Categories
мэдээ нийгэм

С.Батдөлд 10 жил хорих ял оногдуулсан Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв DNN.mn

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Д.Адъяацэрэн,Ж.Багамонгол Р.Дашбилэг,Б.Энхмандах, Р.Эрдэнэхүүнарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Батдөлийг нийтийн албан тушаал /Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга/ хашиж буй хугацаандаа 2.3 тэрбум төгрөгийн хахууль авсан, хахууль авсан мөнгөөрөө гурван объект худалдан авч мөнгө угаасан.

Мөн энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийх явцад хийгдсэн нэгжлэгээр илэрсэн 5.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт буруутгаж, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, нийт 12 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн магадлалаар шүүгдэгч С.Батдөлд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хахууль авсан хэрэгт найман жил хорих ял оногдуулсныг долоон жил, мөнгө угаах гэмт хэрэгт хоёр жил хорих ял оногдуулсныг 1 жил болгон өөрчилж, харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт оногдуулсан хоёр жил хорих ялыг хэвээр үлдээж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Батдөл нарын долоон хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь тус хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй хэмээн дүгнэж, С.Батдөлд нийт 10 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *