“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас 2023 оны Авлигын төсөөллийн индексийг гаргасан. Энэ удаа манай улс 180 улсаас 33 оноо авч 126 дугаар байрт орсон. Тиймээс “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргалаас энэ талаар тодрууллаа.
-Дэлхийн улсуудын 2023 оны авлигын төсөөллийн индексийг саяхан гаргасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Авлигын төсөөллийн индексийг энэ оны нэгдүгээр сарын 30-ны Улаанбаатарын цагаар 14:01 цагт зарласан. Энэ нь дэлхийн 180 улсад яг нэгэн зэрэг зарласан гэсэн үг. “Транспэрэнси Интернэшнл” байгууллага 1995 оноос хойш авлигын индексийг гаргаж байгаа. Манай улсын хувьд яг энэ үеэс л энэхүү жагсаалтад орж эхэлсэн. Тус байгууллага аргачлалдаа 2012 онд нэг удаа өөрчлөлт оруулсан.
-Ямар улсууд тэргүүлж, ямар нь сүүл мушгисан бэ?
-Энэ жилийн хувьд хамгийн өндөр оноо болох 90 оноог Дани, Финлянд 87, Шинэ Зеланд 85, Норвеги 84, Сингапур улс 83 оноос авснаараа тэргүүлж байгаа. Тэгвэл Йемен 16, Судан, Сир 13, Сомал 11 оноос авч, 180 орноос хамгийн сүүлийн байруудад орсон.
-Авлигын индексийг ямар шалгуураар гаргадаг юм бэ?
-Дэлхийн 180 улсыг хамарч гаргадаг болохоор 13 байгууллагын тухайн улсын эрсдэл, бизнесийн орчин, эрх зүйн тогтвортой байдал зэрэг судалгаануудад үндэслэдэг. Харин манай улсын хувьд хамгийн ихдээ есөн эх сурвалжаас мэдээллээ цуглуулж гаргадаг байсан. Гэтэл Дэлхийн банк сүүлийн гурван жилийн хугацааны Монгол Улсын дата мэдээллийг гаргаж өгөөгүй.
-Чухам яагаад гаргаж өгдөггүй юм бэ?
-Би хувьдаа Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагыг манай улсад салбартай учраас манай мэдээлэл илүү бодитой байна байх гэж итгэдэг байсан. Харин яагаад гаргаж өгөхгүй байгааг нь тухайн байгууллагаас асуух хэрэгтэй.
-Танай зүгээс энэ мэдээллээ өгөөч гэж албан ёсоор ханддаг уу?
-Транспэрэнси Интернэшнл байгууллагын Монгол дахь салбарын хувьд энэхүү үнэлгээн дээр ямар нэгэн зүйл хийх боломжгүй. Тухайн мэдээллээ гаргаж өгөөч гэх зэргээр байгууллагуудад хандаж болохгүй. Учир нь бид өөрсдийнхөө ажлыг үнэлүүлэх гээд байгаа юм шиг болчихдог. Харин яаж гаргадаг вэ гэхээр Дэлхийн банкаас гаргасан судалгаан дээрээс нь авлига, албан тушаалын гэмт хэрэг, ил тод байдалтай холбоотой хэсгүүдийг нь харж байгаад Транспэрэнси Интернэшнл байгууллагын төв дээр байдаг судлаачид хувьчилж, оноог нь гаргадаг юм. Мөн тус байгууллагаас авлигын барометр судалгааг явуулдаг. Энэ судалгааны асуултууд нь их энгийн. Бүх аймаг, сум, багийн 1500 иргэнээс та болон таны ойр дотнын хүн сүүлийн удаа эмнэлэг, шүүх, цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэхэд авлига төлөх хэрэгцээ гарсан уу. Хүүхдээ сургууль цэцэрлэгт өгөх, тог, дулаанд холбуулахад авлига өгсөн үү гэсэн асуултаар судалгааг авдаг. Энэ бол төсөөлөл бус жинхэнэ бодит зүйлийг асууж байгаагаараа өмнөхөөсөө ялгаатай. Уг судалгааг 2020 онд манай улсад хийсэн. Энэ жил хийх байх гэсэн хүлээлттэй байна.
-Манай улс энэ жил хэдэн оноо авч, хэдэд жагссан бэ. Манай улсын хувьд хамгийн өндөр оноог хэзээ авч байсан бэ?
-Сүүлийн таван жилийн хугацаанд авч үзвэл манай улс 2018 онд 37 оноотойгоор 93-т жагссан. Үүнээс хойш 2019-2021 онуудад 35, 2022 онд 33 оноо авч 116 дугаар байрт орсон. Энэ жилийн хувьд мөн 33 оноотой ч гэсэн 121 болж таван байраар ухарсан. Манай улс нэг, хоёр оноогоор нэмэгдлээ, буурлаа гээд яриад байдаг. Гэтэл хөгжилтэй, авлигагүй улс орнууд 50 онооноос доош бол хангалтгүй гэж үздэг. Авлигатайгаа тэмцэж чадахгүй, улс орны хөгжлийг хойш татаж байна гэж хардаг. Тэгэхээр бид 50-иас доош оноотой л бол муу гэж ойлгох хэрэгтэй.
-Транспэрэнси Интернэшнл байгууллагын гаргасан индексийг дэлхийн улс орнууд хэр үнэн, зөв гэж хүлээж авдаг юм бэ?
-Би түрүүн 13 эх сурвалжаас мэдээллээ авдаг гэж хэлсэн. Эдгээр нь бүгд бие даасан, хараат бус байгууллагууд. Тэд нар тухайн оронд хөрөнгө оруулбал ямар эрсдэл учирч болох вэ, эрх зүйн орчин нь ямар вэ, татварын орчин гэсэн судалгаа хийдэг. Улс орнуудын өрсөлдөх чадварын судалгаанаас ч зарим мэдээллүүдийг авдаг. Тэгэхээр манай улсад хөрөнгө оруулах гэж байгаа улс орнууд манайд ирэхээсээ өмнө эдгээр байгууллагуудын судалгааг харчихдаг. Ингээд эцсийн шийдвэрээ гаргадаг гэсэн үг. Миний хувьд дэлхийн өндөр хөгжилтэй бүхий л улс орнууд Транспэрэнси Интернэшнл байгууллагын энэхүү индексийг хүлээн зөвшөөрдөг гэсэн ойлголттой явдаг.
-Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, илрүүлэлт нэмэгдсэн нь авлигын индексээр ухрах шалтгаан болж болох уу?
-Нэг талаараа ингэж харж, ойлгож болно. Энэ чинь авлигын төсөөллийн индекс шүү дээ. Танд бизнес эрхлэхэд ямар байна, төрөөс дарамт байна уу гэх зэрэг асуултыг судалгааны байгууллагууд бизнесийн салбарын төлөөллүүдээс асуудаг. Харин энэ асуултад хариулж байгаа хүний төсөөлөл гэсэн үг. Уг нь авлигын тухай ярихгүй байвал авлига бага байгаа мэт санагдаж болно. Ийм ч хэрэг, тийм ч хэрэг илрүүллээ гээд хэвлэл мэдээллээр шуугиад байхаар асуултад хариулж байгаа хүнд авлига өссөн мэт төсөөлөл бууж болно. Мэдээж зарим нь өөрийн амьдралд учирсан зүйлээ бичсэн байж магадгүй. Миний мэдэхээр л сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой ажлын хэсэг байгуулаад авлигатай тэмцэж, зарим хуульд өөрчлөлт оруулж байгаа. Үүнээс тодорхой үр дүнгүүд гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хууль баталлаа гээд шууд нөлөөлөл гараад индекс сайжирна гэж байхгүй. Сайн хууль гаргах хэрэгтэй. Дараа нь хуулийн хэрэгжилтийг сайн хангаж байж илүү үр дүнд хүрнэ. Өнгөрсөн хоёр жилд хийсэн ажилд эерэг үр нөлөө байгаа бол энэ нь 3-4 жилийн дараа үр дүн нь гарч эхэлнэ. Дээрээс нь зарим байгууллагуудын судалгаа хоёр жилд гардаг. Энэ жилийн долоон эх сурвалжийн нэг нь энэ оны нэгдүгээр сард гарсан судалгаа байх жишээтэй.
-Авлигын индекс гаргачихаад ямар нэгэн зөвлөгөө, зөвлөмж өгдөг үү?
-Жил бүр л ямар нэгэн зөвлөмж өгдөг. Эндээс хуультай холбоотой зөвлөмж гэвэл 2022 онд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтыг ил тод болгооч гэж байсан. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Улс төрийн намын тухай хууль л батлагдсан. Нөгөө хоёрыг нь УИХ-аар хэлэлцсэнгүй. Уг нь миний санаж байгаагаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Ерөнхий сайд өөрийн гараараа УИХ-д даргад өргөн барьсан. Хөгжлийн банкны, автобусны гээд олон хэрэг ил болж байна. Эдгээр нь зохион байгуулалттай гэмт хэрэг ч байж мэднэ. Ер нь олон улсад энэ төрлийн гэмт хэрэг гэнэт гардаггүй. Зохион байгуулалттай, тооцоо судалгаатай байдаг гэж үздэг. Харин ийм гэмт хэрэг Шүгэл үлээгчийн хуультай, олон нийтэд мэдээлсэн хүнийхээ эрх зүйн байдлыг дордуулахгүй байж илэрдэг. Тиймээс энэ хуулийг матаас, мөнгөний гэх зэргээр гоочлохоос илүү нийгэмд сайн зүйл авч ирнэ гэдэг талаас нь хараасай гэж боддог. Мөн Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулиараа орд баялгийн эцсийн өмчлөгч нь хэн юм. Тэдгээр нь улс төрд нөлөө бүхийн хүмүүстэй ямар нэгэн байдлаар холбоотой юу гэдгийг л ил болгох юм. Манай улс авлигын индексээр байр ахихад энэ гурван хууль нэн тэргүүнд шаардлагатай байна.
One reply on “Э.Мөнхжаргал: Манай улсын авлигын индекст чухал нөлөөтэй мэдээллийг Дэлхийн банк сүүлийн гурван жил гаргаж өгөөгүй DNN.mn”
Гэрээнүүдэд шинэчлэх гэсээр байтал маш их цаг,хугацаа алдаж,гаднынханд хожиж байн даа.Цаг алдах тийм аюултай байдаг.
Одоо гүний олборлолт гээд сүйд хийж байна, хайрын цэвэр ус.Энэ бол их аюултай. Томоохон ган,гачиг дагуулна даа.