмийн хамгийн нэр нөлөө бүхий энэ“нийгэмлэг” шинжээчийн үүрэг хүлээж байсан.Энэ холбооны гол үндсэн чиг үүрэг нь, “эрх ашгийн холбоогүй, хөндлөнгийн” лабораториудын тусламжтайгаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чанарын үнэлгээний шуурхай мэдээлэл боловсруулж, олон нийтэд түгээх явдал байсан. Хэрэглэгч, үйлчлүүлэгчийг“ сонголтын чиглэлд” соён гэгээрүүлэх, хэрэглээний соёлд сургахад анхаарч эхэлсэн гэсэн үг. Тэр үед Америкт “худалдан авагчийн лиги”-үүд олноор байгуулагдаж эхэлсэн нь одоогийн“ хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-үүдийн үүсэл байсан гэхэд дэгсдүүлсэн болохгүй.

Хожмоо хэрэглэгчийн эрхийг олон улсын төвшинд анхаарч эхэлсэн 1960-аад онд АНУ-ын ерөнхийлөгч Кеннеди хэрэглэгчийн эрх гэх өнцгийг хөндөж, Америк НҮБ-д нэлээн нөлөөтэй байсан учраас НҮБ-ын бодлогод хэрэглэгчийн эрх ашиг гэдгийг шууд тусгасан байдаг юм.

-Дээр дурдсан НҮБ-ын баталсан зургаан зарчмыг манай уншигчдад сонирхуулаач?

-НҮБ-ын баталсан зургаан зарчмын тухайд ерөнхийдөө тоглоомынхоо дүрмийг баталсан. Хэрэглэгч аюулгүй байдлаа хангуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үндсэн хэрэгцээгээ ямар ч тохиолдолд хангуулах, үнэн зөв мэдээлэл авах, боловсрол эзэмших-танин мэдэх мэдээлэл авах, ямар нэгэн хохирол амсвал эргэн нөхөн төлүүлэх эрхтэй гэсэн зургаан зарчмыг баталсан юм. Улс орнууд эдгээр зарчим дээр үндэслэж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг гэсэн үг.

ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ ӨГӨХ БОЛСНООС ХОЙШ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АЖИЛ “НУРСАН”

-Манай улс хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиа шинэ нийгэмд шилжингүүтээ байгуулсан гэхээр 1990 онд баталжээ дээ?

-Яг батлагдсан он нь 1991. Тэр жил Улсын Бага хурал хамгийн анхны “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль”-ийг баталсан. Хэрэглэгч бол хаан хэмээн ойлголт ноёрхож, суурь нь их зөв тавигдсан. Хожим 2001 онд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн зарим чиг үүргийг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээр гүйцэтгүүлж төсвөөс санхүүжилт олгох тухай 49 дүгээр тогтоолыг Засгийн газар баталсан. Уг тогтоол батлагдсанаар мөнгөний сонирхлын үүднээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан холбоод хоёр хуваагдсан юм. Өөрөөр хэлбэл, энэ үеэс хойш хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажил “нурж”, замаасаа хазайсан. Тэр жилээс эхлэн Засгийн газар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн зарим чиг үүргийг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээр гүйцэтгүүлж эхэлсэн юм. Нэмж сонирхуулахад, үндсэн бодлого, чиглэл нь тодорхой болонгуут Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль үндсэн зарчмаа дагаж 2003 батлагдсан нь одоо ч үйлчилж байгаа. Сүүлийн үеийн шинэ мэдээлэл гэвэл хэрэглэгчтэй холбоотой нэлээн хэдэн хууль өргөн баригдахаар бэлтгэгдэн төслийн хэмжээнд явж байна даа.

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар хамгийн зөв, идэвхтэй ажилласан жилүүд гэвэл та аль үеийг онцлох вэ?

-1991-2001 оны хоорондох 10 жилийн хугацааг онцолно. Учир нь тухайн үед хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр маш их ажил хийгдсэн. Товчхондоо хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хоёр байгууллага 2003 оныхоо хууль зарчмаар нилээн идэвхтэй ажиллаж байгаад 2008 оноос эрч нь суларсан. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаас үүдсэн асуудал л даа.

-Хуульд яг ямар нэмэлт өөрчлөлт оруулсан юм бэ?

-2008 оны нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар гэж байгуулагдсан. Шуудхан хэлчихэд ШӨХТГ байгуулснаар үндсэн зарчмаасаа ухарчихсан.

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын ажил үүрэг энэ хүрээд зогсонги байдалд орсон гэж ойлгож болох уу?

-Ний нуугүй хэлэхэд тийм.

-Сэтгүүлчийн хувьд анзаарахад ШӨХТГ хэдэн компанид дайн зарласан газар шиг л санагддаг. Яг хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийв гээд харахаар гарт баригдаж, нүдэнд харагдах юм байдаггүй?

-ШӨХТГ шударга бус өрсөлдөөнийг зохицуулах зах зээлийн судалгааны газар, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газар, хэрэглэгчийн мэдээллийн төв, өрсөлдөөнийг зохицуулах судалгааны газар, улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг газар. Худалдаа үйлчилгээний.

газрууд нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай хууль гэхчлэн хуулиар олгогдсон эрх ашгийнхаа хүрээнд ажилладаг. Төрийн байгууллага учраас яалт ч үгүй бичиг цаасны л ажил хийдэг. Хуулийг хэрэгжүүлэгч байгууллага болчихонгуут анхны үндсэн буюу НҮБ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зарчим алдагдчихсан. Хэрэглэгчийн хүсэлт саналын дагуу ажиллах боломжгүй болсон гэсэн үг. Үндсэндээ дэлгүүрүүдэд шалгалт хийдэг л ажилтай болсон. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаасаа илүүтэй үнэ барих, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх үүргийг биелүүлдэг.

-“Мобиком”-ыг үнээ буулгаж болохгүй гэж шахаж, “Алтан тариа”-г гурилын үнээ нэмж болохгүй гэж дарамталдаг гээд яривал жишээ олон шүү?

-Монголбанк шиг ажиллаад байгаа биз. Зүй нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлийн

ажил өрнүүлэх учиртай байгууллага шүү дээ. Ийм чиг үүрэгтэй ажиллах ёстой байтал таны хэлсэнчлэн хэдэн компаниуддаа торгууль тавиад л, үнэтэй “байлддаг” газар болоод хувирчихсан. Угтаа шударга өрсөлдөөн үнэ дээр тогтох ёстой атал ШӨХТГ нь үнэ зохицуулдаг газар болчихсон.

-2016 оныг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах жил болгон зарласан санагдаж байна. Тэр жил хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр тоймтой ажлууд хийгдээгүй санагдах юм?

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах жил гэж сонгуультай холбоотой л зарлагдсан байх. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагагүй болчихсон учраас бэлгэ тэмдгийн төдий ажлууд өрнөсөн. Тэр гээд хэлчих тоймтой ажил хийгдээгүй.

ХЭРЭГЛЭГЧДЭД ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХИЙГ ӨӨРСДӨӨ ХАМГААЛАХ ОНЛАЙН ПЛАТФОРМ ХЭРЭГТЭЙ

-Одоо нэг л арга байх шиг. Олон улсын туршлагыг судлаад Монголдоо хэрэгжүүлж болох загварыг сонгож чадвал хэрэглэгчдэд эрхээ хамгаалуулах боломж бүрдэж магадгүй юм. Тийм кейсүүд байвал сонирхуулаач?

-Дэлхийн цөөнгүй оронд төрийн байгууллага нь тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхдээ төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг жишиг бий. Олон улсын байгууллагууд нь компаниудын монопольчлолд анхаарч, зах зээл дээр тэгш өрсөлдөөнийг бий болгох чиглэлд ажилладаг. Манайх шиг Засгийн газар нь ШӨХТГ гэж байгуулангуутаа, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын ажиллах орчныг хязгаарлачихдаггүй.

-Бүгдийг төрөөс зохицуулах,төрд төвлөрүүлэх ажил улам тэлээд байгаагийн бас нэг жишээ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал болчихлоо. Ингэхэд ШӨХТГ-тай ижил бүтэц хөгжилтэй орнуудад байдаг уу?

-Бүх юмыг төрөөс төвлөрүүлдэг гажуудал 2008 оноос эхэлсэн. Олон улсад төр нь тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Гүйцэтгэх үүргүүд нь ч тодорхой байдаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах дээр гэхэд л төрийн бус байгууллагууд нь хэрэглэгчийн эрх ашиг хангагдах талаас иргэдийг төлөөлж, өөрийн гэсэн тод оролцоотой ажилладаг. АНУ-д ч Шударга өрсөлдөөний газар бий. Төрийн оролцоотой ч хажуудаа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага нь тусдаа ажиллаад явдаг. Германд гэхэд л үйлчилгээнд онлайн орчныг ашиглан стандартаа тогтоодог. Тухайн үйлчилгээний байгууллагын стандарт, үйлчилгээ ямархуу вэ гэдэг дээр үйлчлүүлсэн иргэд нь ревью бичээд явдаг. Тэр нь бүр соёл, дадал, жишиг болчихсон. Жишээ нь, би үсээ засуулах гэж байгаа бол интернэтэд ороод хүмүүсийн ревьюг харчихна. Өдрийн хоол идэх газраа ч бусдынхаа ревьюг хараад сонгочихно. Иргэдийн сэтгэгдэл, ревьюгаар үйлчилгээний байгууллагын стандартыг тогтоодог. Тэр орчныг төрөөс нь бүрдүүлээд өгчихнө. Төрийн үүрэг ердөө л энэ байх жишээний. Манайхан шиг энд тэндээс заавал нэг байцаагч ирээд шалгаж, үнэлэх шаардлагагүй. Хамгийн шударга орчныг бүрдүүлсэн байгаа биз. Зах зээлээ хэрэглэгч өөрсдөө үнэлчихнэ, эрх ашгаа өөрсдөө хамгаалчихна. Дараагийн орж ирэх хүнд “Энэ чинь ийм газар шүү” гэсэн мэдээллийг өгнө гэдэг маш зөв шийдэл.

-Онлайн орчинд ревью үлдээх хэлбэрээр хэрэглэгч эрхээ хамгаалуулна гэдэг тун аятайхан шийдэл санагдлаа. Төрөөс яг ийм орчныг бий болгоход анхаармаар юм байна. Одоо бол компани бүр өөрсдөө пэйж хуудастай, тэр хуудсанд нь бүтээгдэхүүн үйлчилгээг нь шүүмжилсэн коммент үлдээвэл устгачихаад байгаа нь анзаарагддаг…?

-Иргэдийн бичсэн ревью устгагддаггүй платформ хийчихэд л хэрэглэгчид өөрсдийнхөө эрхийг өөрсдөө хамгаалаад явчихна. Маш ухаалаг шийдэл л дээ. Хэрэглэгчийн идэвх санаачилгатай шууд холбоотой ажил. Үйлчлүүлсэн газрынхаа талаар үлдээсэн сэтгэгдэл чинь өөр бусдыг сонголтоо зөв хийхэд нөлөөлнө. Өөр бусад хүмүүсийн үлдээсэн сэтгэгдэл чамайг зөв сонголт хийхэд нэмэр болно. Энэ мэтээр харилцаагаа хөгжүүлээд явчихаар дагаад зах зээл нь хөгждөг эерэг талтай.

-Судалгаанаас харахад манайхны сошиал хэрэглээ өндөр үзүүлэлттэй гардаг юм билээ?

-Харамсалтай нь манайхны сошиал хэрэглээ шар сонины хэмжээнд л байгаа. Хэрэглэгчийн эрхтэй холбоотой санаа зовоосон асуудлын уг суурь нь иргэдийн боловсрол. Бүх юм явж явж нэг цэг дээр очдог гэдэг шиг иргэдийн боловсрол хэрэглээтэй холбогдчихоод байгаа юм. Юм болгон шар сонины сенсацитай мэдээ, нүүр номын сэтгэл хөдлөл давамгайлсан постын хэмжээнд өрнөөд байвал асуудлууд улам ужгирна. Бидэнд юмсыг арай өөрөөр үнэлэх боломж, бодитой мэдээлэл авах хэрэгцээ байна. Бүр тодруулж хэлбэл, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гээд нийгэмлэг хамгийн түрүүнд үнэлгээний систем хийх хэрэгтэй. Наад зах нь хүн болгоны мэддэг сошиал платформ болох шаардлага бий. Хамгийн гол нь тэр платформ ямар нэг төлбөр тооцоогүй, бие даасан байх ёстой. Тэгж гэмээнэ үйлчилгээ бүтээгдэхүүнд бодит үнэлгээ өгөх боломж бүрдэнэ. Түрүүн та хэллээ шүү дээ, манайд онлайнаар бараа бүтээгдэхүүн зардаг платформууд зөвхөн өөрсдийг нь магтсан комментыг үлдээгээд, шүүмжилсэн комментуудыг устгадаг гэж… Ревьюгээ өөрсдөө хяначихаар үнэлгээ нь бодит бус болчихож байгаа юм. Энэ мэтээр худалдааны жижиг асуудал дээр хүртэл нугалаа гараад байхаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажил утгаа алдах нь ойлгомжтой.

Товчхондоо нэн түрүүнд бие даасан, яг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах платформтой болъё. Бүр тодруулж хэлбэл, ямар нэг нөлөөлөл орохооргүй системийг хуулийн хүрээнд шинэчлэн хийе. Мөн баталгаат хугацаа, баталгааны хэлбэрүүдтэй холбоотой асуудал ч бий.Тухайлбал, манайд цэвэр зах зээлийн өрсөлдөөний онолоороо баталгаат хугацаагаа борлуулагчид санал болгоод явах боломжгүй байна.

-Юу гэсэн үг вэ, жаахан тодруулаач?

-Барааны үнийн дүнгээс шалтгаалж баталгаат хугацааны хамгийн бага хугацааг тодорхой зааж өгөх тохиолдол байдаг. Жишээ нь 5 сая төгрөгийн үнэтэй телевизорын баталгаат хугацаа хамгийн багадаа нэг жил байна гэдэг ч юм уу. Энэ бол үнэ зохицуулж байгаа хэлбэр биш, чанарын түвшинг тогтоож байгаа явдал. Үнийн дүнг баталгаат хугацаатай холбоод тогтоогоод өгчихөөр нэг жилийн дотор эвдэрчихгүй чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага борлуулагчдад тулгарна. Үр дүнд нь хэрэглэгч, зах зээл аль аль нь хожно. Цаашлаад Эрээний хог зөөх явдал тодорхой хэмжээгээр багасна. Яах вэ, үнэ өснө гэж эсэргүүцэх хэсэг бий л байх. Гэхдээ монгол хүн чанартай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Нөгөө талаараа үнийн түвшин жинхэнэ эрэлт нийлүүлэлтийн хуулиараа шийдэгдэнэ. Товчхондоо хэрэглэгчдийн худалдан авах чадварт таарсан үнэтэй, чанартай бараа олох асуудлыг яриад байна лдаа. Хоёрдугаарт дамжуулан борлуулагч, манайхаар бол дистрибьютертай холбоотой асуудал бий. Гадаадын үйлдвэрлэгчээс санал болгож байгаа баталгаат үйлчилгээг заавал санал болгоно гэсэн хууль, журам зарим улс оронд мөрдөгддөг. Ингэчихвэл борлуулагчдад заавал сервис центр байгуулах шаардлагатай болно. Үйлдвэрлэгчтэй албан ёсны харилцаа үүсгэнэ.Баталгаат үйлчилгээтэй зэрэгцээд бүрэн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ орж ирнэ. Хамгийн олзуурхмаар нь бидний ярих дуртай дэлхийн түвшний стандарт Монголд маань орж ирнэ.

Хэрэглэгчийн мэдээлэл авах эрхтэй холбоотой бас нэг жишээ хэлье.Бүтээгдэхүүнийг дагалдаж ирж байгаа баталгаат хугацааны хугацаа, хамрах хүрээ, баталгаат үйлчилгээ үзүүлэх байгууллагын нэр хаягийг заавал монгол хэлээр нүдэнд харагдахуйц байрлуулахыг шаардах хэрэгтэй. Шаардлага тавиад хэрэгжүүлүүлээд эхэлбэл хэрэглэгчдэд тустай. Хэрэглэгчид ямар эрхтэй, юуг шаардаж болохоо мэдэж авахад хялбар болно гэсэн үг.

ХОХИРСОН ХЭРЭГЛЭГЧИД ФЭЙСБҮҮК-Т ГОМДЛОО БИЧИЖ Л БУХИМДЛАА ТАЙЛЖ БАЙНА

-Та Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зохицуулагч гэх албыг аваад удаагүй байна. Зохицуулагчийн хувьд яг ямар хүрээнд ажиллах боломж байна вэ. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах боломжууд хэр байгаа бол?

-Хэрэглэгчийн эрх ашгийн асуудал орхигдож гээгдсэн сэдэв гэдгийг хэлсэн. Хаяж гээгдэх болсон үндсэн болон дагавар шалтгааныг ч нэрлэлээ. Юуны өмнө энэ холбоог амь оруулах хэрэгтэй байна. 2008 оноос хойш үндсэндээ хэн ч ярихаа байчихсан, орхигдсон, тасалдсан сэдвийг олон түмний анхааралд оруулж байж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал хөндөгдөнө. Мэдээж эхлээд өөрөө өөрийгөө аваад явчихдаг, нийгмийг эрүүлжүүлдэг байгууллага хэрэгтэй гэдгийг иргэдэд ухамсарлуулах шаардлага бий. Нөгөөтэйгүүр юм болгоныг төр хийх ёсгүй. Төрийн бус байгууллагын хэмжээнд хийчих боломжтой гэдэг итгэл үнэмшлийг суулгах шаардлага байна. Иргэд бүх юмыг хувийн хэвшил бус төр л хийх ёстой гэсэн ойлголттой болчихсон байна шүү дээ. Мэдээж нэг үеэ бодвол бага сага ажил хийгдэж л байна. Стандарттай нүүр номын жижиг группүүд бий болж, дажгүй яваа харагддаг.

-Нүүр ном гэснээс хэрэглэгчид бараа, үйлчилгээ худалдан авчихаад хохирсноо ШӨХТГ-т хэлээд үр дүн гардаггүй. Өнөө газар нь асуудал гаргасан компанийг торгосон болоод өнгөрдөг. Гомдол гаргасан иргэний эрх ашгийг хамгаалж, хохирлыг нөхөн төлүүлэх гэх мэт асуудал ор тас орхигддог нь нууц биш. Яг өнөөдрийн тухайд хохирсон иргэд нүүр номон дээрээ гомдлоо бичиж л тайвширч байх шиг байна?

-Үнэн л дээ. Нэг газар ороод хангалттай үйлчилгээ авч чадаагүй иргэд үсрээд фэйсбүүк хаягаараа лайв хийж, пост бичээд, би хохирчихлоо гэж гомдоллоод л дуусдаг. Ганц нэг пост хийсэн ч компаниас нь залгаад устгуулчихдаг. Энэ тохиолдолд иргэд чанаргүй бүтээгдэхүүн үйлчилгээтэй газруудын талаар мэдээлэл авах боломжгүй болчихож байгаа юм. Нөгөө талаас нь харвал тухайн компанийг дарамтлах, шантаажлах үүднээс цацаж буй пост, лайвууд ч цөөнгүй бийг мартаж болохгүй.

-Компаниудын зүгээс хэрэглэгч бол хаан биш гэсэн мессэжийг их өгдөг болчихож. Тэр мессэжийг нь дэмжиж, дөгөөсөн хандлага ажиглагдаад байх юм?

-Анх хэрэглэгч бол хаан гэж ярьж, шаарддаг байсан бол сүүлийн үед хэрэглэгч хаан биш битгий давар гэж сөргүүлдэг болсон нь үнэн.Тэр ч бүү хэл сошиал булли гэж юм байна. Сошиал медиа, дагагчдаа ашиглаад дарамт хийдэг болсон. Мэдээж хэрэглэгч гээд зөөгчөө загнаад байж болохгүй ч тодорхой хэмжээгээр үйлчилгээний стандарт байх ёстой. Түүнээс гадна эрх зүйн учир шалтгаантай сонирхолтой жишээ олон бий. Жишээ нь, манай улсад хэрэв хохирлын хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд аливаа эрх зүйн маргаан өрнүүлэх боломжгүй. Нөгөө талаар хохирлын хэмжээ иргэний болон захиргааны хэрэг үүсгэх хэмжээтэй байсан ч иргэд тэр бүр өргөдөл гомдол гаргаад хохирлоо барагдуулах гээд яваад байдаггүй. Ямар сайндаа “адгийн зарга арав хоног” гэдэг үг гарах вэ дээ.Нэг хэрэглэгчийн хувьд ялихгүй асуудал боловч нийт хохирогчдын зардлыг нийлүүлбэл маш том хохирол байх тохиолдол цөөнгүй.Европын холбоонд жишээ нь иймэрхүү маргаануудыг заавал шүүхийн замаар бус хялбарчилсан байдлаар шийддэг чиг үүрэг бүхий төрийн болон хувийн байгууллага байдаг. Одоо манай шүүхийн системд байгаа эвлэрүүлэн зуучлахтай төстэй. Арбитрын шүүхтэй ч адилхан гэж болно. Сингапурт бага хэмжээний хохиролтой асуудлыг хялбаршуулсан байдлаар шийддэг шүүх гэж байдаг. Гол шийдэх асуудал нь хэрэглэгч, бизнес

хоёрын хоорондох жижиг үнийн дүнтэй маргаануудыг шийдээд эцсийн шийдвэр гаргадаг. Аль аль тал нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.Ийм шийдэл байхад “Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэдэг үг утгагүй болно. Аль юм болгон хананд хашгирахаас өөр гарцгүй, сошиалд лайв хийхээс өөр мэхгүй байх билээ. Өөрийн чинь зохицуулагч юу хийж чадах юм бэ гэх асуултын хариуд хэрэглэгчийн эрх ашгийг төрийн бус байгууллагын хэмжээнд хамгаалах ёстой гэдгийг бодлого хэрэгжүүлэгч, төрийн байгууллага, иргэдийн дунд, олон нийтийн анхааралд өртүүлэх л гол үүрэг болчихоод байна.

Тэр ч утгаараа энэ сардаа хэлэлцүүлэг хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.

-Яг ямар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм бол?

-Олон улсын жишиг байдаг. Иргэд болон үйлчилгээний хооронд болж буй зах зээлийн харилцааг зохицуулдаг гол арга зам нь эрсдэлийг багасгах явдал. Эрсдэлийг даадаг гол систем нь даатгалын систем. Даатгалын систем байж гэмээнэ эрсдэл багасаж, хоорондын харилцаа нь үр дүнтэй болдог.

-Тэгвэл даатгалын системийн оролцоог ямархуу байдлаар Монголын зах зээл, нийгэмд ихэсгэж, үүргийг нь нэмэгдүүлэх боломжтой вэ?

-Өнгөрсөн сард газ дэлбэрч, орон сууц өртөхөд нийт 160 орчим өрх гэр хохирсноос 70 орчим нь ипотекийн зээлийн даатгалтай байсан учраас даатгалаар хохирлоо барагдуулсан. Энэ тохиолдолд иргэд хохиролгүйгээр асуудал шийдэгдчихэж байгаа юм. Даатгалыг амьдралынхаа нэг хэсэг болгож, өдөр тутмын амьдралдаа оруулчихвал хохирсон иргэдийн асуудлыг төрийн оролцоогүйгээр шийдчихэж болж байгаа биз.

Эцэст нь хэлэхэд, та бидний сайн мэдэх “Морьтой ч болоосой” кинон дээр арьсан дахных нь оронд салхины шил “шахсан” хэсэг гардаг даа. Инээдэм биш өнөөгийн бодит байдал л энэ. Өндөр нас, сэтгэл зүй, мэдлэггүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх зэрэг хувийн онцлог байдлаасаа болоод бизнесийн харилцаанаас хэрэглэгчид хохирох тохиолдол их.Элдэв янзын сүлжээний бизнес, өндөр ашиг амласан луйвраас болоод иргэд хохироод үлдэх тохиолдол ч бий. Манай эрх зүйн систем одоогоор энэ харилцааг тэр бүр оновчтой зохицуулж чаддаггүй учраас л цаашид иймэрхүү бизнесийн харилцааг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага тулгараад байна.

Ц.БААСАНСҮРЭН

 

 

33 replies on “Далайн БАТБАЯР: ШӨХТГ бол хэрэглэгчийн эрхийг хамгаалдаггүй, компаниудтай л “БАЙЛДДАГ” газар DNN.mn”

Би нэг удаа машинаа шүргүүлсэн ардаас машинууд сигналдаад цагдаа тоохгүй яв гээд тэгээд байж байгаад хохироод хөдөлсөндөө

ШӨХТөв бол зүгээр л ардын намын хувийн компани л болсон. Ардчилсан намын үед хүчтэй төрийн байгууллага байж дээ

Энэ сэдвийг хүн болгон мэддэг боловч төдийлөн яриад байдаггүй өөрсдийнхөө эрх ашигийг хамгаалдаггүй хохироод л байдаг Аж ахуйн нэгжүүд ч гэсэн харин ШӨХТГ ямар ажил хийдэггүй байгуулага л байна Өнөөдрийн энэ үнэнийн өсөлт хүртэл хянах боломжгүй өвсөөр л бна

Хүмүүс дандаа дээрэлхүү хандахаа болимоор байна

ШӨХТГ-нь үйл ажиллагаа сайтай бвал төрөөс татаас авахгүй биеээ даагаад явах боломж бий.Энэ үйлчилгээг олон нийтийн анхааралд ойр ил тод идвэхтэй байлгаж эрх ашгаан хамгаалуулж эрүүл орчинд эрүүл хүнстэй зөв боловсон амьдархад иргэдийн өөрсдийн идвэх оролцоо маш чухал. Ажлаан хийсэн ч хийгээгүй ч цалингаа бүтэн аваал сууж бдаг ШӨХТГ-г шахаж шаардахгүй бол үнийн хөөрөгдөлд нухуулсаар бх болно

ШӨХТГ нь ТӨР болон ААН-н эрх мэдэл монопол байдлын дарамтаас хамгаалдаг иргэд-н ташуур бх ёстой.Өнөөдр-н байдлаар бол хамгаалах нь бүү хэл хаа бгаа нь ч мэдэгдэхгүй л бна.

ШӨХТГ шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар эдгээр нэр томьёо уг нь их гоё үгс байх юм, гэтэл сэтгэлд нэг л буухгүй хоногшоогүй нэрс байдаг. Шударга өрсөлдөж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах нь засаг баригч намын зохиосон үлгэр бололтой. Үнэ хязгааргүй нэмэгдэж, чанар хязгааргүй унаж байхад юунд найдах билээ. Бодит хэрэгжилтийг шаардаж байна

Энэ байгууллага улс төрчдийн захиалгаар хэн нэгнийг намнадаг гэж харагдаад удаж байна.хаан яаж өргөдөл гомдол гаргах нь ч тодорхой бус өгөөд ч нэмэргүйн дээр орон нутагт огт байдаггүй зөвхөн улаанбаатарт байдаг нь яг үндсэн үүрэгээ гүйцэтгэж чадахгүй болсоний тод илрэлюмдаа

Энэ бүхнийг олж харж байгаан өөрөө нийгэмрүү чиглэсэн зүрх сэтгэл зухалзаад байнуудаа

Хэрэглэгч бол хаан бх ёстой.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал аль эрт эхэлсэнч ямарч үр дүнд хүрээгүй шалтгаан нь ёрдөө л энэ шүү.

Ирээдүйн үр хүүхдүүдийн төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байгаа шүү амжилт🥰

Тогтолцооны том өөрчлөлт, хувьсгал хийхгүй бол яг ийм үнэн төрхтэй байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэл нэртэй 1 толгойны баруун зүүн гар болж ажиллаж үр өгөөжөө өгдөггүй ийм байдлаасаа салах цаг болсоон болсон.

Хэрэглэгч хаан байхаа болиод удсан… хэрэглэгч хэзээ хаан байсныг ч мэдэх юм алга. Ийм үг байдгийг бол мэднэ.Гэхдээ хэрэглэгчийн төлөө ингэж дуугарч арга замыг эрэлхийлнэ гэдэг маш чухал.Хэрэглэгч ямар үед хаан байдаг вэ гэж үү? Миний бодол….Үйлчлүүлж буй газрын тань эзэн нь байх үед та жинхэнэ хаан гэдгээ мэдэрнэ.Мэдээж ховорхон тохиолдолд хаан байж болдог л доо. Гэхдээ бараг л үгүй дээ.Их юм асууж шалгаавал гөлөг болтлоо загнуулаад л гардаг даа.ккк

Хүнлэг энгийн даруу төлөв зан төрхтэй
Эрхэм хүн та ард иргэдийнхээ төлөө ихийг бүтээж ,бусдад тус дэмтээ байгаарай .
Хэлсэн ярьсандаа хүрдэг
Хийдэг бүтээдэг
Хүн ард иргэд бид нар хэрэгтэй бна.

Дарга тогтдоггүй, сүржигнэсэн дарганцаруудын дамжин өнгөрөх газар. Олигтой хийсэн ажилгүй, ажил үүргээ ч мэддэггүй. Монголд ШӨХТГ гэж яг үнэндээ бол байдаггүй. Ард түмэн ер нь юу хэрэглэгч юм бол

mundag zow sanaag erelhiilsen tuushtai hudulmurch hvn bnlee ireeduin zaluuchuud bidniig demjsen eh orniihoo tuluu bvhniig bvteesen negen bgaarai itgej bgaashv amjilt🙏🏻✍🏻

Энэ хаанахын гөлөг юу горьдож яваа юм бэ?Хэний хамсаатан бэ?

Үнэээн , яаг өнөөгийн байдлыг дурьдсан бна.

ЯРИАД СУУДАГ БИШ ЯВААД ХИЙДЭГ БҮТЭЭЛЧ ХҮМҮҮС ХӨГЖЛИЙГ АВЧИРНА

Сонгууль ойртож хаяг андуурсан галзуучууд аргагүй л олширч байдаг шүү.

Нийтийн алба буюу төр иргэний нийгмийн байгуулалт буюу төрийн бус байгууллага хоёроо ялгахгүй хэрэглэгчийн эрх гээд ойлголтоо ойлгоогүй байж хангай далай яриад хаваршаад байхымаа

Наандаж өрсөлдөөн хэрэглэгчийн эрх гээд ойлголт хоёр утгаа ойлгоогүй байж ингэж хамаагүй зүйл ярьж галзуугаа гайхуулах хэрэггүй дээ.

Би хэн бэ би хаана төрөө вэ гээд өөрийгөө хайгаад олдоггүй хүмүүс байдаг даа

Та нарын гурил гэж юу байдаг юм бэ!!! Газар тариалангийн аж ахуйг доош нь хийж улаан буудайг нь хямдхан авч олигтой гурил ч хийхгүй байж сонгууль дөхөхөөр битгий ПОПОРЧ бай л даа!!! Цаг нь ирвэл байлдах л байх шүү!!!

Их хуралд сонгогдчих санаатай яваад байгаа бололтой. Өмнөх уяач, уурхайчдаа яая гэж байхад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *