Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 24 газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байна DNN.mn

Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 544 нэгж талбарын 24 газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байна. Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн тул тухайн байршлуудад гамшгийн шар түвшин зарлаж, халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад буй юм. Энэ хүрээнд 390 ажилтан 96 техник хэрэгсэлтэйгээр халиа тошин үүссэн 10 байршлын мөсийг тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газар 2024 оны хоёрдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 15-н хүртэл хугацаанд улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарлаж, нийслэл дэх шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхээр болсон. Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээнд 11.6 тэрбум орчим төгрөг шаардлагатай байгаа юм. Тодруулбал, Сэлбэ, Улиастай, Толгойт, Дунд гол болон үерийн хамгаалалтын сувгийн мөсийг зөөж тээвэрлэхэд 3 тэрбум, Сэлбэ, Дунд голын ёроолыг ухаж түвшин доошлуулах, лаг хагшаасыг зөөхөд 7.29 тэрбум орчим, Сэлбэ голын үерийн даланд ургасан бургасыг шилжүүлэн суулгах, голын голдирол өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн түшиц ханыг буулгах, илүүдэл шороог зөөхөд 1.39 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гараад буй. Үүнээс нэн тэргүүнд үерийн хамгаалалтын сувгийн мөсийг зөөж тээвэрлэхэд шаардлагатай 4.4 тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Цаашлаад Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлтгэж, холбогдох байгууллагууд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *