FOMO буюу “хоцрох айдас”-ын тухай сэтгэлзүйч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хоцрох айдас гэж юу вэ?
-Орчин үед анхаарал татаж байгаа, маш сонирхолтой асуудлыг хөндөж байгаад талархаж байна. Хоцрох айдсыг “Fear of Missing Out” буюу Fomo гэж нэрлэдэг. Сэтгэл судлаачид 2000 оны эхээр хүмүүс интернэтийг идэвхтэй ашиглах үзэгдлийг тайлбарлахдаа хүмүүс аливаа үйл явдлаас хоцрох айдас мэдрэмжтэй холбоотой болохыг тогтоож энэхүү нэр томьёог ашиглах болсон. Сүүлийн жилүүдэд хоцрох айдсын үр нөлөөний талаар судалгаанууд эрчимтэй хийгдэж байна. Гэхдээ нэр томьёоны хувьд сүүлийн 20 гаруй жил хэрэглэгдэж байгаа ч анхнаасаа хүмүүст байсан мэдрэмж юм.
-Сүүлийн жилүүдэд ШУ-д энэ зүйл хэр их байр суурь эзлэх болсон бэ?
-Өнөөгийн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж нэрлэгдэж байгаа мэдээллийн эрин зуунд хүмүүс улам бүр олон нийтийн сүлжээг ашиглах нь нэмэгдэж байна. Хосолмол нийгмийн хүмүүс гэж би нэрлээд байгаа. Яагаад гэвэл хүмүүс өөрт оногдсон цаг хугацаагаа бодит харилцаа болон цахим нийгмийн харилцаанд хослуулан зарцуулж байна. Үүнтэй холбоотой хүмүүс олон нийтийн сүлжээнээс их хэмжээний шүүлтүүргүй мэдээллийг хүлээн авдаг. Жишээлбэл хүмүүс бусдыг хэрхэн чөлөөт цагаа өнгөрөөдөг, ямар ажил, карьертэй явна, тэр ч байтугай гэр орон, хувцас, хэрэглэл, ямар хоол идэж байгааг харж байдаг. Энэ бүгдийг харах нь өөрийгөө бусадтай харьцуулах, ямар нэгэн зүйлээс хоцроод байгаа юм шиг мэдрэмжийг хүнд хүчтэй төрүүлдэг гэсэн үг.
Цахим сүлжээг идэвхтэй ашиглах нь хоцрох айдсыг бий болгодог эсвэл тухайн хүн хоцрох айдастай учраас цахим орчинд олон цагийг өнгөрөөдөг гэж судлаачид үзээд байгаа юм. Сэтгэлзүйч Эрин Вогелийн хэлснээр Fomo хүмүүс дараах шинж чанартай.
Аливаа зүйлд цаг хэтрүүлэх буюу удаан хугацаагаар цахим орчинд байх. Биеийн ядаргаа, ядарч сульдсан мэдрэмж үргэлж мэдрэх. Төвлөрөх чадвар муудах, нойргүйдэх гэх мэт.
-Хоцрох айдас хүний сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?
-Fomo бол сэтгэл зүйн эмгэг биш. Өөрөөр хэлбэл эмгэг, өвчин огт биш. Гэхдээ хүний ажил, амьдрал, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүй, бие махбодид сөрөг нөлөөтэй. Хэт бусдын тухай, ялангуяа өөрөөс нь амжилттай яваа хүмүүсийн мэдээллийг байнга өдөр тутам авах нь сөрөг нөлөөтэй. Ялангуяа тэр хүний амьдралд шийдвэрлэх асуудал их байх тусмаа Fomo-д их автана. Интернэтээс өмнө хүмүүст өөрийгөө бусадтай харьцуулах, хоцрох айдаст автах тохиолдол байсан ч орчин үеийн мэдээллийн хурдтай нөхцөлд улам бүр нэмэгдсэн. Ингэснээрээ өсвөр насныхны сэтгэл зүйд илүү их хор хөнөөл учруулах болсон.
Хүн бүрийн амьдрал адилгүй шүү дээ. Бид заавал хэн нэгэнтэй адил байх албагүй. Өөр өөрийн хувь тавилангаар амьдралыг туулаад дуусна. Гэвч олон нийтийн сүлжээ энэ ойлголтыг өөрчлөөд байна л даа. Зарим хүмүүс олон мэдээллийг өдөр бүр авах бүрдээ өөрийн нөхцөл байдалтайгаа харьцуулж, санааширч байдаг байна. “Түүн шиг гоё, сайхан байж чадахгүй, би хичээгээд ч ийм болж чадахгүй” гэж өөртөө урам хугарах, гутрах, шантрах гээд олон асуудалтай тулгарна. Асуудалд бодит бусаар хандаж ямар нэг зүйлээс хоцорч байна мэдрэмжтэй больчихдог. Үүний үр дүнд урам нь хугарч, өөрийгөө дутуугаар үнэлдэг, өөртөө сэтгэл дундуур болчихдог.
Энэ нь сэтгэл зүйн тулгамдсан асуудал болчихдог. Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хүн бусдаас суралцах, үлгэр дуурайл авах эрхтэй, гэхдээ хоцрох айдаст автаж болохгүй. Өөртөө талархаж, өөрийн сайн талаа ямагт зүлгэж, өөрийн гэсэн эрхэмлэх үнэт зүйлтэй, өөрийн амьдралаараа л амьдрах нь сайхан гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдрал олон өнгөтэй. Олон нийтийн сүлжээнд байгаа гоё сайхан бүхэн гоё биш. Дийлэнх хувь нь бизнес зорилготой гэдгийг л анхаарах нь чухал шүү гэж хэлмээр байна.
-Энэхүү айдсаасаа салж чадахгүй бол юу болох бол?
-Хэрэв хүн хоцрох айдастай болчихвол бусдын амьдрал, хувийн асуудлыг хэт их сонирхож эхэлдэг. Батаа яасан бол, Дулмаа яасан бол гэх мэт бусдын тухай илүү их боддог, сонирхдог. Өөрөөр хэлбэр би өнөөдөр юу хийх вэ гэж бодох биш Батаа юу хийж байгаад илүү анхаарч эхэлдэг. Тиймээс орхигдсон, хоцрогдсон мэдрэмжийг авч бүх зүйлд сэтгэл ханамжгүй болж эхэлдэг. Цаашлаад амьдралын идэвх бүтээмж буурах, түгшүүр, айдаст автах, бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
-Хүн мэдлэг боловсролгүй байх нь хоцрох айдас их хэмжээгээр байх шалтгаан болдог уу. Нийгмийн ямар бүлэгт энэ шинж тэмдэг их илэрдэг вэ?
-Fomo үүсэх нь мэдлэг боловсролоос илүү хүний сэтгэл зүйн төлөв байдалтай холбоотой. Хоцрох айдасыг үүсгэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт гар утас болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь өөрийгөө бусадтай харьцуулах нөхцөлийг өөрийн эрхгүй бүрдүүлж байгаа нь голлох шалтгаан юм. Хоёрдугаарт тухайн хүний сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь доогуур байгаа бол аливааг энгийн зүйл хэмээн хүлээн авч чадахгүй өөрийгөө бусдаас муу байна гэж боддог. Fomo өөртөө сэтгэл ханамжгүй байдаг, өөрийнхөө давуу тал, үнэ цэнэ, сайн сайхан зүйлийг олж харахгүй байгаа бүлгийнхэнд илүү илэрнэ.
-Хоцрох айдас дээр тулгуурлан компаниуд хэрхэн бараагаа борлуулдаг вэ. Жишээ нь шинэ кино нээлтээ хийх үед бүх нийтээрээ шуурдаг, Iphone шинэ загвар гарах үед зайлшгүй шаардлагагүй ч авах зэрэг үйлдэл нь хоцрох айдас мөн үү?
-Яг тийм. Энэхүү жишээ нь хоцрох айдас үүсгэх нэг шалтгаан. Гадны орнуудад Fomo маркетинг гэдэг нэр томьёо ч байдаг. “Та хоцорлоо, яараарай” гэдэг сурталчилгаа элбэг байдаг даа. Энэхүү маркетингийн арга нь “Би бусдаас хоцроод байна, хоцорчихвол яана аа” гэх дотоод айдсыг бий болгодог. Компаниуд хэрэглэгчдийн энэ сул тал дээр маш сайн ажилладаг. Fomo үүсгэх сурталчилгаа яаж явдаг вэ гэвэл хүмүүс бүтээгдэхүүн худалдан авч байгааг харуулах, урамшууллын хугацаа дуусах хүртэл тоолох цагийг харуулах, хүмүүс хэрхэн бужигнаж байгааг харуулах зэргээр явагддаг. Энэхүү худалдаанд оролцохгүй бол хоцрох айдас хүмүүст бий болно.
-Хоцрох айдастай байхад давуу тал бий юу?
-Хоцрох айдас нь зарим хүмүүст мотиваци, өөрийгөө хурцлах, илүү хичээх шалтгаан болно. Гэхдээ илүү хичээдэг, хүчирхэг, өөрийн үнэ цэнээ мэддэг хүмүүст яг үнэндээ хоцрох айдас байхгүй. Тиймээс Fomo давуу тал гэж байхгүй, сөрөг үр дагавар л гэж бий.
-Эсрэгээрээ Jomo буюу баяр баясал гэдэг ойлголтыг хоцрох айдастай зэрэгцүүлж ярьдаг болж. Эдгээрийн ялгаа юу вэ?
-Fomo-той хүний хийдэг зүйлсийн эсрэг үйлдэл хийх. Таныг аз жаргалтай болгодог тэр зүйлдээ төвлөр. Таныг юу аз жаргалтай болгодог вэ түүнийгээ хий. Аз жаргал, баяр баясгаланг бүтээ гэсэн үг. Бүх зүйлд оролцох гэж гүйх биш хамгийн ач холбогдолтой, баяр баясалтай зүйлдээ заавал цаг гаргаж бай гэж энгийнээр хэлмээр байна.
-Монголын нийгэмд Fomo-той хүмүүс давамгайлдаг уу?
-Fomo-г өдөөгч гол хүчин зүйл бол цахим хэрэгцээ. Монголчууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг маш идэвхтэй ашигладаг. Цахим орчин нийгмийн харилцаанд маш том зай эзэлдэг. Ялангуяа манай улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдал хүнд, цалин бага, баялгийн тэгш бус хүртээмжтэй, авлига гээд нийгмийн олон асуудал нь цахим орчинд иргэдийг бухимдалд хүргэдэг. Үүнээс үүдэлтэйгээр ч хоцрох айдас үүсч байгаа.
-Хоцрох айдсаа хэрхэн давж туулах вэ?
-Fomo-г ялна, даван туулна гэдэг нь өөртөө сэтгэл ханамжийг өгнө гэсэн үг. Тиймээс амьдралын сэтгэл ханамжаа нэмэгдүүлэх алхмууд хийх явдал юм. Өөрт тань хоцрох айдас байна уу гэдгийг мэдэр. Түүний дараа өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр. Хэрэв таны ажилтай гарцаагүй холбоотой биш л бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээс завсарлага ав. Тухайн цаг мөч, хүрээлэн буй хүмүүс, хүрээлэн буй орчинд илүү их анхаарал хандуулахыг хичээ. Амьдралд дутагдаж байгаа зүйлийнхээ оронд одоо байгаа зүйлд анхаарлаа хандуулах нь маш чухал. Хөгжилтэй дурсамж, туршлагаараа тэмдэглэл хөтлөх, аялах гэх мэтээр аз жаргалтай, хөгжилтэй зүйлүүдийг амьдралдаа бий болгох хэрэгтэй. Ялангуяа байгальд гарч, бүтээлч хөдөлмөр хийх зэрэг нь тустай.
-Хоцрох айдсыг эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдэд өгөх тохиолдол байдаг уу. Тухайлбал “үеийнхэн чинь мундаг байхад чи ямар ч урагшгүй” гэх мэт хандлага зөв үү?
-Манай эцэг, эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ харилцах, тэднийг ойлгох тал дээр алдаа дутагдал гаргах нь түгээмэл. Аль ч насны хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг. Гэтэл хүүхдийнхээ нас, сэтгэл зүйн онцлогийг мэдэхгүйгээс гаргадаг алдаануудын нэг бол бусад хүүхдүүдтэй харьцуулах, адил байхыг шаардах, эсвэл өөрийн дутуугаа хүүхдээрээ гүйцээх нөхөх гэж шахах зэргээс үүдэлтэйгээр хүүхдүүдэд хоцрох айдас бий болдог. “Чи бусадтай адил байх ёстой” гэх нь нэг талаас хоцрох айдас үүсгэх шалтгаан мөн. Хүүхдээ бусадтай адил байхыг шаардах бус илүү өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөрийнхөө хүсэл, зорилгоор эрч хүчтэй хичээдэг хүн болгон өсгөхөд анхаарах ёстой. Үүний тулд хүүхдийнхээ бодит хичээл зүтгэлийг магтан урамшуулдаг, илүү итгэж найдаж байгаагаа илэрхийлдэг, хайрладаг, хүндэлдэг, ярилцдаг байх хэрэгтэй. Шүүмжлэх бус дэмждэг, хамтардаг, загнах зэмлэх бус сонсож зөвлөдөг байх маш чухал. Учир нь эерэг хандлагын үр дүнд хүүхэд өөртөө итгэлгүй болох, өөрийгөө үнэ цэнэгүй гэж мэдрэхээс урьдчилан сэргийлдэг юм. Хүүхдэдээ дахин давтагдашгүй цорын ганц үнэ цэнэтэй хүн гэдгийг нь ойлгуулж, амьдрал олон янз гэдгийг мэдрүүлж өсгөх нь чухал.
2 replies on “Б.Оюун-Эрдэнэ: Хүн хоцрох айдастай болчихвол бусдын амьдрал, хувийн асуудлыг хэт их сонирхож эхэлдэг DNN.mn”
Mash chuhsl asuudliig hundjee.