Categories
мэдээ нийгэм

Х.Номингэрэл: Дугаар олголтыг хязгаарлах замаар иргэдийн өмчөө ашиглах эрхэнд халдаж байна DNN.mn

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, судлаач Х.Номингэрэлтэй ярилцлаа.


-Хотын захиргаанаас нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болох түгжрэлтэй тэмцэх, орон сууцжуулах асуудлыг хуульчилсан. Энэ бодлого нь иргэдийн өмчтэй байхаас эхлээд чөлөөт зах зээлийн нийгэмд эдлэх боломжтой эрхүүдийг зөрчиж байгаа үйлдэл гэж шүүмжлүүлж байна. Та хуульч хүний хувьд энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Нийслэл Улаанбаатар хоттой холбоотойгоор олон бугширсан асуудал бий. Авто замын түгжрэл, агаарын бохирдол, хот төлөвлөлт зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж маш муу байгаа. Мэдээж энэ асуудлыг үе үеийн Хотын дарга нар шийдэхээр ажиллаж ирсэн. Хотын дарга Х.Нямбаатарын хувьд манлайлал үзүүлж байгаа нэрээр хууль батлуулж “Бушуу туулай борвиндоо баастай” гэдгийн үлгэр болж хувирлаа. Өөрөөр хэлбэл, нэг хуулин дотор нийслэл хоттой холбоотой олон асуудал шийдэх гэж оролдож байна. Яг л шинэ жилийн чимэглэлтэй мод шиг бүх асуудлыг нэг хуулиар зохицуулах гэж үзсэн. Газар чөлөөлөлт, дахин төлөвлөлт, түгжрэл, машины дугаар гэх мэт бүхий л асуудлыг багтаасан. Гэхдээ яг нарийн харахаар хуулинд тодорхой зохицуулалтыг тусгаж чадаагүй. Журмаар батална гэдэг нэрээр НИТХ, Засаг дарга руу бүх эрхийг шилжүүлж авч байна.

Энэ хуулинд хүний эрхийн олон асуудал хөндөгдөж байгаа. Газар гэхэд л хүний суурь, хамгийн бодит өмч. Цаашлаад бизнес эрхлэх, амьдрах, орлого олох нийгмийн баталгаа болдог өмч. Тиймээс хэрэв хууль батлах байсан бол мэргэжилтнүүдийн дуу хоолойг шингээж, олон нийтээр хэлэлцүүлж, зөвшилцөж байж хийх ёстой байсан. Сонгуультай холбоотойгоор энэ хуулийг яарч баталсан нь хүний эрхийн эрсдэл үүсгэнэ.

-Авто машины улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох асуудлыг НИТХ-аар хэлэлцэж баталсан. Энэ нь иргэн өмчтэй байх эрх зөрчигдөх эрсдэл үүсэх үү?

-Энэ зохицуулалтыг нэлээд заль хэрэглэж оруулж ирсэн. Шууд машины импортыг хориглочихоогүй. Дугаарын хязгаар тогтоох байдлаар хязгаарлахыг оролдож байна. Хэрэв машин худалдаж авах бол дугаар олгохгүй. Ингээд иргэн өмчөө ашиглах, бизнес эрхлэх зэрэг боломжуудыг шууд хаачихаж байгаа юм. Ийм байдлаар өмчийн эрхийг зөрчинө. Энэ бол гарцаагүй хүний эрхийн хязгаарлалт.

Яахав, хүний эрхийн хязгаарллтын зөв, бурууг хэлэлцэж болно л доо. Хоёрт, бид авлигын хувьд ямар нөхцөл байдалтай улс билээ гэдгээ бодох ёстой. Ямар ч шинэ зохицуулалт хийхдээ ард нь үүсч болох эрсдэлийг заавал тооцоолох хэрэгтэй. Учир нь манай улс бол өргөн хүрээний угжирсэн түвшний авлигатай гэж олон улсын судлаачид дүгнэдэг. Ийм нөхцөл байдалтай улс оронд саяных шиг дугаар олголтыг хязгаарласан зохицуулалт хийчихээр ард нь авлига үүсэх боломжийг үүсгэдэг. Ингэхээр ямар ч сайхан арга хэмжээ үр дүнд хүрнэ гэхэд олон нийт итгэхгүй. Өмнө нь ч манайд авлига, арын хаалга байсаар ирсэн. Гэтэл одоо дахиад л дугаарын наймаа бий болж, хар зах дээр дугаар борлуулагддаг болох нь гэдэг иргэдийн шүүмжлэл үнэн шүү дээ.

Шинэ зохицуулалт хийж болно. Үүсч болох нийгмийн эрсдэлийг тооцох ёстой. Тэгэхээр зөвхөн энэ асуудал гэхэд хүний эрхийн зөрчил үүснэ, мөн дээр нь авлигын шинэ систем бий болох эрсдэлтэй.

-Газар олгохыг хориглочихсон. Нэг үе 0.07 га газрыг иргэн бүр эзэмших эрх нь нээлттэй байлаа. Гэтэл өнөөдрийн залуучууд, үр хүүхдүүд газар эзэмших эрхгүй. Нэг үе нь үнэгүй газартай болж, өөр нэг үе нь төлбөр төлж газар авах нь шударга бус үзэгдэл. Гэвч Хотын захиргаа үүнийг зөв хэмээн тайлбарлаж байна л даа?

-Газар бол хүний суурь, бодит өмч. Иргэдэд газар өмчлөх тухай хууль 20 жил гаруй хэрэгжиж байгаа. Иргэд өргөн хэрэгцээний газартай болох эрхтэй байсан. Гэхдээ яг бодит байдал дээрээ иргэдийн маш бага хувь нь газар эзэмшсэн байдаг. Үлдсэн нь чадаагүй. Одоо тэгтэл тэр багахан хувийнхны газрыг дахин төлөвлөлт нэрээр авахыг оролдож байна. Дахин төлөвлөлт нь өөрөө хүний эрхийн баталгааг хангаагүй нөхцөл байдал. Тийм байдлаар иргэдийн дуртай, дургүй байх эсэхийг үл тоож шууд нэг бүлэг гэж үзээд 65 хувь нь зөвшөөрөхөд л газрыг хурааж авахаар зохицуулж байна. Уг нь газрыг ямар тохиолдолд улс хурааж авах, ямар үед нөхөн төлбөр өгөх тухай асуудал хуулиар зохицуулагдаж ирсэн. Гэвч Үндсэн хуулийн өмчлөх эрхийн баталгааг алдагдуулах замаар шууд чөлөөлөх шинэ харилцааг үүсгэж байна. Үүнийг Хотын захиргаа дураараа хийж болж байна шүү дээ.

-Аливаа нэг тэмдэглэлт үйл явдал, баяраар автомашины дугаарын хязгаарлалт тогтоодог. Хэрэв зөрчвөл торгоно. Үндсэн хуулиа дагавал энэ нь иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж олон жил ярилаа. Гэтэл алдаагаа засах биш дугаарын хязгаарлалтыг хугацааг улам ойртуулж зохицуулж байна. Ер нь төр засаг, удирдах түвшний бодлого иргэдээ хязгаарлах юм уу?

-Дугаарын хязгаарлалт анхнаасаа хууль бус зохицуулалт болсон. Одоо болтол янз бүрийн аргаар энэ зохицуулалтыг үргэлжлүүлсээр байна. Төрийн үйл ажиллагаа гэдэг хязгаарлах биш. Зохицуулалт, урамшуулал, эдийн засгийн аргаар, татварын арга зэргээр олон янзаар ажиллах ёстой. Харин манайд бол шууд л болиулах, хорих, хаах гэдэг болсон. Цогц асуудлыг шийдэхийн оронд үр дагавар дээр л тэмцээд байдаг. Тийм ч учраас нийгэмд үл итгэх байдал хавтгайрч байна. Хамгийн аюултай нь буруу хууль гараад байхаар хуулийн нэр хүнд унадаг. Хуульд итгэх итгэл буурна гэдэг замын түгжрэлээсээ ч аюултай. Системээ эвдэх замаар ажиллаад байхаар бүх салбарт хортой.

-Ер нь хот суурин заавал тийм тооны хүн амтай, тэдэн машин унаатай байна гэсэн хатуу тооцоолол байдаггүй. Хүн ам өсч л байдаг, хэрэглээ түүнийг дагаад өргөжиж л байх ёстой. Хот ч тэр хэрээрээ тэлнэ, томорно гэсэн үг. Гэтэл бид иргэдээ орон нутаг суурьшуулна, хэрэглээ, өмчийг нь хязгаарлана гэх нь хэр зохистой юм бэ?

-Дэлхийн ямар ч хот хүн амын тоонд зориулж төлөвлөгддөггүй. Анхны суурин хотууд ч тэгж үүсч хөгжиж ирсэн. Гол нь төвлөрлийг сааруулах замаар хотын хөгжил зөв явах ёстой. Хүмүүс хот руу төвлөрдөг шалтгаан тодорхой. Эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хүсч ирдэг. Мөн дээр нь бизнесийн боломжийг эрэлхийлдэг. Яахав, төрийн зүгээс саяхнаас хотын төвлөрлийг сааруулах ёстой гэж ярьж байна. Сонгуулийн амлалт уу үгүй гэдгийг хэлж мэдэхгүй. Бодит байдал дээр төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр үүссэн жижиг үр дагавруудтай тэмцсээр байвал суурь өөрчлөлт хэзээ ч үүсэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *