Цагаан сарын өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа болж байна.
ШИНЭ 100 АЙЛ
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна. Үзэсгэлэн худалдаа 2024 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр гарах аж.
Тус худалдаанаас хэрэглэгчид үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүн, хүнс, цагаан идээг ямар нэгэн нэмэгдэл өртөггүй авах давуу талтайг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолжээ.
ИМПОРТЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ХҮНС, БАРААНЫ ТӨРӨЛЖСӨН ХУДАЛДАА МИШЭЭЛД
Мишээл Экспод зохион байгуулагдаж буй “Цагаан сар -2024” үзэсгэлэн худалдаа энэ жил төрөлжсөн болж байгаагаар онцлогтой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 18-25-нд импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүн, нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2 хүртэл үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, хоёрдугаар сарын 3-9 хүртэл үндэсний болон импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаа гарч байгаа аж.
Зохион байгуулагчдын зүгээс мөн хэрэглэгчдийг урамшуулах зорилгоор өдөр бүр үнэ төлбөргүй сугалаа явуулж, гурван азтанг шагнаж байгаа гэсэн юм.
ХОТЫН ТӨВ РҮҮ ТҮГЖРЭХ ШААРДЛАГАГҮЙ “ХҮННҮ”-ГИЙН ЭКСПО
Нисэх, Яармаг бүсэд амьдардаг иргэд хотын төв рүү заавал очиж, түгжрэх шаардлагагүй нэг дороос бүх хэрэгцээт хүнс, бараагаа бэлтгэх боломжийг “Хүннү молл” худалдааны төвийн экспо танхимд болж буй үзэсгэлэн худалдаа олгож байна. Цагаан идээ, хүнс бараанаас эхлээд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрдсийн шинжилгээг ч үнэ төлбөргүй авч байгаа гэлээ.
Зөвхөн хүнснээс гадна бэлэн хувцас, гоо сайхны дотоод болон импортын бараа бүтээгдэхүүнийг тус худалдаанаас авах боломжтой.
НАРАНТУУЛ, ДЭНЖИЙН 1000-Д ЗАДГАЙ ТАЛБАЙН ХУДАЛДАА ГАРЧ БАЙНА
Дээрх төвүүдээс гадна томоохон зах, худалдааны төвүүдэд баярын барааны худалдаа хэдийнэ эхэлсэн. Нарантуул, Дүнжингарав, Бөмбөгөр, Хархорин зэргээс гадна Дэнжийн-1000, Нарантуул-2 зэрэг захуудад ч мах болон цагаан идээний өргөтгөсөн худалдаа гарчээ. Иймд та бүхэн өөрт ойр байршлуудад байгаа үзэсгэлэн худалдаанаас хэрэгцээт хүнс, бараагаа авахыг зөвлөж байна. Учир нь түгжрэлд цаг заваа зарцуулахгүйгээр өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанаас нэг дороос хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ бэлтгэх нь эдийн засгийн хувьд болон цагийн хэмнэлттэй байгааг иргэд олон нийтийн хуудаст бичиж байна.