Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Говь нутагт ойрд үзэгдээгүй зуд нүүрлэж, зузаан цасан бүрхүүл тогтжээ-II DNN.mn

Нар битүүгээр айлын эзэд боссон бололтой. Хот газарт сүүлийн хэдэн жил амьдарч, суудлын голдуу ажил хийсэн би өчигдөр жаахан хөдөлсөндөө нэлээд буларчээ. Гэлээ гээд лаглайтал хэвтээд байлтай биш. Мал дагаж, тэднийхээ буян заяанд сүсэлж явдаг улс энэ мэт ажлыг жилийн 365 хоног хийнэ. Гэтэл үеийн нөхдөдөө хөдөө өссөнөө гайхуулж явснаа бодохоор санаа ч зовмоор шиг. Бушуухан босч, дээл хувцсаа өмсөөд гарвал зүүн урдаас илч муутайхан нар дөнгөж цухуйж байна. Ц.Мөнхдорж ах эхнэрийн хамт утаа майгаа сэргээж, хотоо эргэж явна. Нэг муу хурга бусдадаа дарагдаад шил нь татчихаж, түүнийг гаргаж байна. Хурдхан очиж хашааны гаднаас авч, май дагуулан тавилаа. Хэдийгээр шил нь татчихсан ч бүр нүд аньчихаагүй, хивж байна, хөөрхий.

-Ингээд хэсэг халуун утаанд хэвтвэл босоод ирэх байгаа?

-Гайгүй байлгүй дээ.

-Нүдэн дээр мал үхээд байх хэцүү шүү?

-Хэцүү байлгүй яах вэ. Гэхдээ мал гэдэг өсөхөө ирэхээр үхэхээсээ хурдан шүү дээ. Үнэхээр заан ахын хэлснээр мал гэдэг ганцхан жилд л мянга дөхчихдөг амьтан. Ахтай ийн ярилцсаар өчигдөр орой л хашаандаа халтирч унаад өеөдчихөөд байсан охин халзан даага дээр очлоо. Уг нь түүнийг ганцаар тусад нь хашаалж, өвс тэжээл тавьж өгсөн ч дахиад л талаараа хараад унасан байна. Уяагаар оосорлож байгаад хүзүү, сүүлнээс нь өргөн босголоо. Босоод ирэхээрээ хаа очиж цовоо юм. Шуурганд уруудсан адуунаасаа цөөн хэдийг бараг хил дээрээс олж ирэхэд л хамгийн бага нь энэ амьтан гэрийнхээ барааг харжээ. Дээрээс нь охин юм болохоор уринтай золгуулчихвал хурд залгах болов уу гэж санана. Хүүхэд байхад ордог байсан зүс бороо одоо үзэгдэхээ байжээ. Газар дэлхий дэвтээж, ган тайлахгүйгээр асгаад л өнгөрнө. Ноднин зун гэрийн гадаа бараг л усан хуй дайраад өнгөрчээ.

Малдаа явсан эхнэртээ санаа зовж байтал саахалтын газраас хонио туусаар хуурай ирсэн байна. Энэ мэт үзэгдэл, байгаль цаг уурын хатуу ширүүн ихэссэн нь зориудаар цаг агаарт нөлөөлж, үүл бууддаг болсонтой холбоотой ч байж мэднэ гэж боддогоо ах нуусангүй. Гэнэтийн аюул хэзээ ч дайрч мэдэхээр болсон цагт эрчимжсэн мал аж ахуйг зөв зүйл л гэж санана. Гэхдээ өдий болтол малын тоо толгойны араас хөөцөлдөлгүй маллаж өдий хүрсэн болохоор уламжлалт ахуйгаа ч буруутгадаггүй. Буруутгаад ч яах билээ, малгүй Монгол гэж юу байх вэ. Ямартаа ч өнөө, маргаашдаа энэ хэвээрээ л малынхаа буян заяанд сүсэлж явах биз ээ хэмээн ярина.

Биднийг ийн ярилцах хооронд Р.Сарантуяа эгч “гэрлийн хурд”-аар л ажиллаж байна. Хэдийнэ нойтон хомоол шуудай дүүрэн түүгээд гэр рүүгээ чирч явна. Түүнийг нь гэрт оруулж өгвөл эгч сурмаг гэгч нь хэдэн төмөр түмпэнд хувааж хийгээд галаа тойруулан тавилаа. Ингээд маргааш өглөө хатахаар нь нунтаглаад тэжээлтэй холиод муудсан бог малдаа өгнө. Энэ бүгдээ ярингаа надад халуун цай аягалж, ширээн доороос өчигдөр хайрсан хуушуур гаргав. Гэрийн эзэн ч ороод ирлээ. Хамт суун цайлж байх хооронд эгч гэрийн зүүн орны дээрээс оосорлон өлгөсөн гар утсаар залгаж байна. Ярихыг нь сонсвол машин авахаар явсан дүү нь бололтой. Нэг машин үзсэн, хэр таарсан үнээр нь авахаар боллоо гэв. Харин эгч зөрүүлээд дүүгээсээ ажлын өдөр эхэлж, сумын банк онгойтол мөнгө сурлаа. Ахын нөгөө өчигдөр орой учрыг нь олоогүй тоон гарын үсгийнхээ учрыг өөрөө олоод тэтгэврийнхээ зээлийг авна гэнэ. Шалтгаан нь ах хүү өчигдөр орой 100 боодол өвс авахдаа банкаас мөнгөө авч чадалгүй байсаар өвснийхөө “барьцаанд” байж байгаад оройхон ирсэн нь тэр байжээ. Өвс зарсан хүн замын хүн учраас аль болох эртхэн төлбөр мөнгөө аваад буцахаа бодсон байлгүй. Ц.Мөнхдорж ах ирмэж байна. Эхнэр нь дүүгээсээ гадна хоёр охин, эгч рүүгээ залгаж байж өвсний өлтөг болох 1.7 сая төгрөгийг бүрэн цуглуулж, дараа нь өвсний эзэн рүү охиноороо шилжүүлүүлэхээр боллоо. Сумын төв дээр тээвэрлээд аваад ирсэн өвснөөс авч чадахгүй үлдвэл нэг бол төр засгийн гар харах, үгүй бол өөрсдөө аймаг, хот явахаас өөр замгүй. Гэтэл тэр хүртэлх машин тэрэгний түлш, жолоочийн хөлс гээд бүр илүү зардал гарна. Тиймээс ойрхон ирсэн дээр нь тэтгэврээ зээлээд ч болов ахиу өвс авахыг хичээнэ. Энэ хоёр малчин учраас эрт тэтгэвэрт гарсан аж. Гэхдээ цаг агаар, амьдрал хоёр дандаа ийм байх биш дээ хэмээн гэрийн эзэгтэй ихэд өөдрөг. Та бол үнэхээр шаргуу, гараас тань ажил их хурдан гардаг хүн байна. Нөхөр тань Сумын заан тулдаа л олон жил “тэсч” байгаа байх. Түүнгүй над шиг амьтан хоёр хоногт л чирэгдэж үхэх юм байна гэвэл эгч таатайхан цай оочилж, ах хань руугаа харан инээмсэглэв.

Заан гэснээс Ц.Мөнхдорж ах хар багаасаа нэгдлийн адуу маллаж, сүүлд 1980-аад оны сүүлээр хоёр жилийн цэргийн алба хааж ирээд ханьтайгаа гэр бүл болжээ. Хоёр биенээ багаасаа л таньж мэддэг, айл саахалт нутагладаг байв. Ардчилал гарч, зах зээл эхлэхээс өмнө нэг хэсэг сумын төвийн айл болж, эхнэр нь дэлгүүрийн худалдагч хийж, эмнэлэгт хүртэл ажиллаж явжээ. Нэгдэл тарж, мал хувьчлагдсанаар хөдөө гарсан ч нэг хэсэгтээ дэлгүүрийн худалдагчаа хийсээр л байж. Хөдөө гэрээсээ өглөө эрт очиж онгойгоод цайны цагаараа буцан ирж гэрийнхээ ажлыг амжуулаад яг л цагтаа онгойно. Тэгж байгаад нэг мөсөн хөдөөний айл болж, Дорж ах Алтанширээ сумынхаа наадамд 1991 онд үзүүрлэсэн байна. Харин бүр хойно буюу 2003 онд түрүүлж, Сумын заан болсон гэхээр олон жил тогтмол барилдсан бол шаггүй нэгэн байсан нь ойлгомжтой. Энэ хоорондоо угаас моринд дуртай учраас хусуур зүүж, хурднаа сойж аймаг, сумын олон наадамд айраг, түрүү хүртсэнээр сумын Алдарт уяач болжээ. Гэтэл 2000-аад оны зуд нүүрлэж, хоёр том нь сургуульд сурах болсноор мөн л хэсэгтээ сумын төвд амьдрав. Сургуулийн нэг сурагчтай байхдаа айлд суулгаад, зав зайгаараа эргэж очоод байж болдог байсан бол хоёрын хоёр охин хүүхдийг айлд суулгах аргагүй. Тиймээс л хэдэн малаа ах дүүгийндээ тавиад суманд амьдарчээ. Үүнээс өмнө хоёр тусдаа амьдрах гэж бас үзсэн байна. Залуу ч байж, хоёр талд байхаар амьдрал нэг л болж өгөхгүй болохоор ийм шийдвэр гаргасан хэрэг. Одоо ч гэсэн залуусын дунд ийм амьдрал элбэг. Эхнэр нь хүүхдээ аваад сум, аймагт амьдарч, нөхөр нь хэдэн малтайгаа хөдөө үлдэнэ. Ингээд л сүүлдээ хоёр тийшээ болох нь их гэв. Харин Дорж ах, Сараа эгч хоёр тухайн үед зөв шийдвэр гаргасан учраас амьдралаа үрэн таран хийсэнгүй явсаар хань бараандаа өдийг хүрч яваа. Одоо бол охид нь тус, тусын амьдрал зохиож, товхийтэл амьдарч байгаа. Аав, ээж ч, охид нь ч хэн хэнийхээ санааг зовоохгүй сэн хэмээн бодно.

Ц.Мөнхдорж ахыг ид морь уяж, мордуулсан болгоноо шахам үзүүрт хардаг байсан үед унаач хүүхдэд тэр бүр санаа зовдоггүй байж. Харин одоо бол хүүхэд нь аав, ээж мэднэ гэх. Эцэг, эх дээр нь очихоор хүүхэд мэднэ гэдэг үгээр ам тагладаг болжээ. Тэгэхээр хүүхэдгүй хүн морь уяна гэдэг бас л хэцүү болсон цаг. Тэрбээр 2007 оноос эхэлж сумандаа анх уях адуугаа тэжээсэн байна. Улмаар тэжээж онд оруулж байсан бор даага “даахин доор хүлэг” гэдгийг харуулж, азарга болтлоо сумын наадмуудад 10-аад орчим айрагдаж, асрын өмнө цоллуулжээ. Нэг жил бор азаргаа Зүүн бүсийн наадамд аваачиж уралдуулжээ. Азарга нь айргийн хойхно дараатай яваад байдаг. Хүүхдэдээ ч ингэж хэлжээ. Эзэн нь харин тархинд яваа азарганы уяач, олон сайхан хурдтай нэг нутгийн н.Шаравдорж гэж настай хүний машинд явах. Машины цонхоор унаачдаа ганц нэгэн зүйл хэлмээр санагдавч түрүүлж яваа азарганы эзнийг хойшоо суугаад миний морийг дагаадхаач гэж хэлэх нь увайгүй хэрэг гэж бодно. Тэгж байтал нөгөө тархилаад байсан азарга барианы газар гурван километр ойртоод байхад зүүн хойшоо даялаад хадуурчээ. Замаас гарсан азаргыг нэлээд хөөж, худаг дээрээс барьж аваад очиход Ц.Мөнхдоржийн бор азарга аман хүзүүдчихээд байхад эзэн нь байдаггүй гэсээр наадамчин олон бараг л эрэл сурал болон хүлээж байжээ. Энэ бол бид гурав цайлах зуур ярьсан ганцхан түүх. Түүнээс биш энэ мэт наадмын сонин сайхан, уясан морь нь айраг, түрүүнд хурдлахын жаргал алийг хэлж барах билээ. Алдарт уяач, Сумын заан ахын амттай яриаг тасалдуулж, сумаас Засаг дарга Н.Бүрэнтэгш тэднийх рүү гарсан мэдээ ирэв. Ирсэн гийчин буцах дөхсөн нь энэ. Хамт гарч үлдсэн хэддээ тэжээл өгч, зарим нэгийг нь услав. Ах хүү нэг адууны тэжээлд тусгайлан тос нэмж байна. Учрыг асуувал тамир тэнхээ оруулдаг нэмэлт тэжээл гэнэ. Түүнийгээ их дэлтэй цагаан үрээний хошуунд өлгөлөө. Өнөөх нь ч сурмаг юм. Ирэх жил уях бололтой. Тэгэхээр хөр цас ухаж, хэдэн малаа өргөж байгаа хатуу цагийн дурсамжийг арчиж энэ жилийн дэлхий дэлэгнэсэн наадмаар цагаан үрээ эзэндээ айраг амсуулах биз ээ.

Нэг үеийг бодоход эднийх рүү зам хагарчихсан учраас сумаас гарсан машин төд удалгүй ирлээ. Амар мэндээ мэдэлцэн, амны билгээ ярилцсаар гэрт оров. Засаг дарга сэтгэл сэргээсэн сайхан мэдээтэй иржээ. Ц.Мөнхдорж гэж энэ хүнийг “Сумын аварга малчин” цолд тодорхойлсон нь ёсоор болсон гэнэ. Гавьяа шагнал ихэдсэн үү гэхээс багадаагүй тухай амтай болгон л одоо ярьдаг. Гэвч эзнээ олоод цагтаа ирвэл сэтгэл сэргээж, урмаар тэтгэдэг зүйл. “Алдар нь над дээр ч ажил нь манай хүн дээр дээ” гэж алдарт хэлнэ лээ. Гэхдээ хамтын хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж байгаа нь энэ. Түүнээс биш нэг нь хийгээд нөгөө нь хөдөлдөггүй бол яах билээ. Аян замаа ерөөлгөөд гэрээс нь гарахад “Илгээлтийн эзэн”-ээ явчихаар хүн бүлгүй хэсэгтээ хэцүүднэ дээ гээд инээж байна. Үнэхээр “Нийслэл хүү” аятай очсон би хоёр хоног нэр хичээж, ажил анхиатай, малчин ах, эгчийнхээ ажилд чадлаараа л туслахыг хичээв. Гэвч хөдөөний амьдралаас хол хөндий болсон миний тус гэж юу базаах вэ. “Мал дээр гарвал таарна” гэж нэгнээ элэглэж, малчдын ажил хөдөлмөрийг энэ хэрээр үнэлдэг болсон болохоор хамгийн хүнд хэцүү, өдөр тутам, цаг наргүй хийдэг хэрнээ ямар ч нэргүй болсон хөдөлмөр малчдынх болох вий гэсэн бодол дотор эмзэглүүлнэ. Говийн нар илч гэрлээрээ ээж, гадаа хэдий дулаахан боловч ах, эгч хоёр маань дуусашгүй ч гэлээ халгаж үзээгүй ажилдаа ханцуй шамлан ороо доо.

“Говь нутаг өвөлдөө хүндэрвэл хавартаа сайхан байдаг юм гэнэ билээ” гэсэн амны бэлгээр нь болж тогтуун хавар, дэлгэр зун, налгар намар, өнтэй өвөл болоосой.

Т.Дарханхөвсгөл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *