Өнгөрсөн онд манай улсад 1.87 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэний 1.43 тэрбум ам.доллар буюу 76.7 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлжээ. Товчхон хэлбэл, нүүрсээ зарж төсвөө бүрдүүлдэг манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт гэдэг амин чухал хэрэгцээ. Тийм ч учраас өнгөрсөн хагас жилийн хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг олон нийтийн анхаарлын төвд явж ирлээ. Эдийн засагчид, уул уурхайн мэргэжилтнүүд, гуравдагч орны хөрөнгө оруулалтын ач холбогдлыг мэддэг, гадарладаг, гадаадад ажиллаж амьдраад ирсэн иргэдээс эхлээд дотоодын бизнес эрхлэгчид хэн бүхэн энэ хуулийн үнэ цэнийг хэнээр ч хэлүүлэлтгүй хүлээн зөвшөөрч, батлагдахыг хүлээж байв. Гэвч ганц л саад бий болсон нь хууль батлагч эрх бүхий УИХ өөрөө болж таарлаа.
Одоо мөрдөгдөж байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.1-д “Газрыг 60 хүртэлх жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэлх жилээр сунгах” гэсэн заалт бий. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлаас харвал, ялангуяа УИХ-ын дарга Г.Занданшатарын УИХ-ын намрын чуулганы сүүлийн хуралдаан дээр хэлснээс үзвэл мөн иргэдийн уг саналыг хүчингүй болгох тухай 100 мянган санал цуглуулсан зэргээс шалтгаалан энэ заалтыг хүчингүй болгож байх шиг байна. Тэрээр бас өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж “Монгол 0.7 га газраа эзэмшиж чадахгүй байхад гадаадынханд 100 жилээр эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж болохгүй” гэсэн тайлбарыг хийлээ.
2019 онд нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж шинэчлэн хуульчилсан. Бодвол энэ нийтийн өмч гэдэг заалтаар гадаадын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх, ашиглуулах газрын зөвшөөрлийг ард нийтээс асууж байгаад өөрчлөх гэсэн юм болов уу гэж ойлгогдож байна. Ямартаа ч гадны хөрөнгө оруулагчдад 100 хүртэлх жилээр газрыг эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг аваад хаячихна гэлээ. Энэ тухай УИХ-ын дарга, түүний ажлын албанаас идэвхтэй сурталчлан таниулж байна.
Тэгвэл газрыг эзэмшүүлэхгүй, ашиглуулахгүй бол өөр ямар арга хэлбэр байж болох вэ. Уул уурхай түшиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт болон урт хугацаагаар газар ашиглах, эзэмших нөхцөл л ээлтэй байдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид энэ хоёрыг л харж, хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Гурван жил гаруй дуншсан Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг тэд ингэж л харж, хүлээж байв. Эцэст нь тэдэнд шанаа өгөөд буцаахаар шийдсэн бололтой. Газрыг эзэмшүүлэхгүй, ашиглуулахгүй бол өөрөөр хэрхэн шийдэх тухай албаныхны зүгээс өнөөдрийн байдлаар ямар нэгэн арга зам, хувилбар танилцуулаагүй байна. Хэрэв ашиглуулахгүй, эзэмшүүлэхгүй юм бол газрыг хувьчлах юм уу, түрээслэхээр төлөвлөсөн хэрэг үү. Аль эсвэл зүгээр өгөх юм болов уу. Эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдад ерөөсөө газар олгохгүй гэсэн шийдвэр үү. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг тойрсон сүүлийн үеийн үйл явдал иймэрхүү маягтай л бужигнаж байна.
1992 оноос хойш өнөөдрийг хүртэл гадаадын хөрөнгө оруулалтын гол хөшүүрэг болж ирсэн газартай холбоотой зохицуулалтыг нэг л өдөр ингээд хасаад хаячихвал бид хэрхэх вэ. Газрын зохицуулалтгүй гадны хөрөнгө оруулалт орж ирдэг үү. Тэд орж ирэхгүй бол нүүрс, зэсийг хэн хайж, хэн олборлож экспортлох вэ. Дараагийн Оюу толгой шиг том ордыг хэн илрүүлэх вэ. Ашигт малтмал хайх, олборлох үйл явцыг төр дийлдэггүй юм. Хувийн хэвшлийн нуруун дээр явагддаг асар том шинжлэх ухаанч, асар их хөрөнгө шаардсан ажил байдаг.
Газар нутаг багатай, уул уурхайн ашигт малтмалгүй Сингапур шиг оронд гадаадын хөрөнгө оруулагчид хошуураад хөгжүүлсэн тухай пи-ар явж харагдана лээ. Тэнд газрыг гадаадуудад өгдөггүй гэцгээж байна. Бодвол үнэн л ярьж байдаг байлгүй. Тэгэхлээр газрыг нь өгөлгүй хөгжиж болдог гэнэ. Бидний өнөөдрийн давуу тал уул уурхайн баялаг л болж таарч байна. Газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглочихвол уул уурхайд Оюу толгойн араас гялтайж мэдэх ураны төслийн гэрээ яаж явах болчихов оо. Францын ерөнхийлөгчийг Монголд урьж авчраад ураны төслөөр хамтарна гээд дэлхийгээр нэг зарласан нь хэдхэн сарын өмнө. Гэтэл ураны төслийн гэрээ ид үргэлжилж байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалтад тушаа болж мэдэх асуудал өрнөөд явчихаж байгаа юм биш үү. Уран ухах гэхээр газар нь нэг монгол далбааны мэдэлд байдаг, тэр нь дургүйгээ хүрвэл газартаа оруулахгүй гээд суучих биш үү.
Хөрөнгө оруулалтад дөнгө тавьдаг үзэгдэл манай улс төрд анхных биш юм. Харин нэг хүний гараар хоёр удаа орж, зогсож байгаа юм биш биз. Оюу толгойн гэрээ хийгдэж, гадныхан цүнхтэй мөнгөө бариад Монгол руу урт дараалал үүсгэж, эдийн засаг хоёр оронтой тоо руу үсэрч очоод байсан 2012 оныг хүн бүхэн санаж буй. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар Гадаад харилцааны сайд байсан бөгөөд тэрээр Стратегийн ач холбогдол бүхи салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нэртэй хууль санаачилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн түүх бий. Өнөөдөр 12 жилийн дараа тэрхүү үзэл санаагаа гүйцэлдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хавчиж жадалсан түүх бүтээж байна уу гэж хардах хүмүүс байна. Баялгаа үнэ цэнэд хүргэж, дэлхийн энтэй наймаалцаж сураагүй, эхлээгүй байсан 2012 оны үеийн монголчууд өнөөдөр өөр болсон. Хүн ард хөгжсөн, ухамсар суусан. Танктай цэргүүд орж ирээд Монголыг эзэлнэ гэдэг “философи”-ийг гадарлахтайгаа болчихсон. Г.Занданшатар дарга ч өөрөө ардчиллын өлгий нутаг АНУ-д боловсрол дээшлүүлсэн сураг дуулдддаг. Нэг ёсондоо, Монгол хөгжье гэвэл гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа гуравдагч хөршийн бодлогыг дэмжих ёстой, хамтрах хэрэгтэй гэдгийг бид хаа хаанаа бүрэн ойлгочихсон ухамсарт хүмүүс гэж үзэж буй. Гэтэл улс орны хэмжээний амин чухал асуудал дээр хоёр дахь удаагаа хориг тавих сонирхол байна гэхэд арай хүн үнэмшмээргүй санагдах юм.
Хэрэв УИХ-ын дарга Г.Занданшатар “Гадаадын хөрөнгө оруулалт Монголд хэрэггүй” гэдэг үзэл баримтлалтай байдаг бол энэ нь Үндсэн хууль зөрчсөн, мөн гишүүний өргөсөн тангаргаасаа няцсан үзэгдэл болох биш үү. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг эзэмшүүлж, ашиглуулахгүйгээр өөр ямар хэлбэрээр Монголд ажиллаж болох хувилбарыг санал болгож байгаагаа тодорхой тайлбарламаар байна.
Б.ЭНХЗАЯА