Categories
мэдээ нийгэм

Т.Дүүрэн: 10000 залуусыг бизнесийн сургалтад хамруулна DNN.mn

-Төр данхайж, социализм руу ухарч эхэлжээ.  Энэ эрчээрээ үргэлжилбэл 10 жилийн дараа Монгол улс дампуурна-

– МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнтэй ярилцлаа.


-МҮХАҮТ-аас Биз­несийн сэргэлт хөтөл­бөрийн хү­рээнд 10000 залуусыг биз­­несийн сур­галтад хам­руулна гэж зар­лалаа. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Засгийн газрын Шинэ сэр­­­гэлтийн бодлоготой зэрэг­­­цүүлэн “Бизнесийн сэр­гэлт” бодлогыг МҮХАҮТ-аас боловсруулсан. Үүний эхлэл болгож 10000 залуусыг Бизнесийн сургалтад хам­руулах хөтбөлбөрийг э­х­лүүлж байна. Өнөөдөр Монгол Улсын бүх салбар ажил­­лах хүчний хомсдолд орж эхэлсэн. Хэдэн жилийн өмнө бид ажилгүйдлийн ту­хай ярихдаа мэргэжил, ур чад­варын хомсдлын талаар ярьдаг байсан бол өнөөдөр мэргэжил чадвар шаардахгүй аж­лын байранд ч ажиллах хүн олдохоо болилоо. Яагаад ийм бол­чихов гэхээр, нэг талаараа төрөөс явуулж буй халамжийн хавт­гайр­сан бодлоготой холбоотой. Ээж аав, эмээ өвөөгийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бусад халамжинд дулдуйдаад бол­гоод байгаа тул бүхэлдээ идэвх нь суларсан гэсэн судал­гаа гарсан. Нөгөө талаас, эдийн засгийн орчин таагүй учраас, ажил бизнес эрхлээд ч нэмэргүй гэсэн гутранги хандлагатай, ирээдүйдээ итгэлгүй байгаа гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Тиймээс МҮХАҮТ-аас залуусдаа бизнес эрхлэх талаар практик мэдлэгийг түгээх, урам зориг өгөх, туршлага хуваалцах, би­чил ба жижиг бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цаашилбал аж­лын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах олон улсын туршлагыг багтаасан хөтөлбөр боловсруулсан юм.

-10 мянган залууг тэгээд ямар сургалтад сургах вэ. Гадаадад сургах юм уу. 10 мянга хүрээд л зогсох уу?

– Хөтөлбөр арваас нэг нь гэсэн хэлбэрээр гурван үе шаттай явна. Эхний ээлжинд 10000 залууг Бизнесийн Удирдлагын хөтөлбөртэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох, олон улсын лиценз бүхий “P-MBA” (Personal MBA) сургалтанд хамруулна. Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас (5 бүсээс) 50:50 харьцаатай сонгон суралцуулна. Мөн эр эм хүйсийн харьцаа тавь тавин хувь байна гэж тооцож байгаа. Олон улсад Бизнесийн магистрын сур­галтын жилийн төлбөр дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй адилтгах хэмжээний мэдлэгийг бид 10000 залууд түргэвчилсэн хуга­цаанд олгох нь ээ. Эхний шатан­даа амжилттай суралцсан 1000 за­лууг сонгон авч, англи хэлтэй ор­нууд болох Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад олон улсын бизнесийн сургалтад хам­руулна. Тухайлбал, БНЭУ-ын Засгийн газрын (ITEC буюу “Энэтхэгийн тех­ник, эдийн засгийн хамтын ажил­лагааны” хөтөлбөрийн хүрээнд тусгай хөтөлбөрийг БНЭУ-ын ЭСЯ-тай хамтран боловсруулж, эхний ээлжинд 200 хүнийг сургахаар ярьж тохи­­роод байна. Мөн бусад улс орны ЭСЯ, олон улсын байгууллагуудтай ярьж байна. Маш нааштай хүлээж авч байгаа. Гурав дахь шатанд нь бид энэ­хүү 1000-аасаа 100-200 хүнийг сонгон шалгаруулж, тэднийг ши­нээр бизнес эхлүүлэх боломжоор хан­гана. Өөрөөр хэлбэл 100-200 жи­жиг бизнесийг бид бойжуулна. Сур­галтын бүртгэл эхний ээлжинд ирэх долоо хоногт Улаанбаатар хотод эхэлнэ. Дүүргүүд дээр бүрт­гэлийн цэг ажиллана. Яаж хэрхэн бүртгэхийг манай Бизнес академиас МҮХАҮТ-ын вэб сайт, пэйж хуудсаар дамжуулан мэдээлнэ. Энэ хөтөлбөр маань жил бүр 10000 залуус гээд үргэлжилнэ.

-Гурав дахь шатны 100 хүний гараа­ны бизнесийг МҮХАҮТ санхүү­жүүлнэ гэсэн үг?

– Тэгнэ. Тоног төхөөрөмжөөр хан­гах, хөрөнгө оруулагч олж ажлыг МҮХАҮТ хариуцна. Өөрөөр хэлбэл, “шарк танк” шиг нэвтрүүлгийг амьдрал дээр өргөн утгаар хэрэгжүүлнэ гэсэн үг. Ийм боломж нь бий. Энэ жил 9 сарын 1-нд бид “Бизнес Сэргэлт” хөтөл­­бөрийн хүрээнд “ЖДҮ-ийн 500 тоног төхөөрөмжийн үзэсгэлэн экспо”-г БНХАУ, БНТУ, БНСУ орнуудын холбогдох талуудтай хамт­ран Монголд зохион байгуулна. Мөн ма­най Судалгааны институтээс “Мон­голын 100 жижиг бизнесийн салбарын зах зээлийн судалгаа”-г бо­дит мэдээлэл дээр суурилан нээлттэй санд байрлуулна. Энэ судал­гааны дүнд үндэслээд ямар сал­барт бизнес эрхлэх боломжтойгоо тодорхойлчихож болно гэсэн үг. Зэрэг­цээд ЖДҮ тоног төхөөрөмж, түү­хий эд зэрэг нь ямар үнэ ханштай байх зэрэг мэдээлэл нь “ЖДҮ-ийн тоног төхөө­рөмжийн үзэсгэлэн экспо” дээр бэлэн байж байх нь. Тэгээд тэр тоног төхөөрөмжөө зээл тусламжаар авах боломжийг нь бид бүрдүүлж өгдөг ч юм уу, олон талаас нь судалж, цогц байдлаар харж ажиллаж байна.

-Яагаад гэнэт одоо ийм хөтөл­бөр зарлаж байгаа юм. Сонгууль угтсан шоу юм биш үү?

-МҮХАҮТ төрийн байгууллага биш. Улс төрийн байгууллага бүр биш. 6000 гишүүнийхээ эрхийг хам­­­гаалдаг, бизнесийн эрүүл зөв шу­дарга орчныг бүрдүүлэхийн тө­лөө ажиллах тусгайлсан “Танхимын тухай хуулиар” олгогдсон эрхтэй, хувийн хэвшлийнхнийхээ дуу хоолой болж, манлайлан ажилладаг байгууллага. Бидний үндсэн чиг үүргийн нэг. Тиймээс сон­гууль­тай холбох ямар ч утгагүй. Өнгөрсөн оны сүүлээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сон­гог­дож, үүрэгт ажилдаа орсон. Ши­нэ Ерөнхийлөгчийн мөрийн хөтөл­­бөрт багтсан зүйлийн нэг нь “Эдийн засаг дахь бичил, жижиг, дунд бизнесийн оролцоо, хувь нэм­­­рийг нэмэгдүүлэх”. Энэ үзэл са­­наа дээр суурилж “Бизнесийн сэр­гэлт” бодлого боловсруулагдсан. Энэ дагуу л хийгдэж байгаа ажил. Төр нь улам данхайгаад, албан тушаалтнууд нь авлигадаа бялуурч бааварлаад, хувийн хэвшлийн хийж болох ажлыг хүртэл төр шүүрч авч хийдэг, хувийн хэвшлийн орол­цоотой ААН-д Засгийн газар БЭТ томил­дог буруу жишиг хүртэл тогтлоо. Компанийн тухай хууль нь бай­саар байтал аль БНМАУ-ын үеийн хууль ашиглаад Төр хүч хэрэглэдэг боллоо шүү дээ. Энэ бол бодит түг­шүүр. Сүүлийн 10-аад жилийн хуга­цаанд гэхэд татварын хувь хэм­жээ 3,2 дахин, Төрийн өмчит ком­паниудын хөрөнгө 12 дахин нэмэгдсэн байна.

– МҮХАҮТ том компаниудын эрх ашгийг хамгаалдаг гэсэн гомд­­лын үгс сонсогддог. Гэтэл том ком­паниуд чинь төртэй нийлж хулгай хийж байгаа нь саях­­ны сонсголуудаар нийтэд ил бо­­лоод байна шүү дээ.

– МҮХАҮТ 6000 гишүүнтэй. Топ 10-аас эхлээд нэг хүнтэй жижиг ААН ч гишүүн. Бүгд ижил нэг л саналын эрхтэй. 10000 залуу сургах хөтөл­бөр маань гэхэд жижиг дунд бизнесийн хөгжилд илүү чиглэсэн. Өнөөдөр том компаниуд нийт идэвх­тэй компаниудын гуравхан хувь. Гэвч тэдний хөрөнгө, төсвөөс авч буй тендерийн дүн 90-ээс дээш хувь. Том­чууд төрийн тэндэр, том төслүүдэд албан тушаалтнуудтай хуй­валдан оролцож, ашиг олж байгаа талаар бүгд л сонсголуудаар ил тод сонслоо. Авсан тендер төс­лүүдээ зөвхөн дангаараа хийх гэж үздэг нь ч бас үнэн. Танхимын судалгаагаар, том компаниуд авсан тен­дер, төс­лүүдийн­хээ зарцуулалтын 90 хувийг өөртөө шингээж, 10-хан хувь нь л жи­­ж­иг дундууд руу хуваарилагдаж бай­­на. Баялгийн шударга бус хуваарилалт өрнөж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг буюу “Социализм” ма­­най нөхцөлд дампуурдаг юм бай­на гэдгийг бид 1990 онд ойлгоод татгалзсан шүү дээ. Гэтэл одоо хурган дарга нар эргээд Социализм руугаа алхаад эхэлчилсэн. Бодвол арай өөрчлөөд “Сошиалисм” гээд англи уран гоё нэр өгөхөөр мөрөөдөж байгаа биз. Энэ байдлыг өөрчилж байж эдийн засаг эрүүлжинэ. Үгүй бол 10 жилийн дараа бид дампуурна. Үүний нэг эхлэл нь Танхимын “Биз­несийн Сэргэлт” бодлого. Ер нь хөгжсөн орнууд Энтерпренер сам­баа, санаачилга, оролдлогоо дэмжиж л хөгжсөн түүхтэй. Тодруулбал, 1970-аад он АНУ-ын хувьд эргэлтийн жил буюу дэлхийн анхны удирдлагын капитализмыг тэргүүнд тавихаа больж энтрепренер самбаа, оролдлогыг дэмжсэн анхны улс болсон. Энэхүү хөдөлгөөнөөс л бид­ний мэдэх Apple, Nike, Xerox, Starbucks, Home Depot зэрэг компаниуд төрөн гарсан байдаг. Аж­лын байруудыг маш ихээр бий бол­­годог тул Америкийн эдийн зас­­­гийн салшгүй нэг хэсэг бол энт­репренерүүд байдаг. Тиймээс Энтрепре­нерүүдийг дэмжих зорилгоор 10000 залууг Бизнесийн мэд­лэгтэй болгох ажлыг эхэлж байгаа юм. Цаашлаад энэ хөтөлбөр дөрвөн жил үргэл­жилж, илүү олон тооны залуусыг сургах, олон жижиг дунд бизнесийг дэмжих, магадгүй Apple шиг том компанийн эхлэлийг ч тавина гэж итгэж байна.

 

П.ЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *