Социологич, улс төр судлаач М.Баярсайхантай ирэх сонгуулиар иргэд ямар улстөрчийг сонгож гаргах нь зөв эсэх талаар ярилцлаа.
-Сонгууль болоход ердөө таван сар гаруй хугацаа үлдлээ. Мэдээж Цагаан сарын дараа сонгуулийн уур амьсгал ид орох байх. Таны хувьд ирэх сонгуулийг хэрхэн явагдах бол гэж харж байна вэ?
Монголын ард түмэн түүхэндээ байгаагүй шинэ сонголт хийх цаг дөхөж байна. Та сонгуулийн уур амьсгал цагаан сарын дараа ид орох байх гэлээ.
Үгүй ээ, улс төрийн хүрээнд бол сонгуулийн гал хэдийнэ дүрэлзэж эхэлсэн. Улс төрийн нам, улстөрчдийн дунд байрлалаа эзлэх хөдөлгөөн эхэлчихсэн явж байна. Тэр нь тойрогт дэвших үү, тойрогт дэвшлээ гэхэд хаана очих вэ, эсвэл намын жагсаалтаар яаж орох вэ гэдэг байрлалаа эзлэхээр бужигналдаж байна. Мэдээж ирэх сонгуулиар бид 126 хүнийг гаргаж ирнэ. Ингэхдээ 78 хүнийг сонгож, үлдсэнийг нь намд нь даатгана. Тэгэхээр тойргоос гарч ирэх хүмүүст бус намаас орж ирэх улстөрчдийг бид анхааралтай харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нам ямар хүмүүсийг жагсаалтдаа багтаасныг сайн үзэх хэрэгтэй гэсэн үг. Хэрэв тухайн улс төрийн хүчин намын жагсаалтаар орж ирэх 48 хүнийхээ дунд нэг, хоёр хулгайчийг оруулж ирсэн л бол тэр намд саналаа битгий өгөөрэй гэж хүсье.
-Нэг, хоёр муу нэртэй улстөрчид орлоо гээд үлдсэн 40 гаруй улстөрчийг үгүйсгэх хэрэг байна уу?
-Улс төрийн нам гэдэг бол ганцхан зорилготой. Тэр нь олонх болж Засгийн эрхийг барих. Дангаараа төр барих гэсэн үг. Нөгөөтэйгүүр 48 хүн гэдэг бол нэг баг гэсэн үг. Тэр утгаараа багт хулгайч байж л байвал тухайн намын бодлого зөв явахгүй. Тиймээс намын жагсаалтад орсон гишүүдээ танилцуулах явцад нь иргэд сонгогчид маш сайн судлах шаардлагатай. Томсгосон тойрог учир зүс таних хүмүүсээ дэмж гэсэн зүйл байхгүй. Таны таньдаг, таньдаггүй хүн гэхээс илүү улс төрийн манлайлал нь юу вэ, ямар бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна вэ гэдгээр нь дүгнэлтээ хийх хэрэгтэй.
-Ирэх сонгуулийг бид шинэ тогтолцоо, шинэ хуулиар явуулахаар болсон. Үүнд сонгогчид хэр идэвхтэй оролцох бол. Учир нь сонгууль өгөөд яах ч юм билээ, адилхан л хулгайч гарч ирнэ гэсэн бодолтой иргэд цөөнгүй байна л даа?
-Мэдээж төрд итгэх иргэдийн итгэл суларсан нь үнэн. Хамгийн сүүлийн судалгаагаар улс төрийн томоохон гэгдэх хоёр нам нийлээд ч цагаан сонголтод хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл МАН, АН хоёрын санал авах рейтинг цагаан сонголтоо давж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр үлдсэн таван сарын хугацаанд улс төрийн намууд хэнийг хаана дэвшүүлэх вэ, хэнийг жагсаалтаар гаргаж ирэх вэ гэдгээ сонгогчдодоо эртхэн зарласан нь зөв байх. Учир нь энэ багаараа энэ имиджээрээ сонгуульд оролцвол судалгааны дүн худлаа хэлэхгүй болов уу. Тэр утгаараа улс төрийн ууган хүчнүүд тойргийн хуваарилалтыг маш нарийн бодож төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр иргэд сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Хэн, ямар нам өрсөлдөж байгаагаас үл хамаараад Монгол төрийн сонгуульдаа оролцох ёстой. Ингэж байж бид эрх зүйт төрөө үргэлжлүүлэн авч явна. Ингэж байж бидэнд ардчилсан тогтолцоогоо засах, сайжруулах боломж гарч ирнэ. Бүх нийтээрээ төрийн хулгайтай тэмцэж байна. Тэр утгаараа иргэдийн хамгийн үр дүнтэй тэмцэл бол сонгуульдаа оролцох. Саналаа өгөх. Хэрэв санал өгөхгүй, сонгууль надад хамаагүй гэсэн хандлагатай байвал төрийн хулгай улам л гаарна.
-Ер нь судлаач хүний хувьд бид энэ сонгуулиар яг ямар хүнийг сонгох ёстой вэ. Сонголтоо хийхийн тулд ямар шалгуур тавих нь чухал бол?
-Түрүүний асуултад нэмээд нэг судалгааны дүн хэлье. SICA судалгааны байгууллагаас залуучуудын дунд явуулсан судалгаагаар 70 хүртэлх хувь нь 25-40 насны нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Тэгэхээр ирэх сонгуулийн үр дүнд бүрдэх парламентын ихэнх хувь нь энэ насны залуучууд байх болов уу гэсэн таамаг байна. Юуны өмнө ямар ч хулгай, тендер, аливаа сангийн зээлд нэр холбогдоогүй улстөрчийг сонгох хэрэгтэй. Энэ шалгуурыг олон хүн сонголтдоо тавих байх. Улстөрчийн хамгийн үнэт зүйл бол нэр төр. Тиймээс энэхүү сонгуулиар тэрхүү нэр төр ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ард түмэн улстөрчдөд ойлгуулсан сонгууль болоосой гэж хүсч байна. Учир нь аливаа хулгай, луйварт нэр холбогдсон улстөрчдөд дараагийн сонгуулиар ямар ч боломж байхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Одоо манай улстөрчдөд нэг зүйл их тодорхой харагдаж байна. Тэр нь би бусад улстөрч шиг дөрөв, таван хэрэгт нэр холбогдоогүй. Ганц хоёр хэрэгт холбогдсон гэх мэт хэргийнхээ тоогоор өөрсдийгөө өршөөх хандлагатай болж ирлээ. Ийм зүйл байж болохгүй. Хэрэг хийсэн л бол их, бага нь хамаагүй шүү дээ. Нөгөөтэйгүүр хэн илүү хөрөнгө зарж сонгуульд оролцож байна, түүнийг анхааралтай ажигла. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас нас, хүйс, боловсрол, ажил амьдралын туршлагын хувьд аль болох өөр, олон янз байж чадвал ард түмнийг төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүн аль болох алаг, өөр өөр байх ёстой.
-Үе үеийн парламентын бүрэлдэхүүнийг харахад голцуу хуульч, эдийн засагчид их орсон байдаг. Та бол парламент аль болох алаг байх хэрэгтэй гэж байна шүү дээ…?
-Тухайн нэр дэвшигч ямар мэргэжилтэй вэ гэдгээс илүү юу хийх вэ гэдэг нь л чухал. Өөрөөр хэлбэл бид хуульч, эдийн засагч учраас заавал сонгоно гэсэн үг биш. Хуульч гээд ярихад Үндсэн хуулийн үнэт зүйлийн эсрэг ажиллаж байсан хуульчид ч нэр дэвшиж байх жишээтэй. Тиймээс Үндсэн хуульт ардчилалд үнэнч эсэх нь тухайн нэр дэвшигчийн суурь шаардлага байх хэрэгтэйг хэлэх хэрэгтэй.
-Сонгогдоод гараад ирсэн улстөрчдөөс бид юуг хамгийн түрүүнд шахаж, шаардах ёстой вэ?
-Өнгөрсөн хоёр ч сонгуулиар нэр цэ вэр, шинэ залуу байх шаардлагыг тавьж байсан. Энэ жил ч гэсэн энэхүү шаардлага дээрээ нэмээд боловсролтой, тухайн улстөрчийн хувийн хандлагыг илүү харах бололтой. Гэхдээ нэг зүйл хэлье. Нэр цэвэр, шинэ залуу байх нь эрх мэдэлд очоод яг тиймээрээ байна гэсэн баталгаа биш шүү. Нөгөөтэйгүүр өндөр боловсролтой гэж өөрийгөө сурталчилж байгаа ч яг тэр өндөр боловсролоо нийтийн эрх ашгийн төлөө зориулна гэх баталгаа ч байхгүй. Тиймээс явж явж сэтгэлтэй хүнийг л сонгох хэрэгтэй болж байгаа юм. Нөгөөтэйгүүр иргэд, сонгогчид өөрсдөө байнгын хяналттай л байх хэрэгтэй. Нэр дэвших явцад нь тухайн нэр дэвшигчийн амлалтыг авч, хэрэв сонгогдоод гараад ирлээ гэхэд тухайн гишүүнээс амлалтыг нь байнга нэхэж, хянаж байх шаардлагатай гэсэн үг. Иргэд, сонгогчдын ийм идэвхтэй бүлгүүд л үүсч байж бид хүсч буй өөрчлөлтөө авчирна.
-Сонгууль дөхсөнтэй холбоотой гишүүд ажлын тайлан сэтгүүлээ гаргасаар байна. Тус тайланг нь харахад гишүүд хөгшчүүдийн эмчилгээ, хүүхдүүдэд англи хэлний курс хичээллүүлсэн, зам талбай зассан гээд олон ажлыг бичсэн байна. Тэгвэл энэ нь УИХ-ын гишүүний үндсэн ажил мөн үү?
-Уг нь тухайн гишүүн хүүхдүүдэд англи хэл зааж явахын оронд үндсэн үүрэг болох боловсролын холбогдолтой хуулиудыг нь сайжруулахыг санаачилж, боловсруулж, батлах ёстой. Мэдээж УИХ-ын гишүүн гэдэг нийт ард түмний төлөөлөл байна. Тэр утгаараа улс орны хэмжээний асуудлыг бодлого, эрх зүйн хувьд өөрчлөх, шинэчлэх, засах, сайжруулах ажлыг л хийх ёстой. Тиймээс одоо улиг болсон зам талбай, сургууль цэцэрлэг барих гэх мэт зүйл ярьсан улстөрчдийг сонгохгүй, дэмжихгүй байхад л болно. Үүнийг харин бид Засгийн газрын салбар салбарын сайд нараас илүүтэй шаардах хэрэгтэй.
One reply on “М.Баярсайхан: Нэр цэвэр, шинэ залуу байх нь эрх мэдэлд очоод яг тиймээрээ байна гэсэн баталгаа биш шүү DNN.mn”
УИХ ын гишүүдийг эргүүлэн татах хууль батлагдаагүй цагт ШИНЭ ГИШҮҮД ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ ОРООЦОЛДОХ,ХУУЛЬ ЗӨРЧИХ,ХУЙВАЛДАХ ОДООГИЙН ЭНЭ БЙДАЛ ҮРГЭЛЖИЛНЭ,ЗАСРАХГҮЙ,АЛДААГАА ДАВТАН ХИЙЦГЭЭНЭ.
ЁС ЗҮЙ,ЁС СУРТАХУУНГҮЙ БАЙХ ОДООГИЙН ЭНЭ БАЙДАЛ ЗАСРАХГҮЙ Ш ДЭЭ.