Төмөр замаар 2023 онд 32.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 4.6 (16.7 хувь) сая тонноор нэмэгджээ.
Төмөр замаар тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 2.5 (28.7 хувь) сая, дамжин өнгөрөх ачаа 1.9 (60.6 хувь) сая, дотоодод тээсэн ачаа 491.9 (4.1 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Төмөр замаар тээсэн ачаа өнгөрсөн оны 12 дугаар сард 2.9 сая тонн болж, өмнөх сарынхаас 140.6 (5.1 хувь) мянган тонноор нэмэгджээ. Үүнд төмрийн хүдрийн тээвэр 245.4 (76.6 хувь) мянга, нүүрс тээвэр 35.1 (3 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Төмөр замаар өнгөрсөн онд тээсэн уул уурхайн бүтээгдэхүүн өмнөх оныхоос 3.6 (21.5 хувь) сая, хар төмөр (хаягдал, рельс гэх мэт) 56.6 (28.4 хувь) мянга, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 40.9 (25.3 хувь) мянга, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 22.8 (12.5 хувь) мянган тонноор өсөж, барилгын материал 773.6 (29.1 хувь) мянга, мод, модон материал 6.3 (10 хувь) мянган тонноор буурсан аж.
Төмөр замаар зорчигчид өнгөрсөн онд 2.2 (давхардсан тоо) сая болж, өмнөх оныхоос 226 (9.5 хувь) мянгаар буурчээ. Үүнд орон нутгийн зорчигч 230.2 (9.7 хувь) мянгаар буурсан нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр зорчигчид 2023 оны 12 дугаар сард 163.7 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 7.8 (4.5 хувь) мянгаар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Төмөр замын тээврийн орлого өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 376.7 (50.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Энэ өсөлтөд төмрийн хүдэр, нүүрс, жонш, жоншны баяжмалын тээвэрлэлт өссөн нь нөлөөлжээ. Төмөр замын тээврийн орлого өнгөрсөн оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 3.8 (3.9 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, 100 тэрбум төгрөг болсон аж.
One reply on “Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 4.6 сая тонноор нэмэгджээ DNN.mn”
Галт тэрэг хачин бөгөөд өвөрмөц унаа