2024 оны I-II сард Монгол Улс 10.6 сая тонн чулуун нүүрс экспортолжээ
Монгол Улс 10.6 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.5 хувиар өссөн үзүүлэлт болсныг Гаалийн ерөнхий газар мэдээлж байна. Ийнхүү нүүрсний экспортоос 1.3 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлээд байгаа аж.
Төмрийн хүдрийн экспорт 1.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин зэсийн баяжмалын экспорт 2023 оны мөн үеэс 16.1 хувиар өсөж, 445.2 сая ам.долларын орлого олоод байгааг Гаалийн ерөнхий газар тодотголоо. 2024 оны эхний хоёр сард төмрийн хүдэр, зэс болон цайрын баяжмал, чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д экспортолжээ.
2023 онд Монгол Улсын нүүрсний экспорт түүхэн дээд түвшин буюу 70 сая тонн дөхөөд байсан юм.