Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусдаас өрсөх гэсэн монголчуудын энэ муу ёрын зан мөн ч их гай тарина даа DNN.mn

Хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотод аймшигтай том осол боллоо. Хамгийн харамсалтай нь, ажил үүргээ гүйцэтгэж явсан идэр гурван залуу ослоор нас барлаа. Хориод хүн түлэгдэж, 60 айл орох оронгүй болж, 20 гаруй машин шатсан аймшигт ослын талаар одоо ч мэдээлэл хөвөрсөөр. Осол юунаас болж гарсныг мэргэжлийнхэн тогтооно. Одооохондоо энгийн ухамсрын түвшинд харахад газ буюу шингэн хий тээвэрлэж явсан том оврын машин уулзвар дээр эргэхдээ нэгдүгээр эгнээнд явсан машинтай шүргэлцсэнээс үүдэн газ алдагдаж, хүчтэй дэлбэрэлт үүсчээ. Монголоос өөр газарт ийм аюултай ачаа тээвэрлэж яваа том тэрэг ингэж эргэж осол үүсгэдэг, тэсрэх бөмбөг шиг ачаатай том тэрэгний хажуугаар жижиг тэрэг чихэж ордог эсэхийг мэдэхгүй юм. Ямартаа ч газ тээвэрлэж яваа том тэрэгний хажуугаар суудлын машин чихэж орж аймшигт осол гарлаа.

Эндээс юу харагдаж байна гэхээр бусдаас өрсөх гэсэн монголчууд бидний муу ёрын зан л тод харагдаж байна. Машиндаа суув уу, үгүй юу урагшаа үхэн хатан зүтгэдэг нь монголчуудын зан. Хэн нэгэн амь тавин үхэх гэж байгаа мэт, тэр хүн дээр амьсгаа хураахаас нь өмнө очих гэж байгаа мэт урагшаа ухаангүй дайрдаг. Бусдаас өрсөж явах гэж, хэн нэгний өмнүүр орох гэж үхэлдэн чихдэг. Нүүдэлчдийн амьдралд ийм зан байдал таарч байсан байж болно. Гэхдээ хөдөөнийхөн ингэж ухаангүй дайрдаггүйг бодоход гайгүй мэт. Бусдаас өрсөх гэсэн энэ муухай зан суурин соёл иргэншилд огт таардаггүй. Ямар нэг очер дараалалд ч монголчууд зогсож сураагүй, өмнүүр нь дайрч түрүүлж авахыг л боддог. Онгоц буухад энэ зан их тод илэрдэг. Онгоцны урд суудлынхан түрүүлж бууж байж л араас нь гарах боломжтой гэдгийг захын нэгэн мэддэг баймаар. Онгоц бүрэн зогсож аюулгүй боллоо гэснийг илтгэсэн суудлын даруулгын гэрэл унтрангуут урд ардгүй пижигнээд босчихдог. Гар тээшээ ухаж, дээрээс цүнх саваа буулгахдаа бусдынхаа толгой тархийг дэлсээд авахаа юман чинээ бодохгүй, түрүүлж буух гээд л давчдаад эхэлдэг нь гайхмаар.

Ачаа бараа зөөдөг том тракууд хот дотор хэрхэн тээвэрлэлт хийдэг талаар гадаадад байдаг монголчуудаасаа асууж сонирхлоо. Америкт л гэхэд шөнө хөдөлгөөн татарсан хойно том тракууд хотын замаар явдаг юм байна. Бас яахав, саяын дэлбэрдэг том машин шөнөөр тээвэр хийж явжээ гээд бодож дуусаагүй байхад дараагийн тайлбарууд нь үнэхээр биднийг алмайруулмаар байлаа. Америкийн том тракууд хотод шөнөөр тээвэр хийж уулзвараар мөн л хоёрдугаар эгнээнээсээ эргэдэг аж. Энэ үеэр бусад тээврийн хэрэгслүүд хүлээгээд зогсож байдаг. Том машин эргэлтээ хийгээд бүр холдсоны дараа л хөдөлгөөн хэвийн үргэлжилдэг байна. Ингэх нь дүрэм журамдаа байдаг эсэхийг мэдэхгүй юм, ямартаа ч бүр хэвшил болсон зүйл. Мэдээж энэ нь болзошгүй ямар нэгэн ослоос өөрсдийгөө болон бусдыг хамгаалсан үйлдэл байх. Мөн шөнө дөлөөр ажлаа хийж яваа тракийн жолоочийг хүндэлсэн үйлдэл шиг санагддаг гэж Америкт амьдардаг танил маань ярьсан юм.

Манайханд бол бусдыг явж өнгөртөл хүлээх гэсэн ойлголт байдаггүй. Урдуураа нэг машин оруулбал арын машинууд дургүйцэж гэрлээрээ дохидог. Хоёр машин оруулчихвал бүр уурлаад араас сигналдаад эхэлдэг ийм л ууртай, яаруу давчуу ард түмэн шүү дээ. Мөн бид ажил хийж байгаа хүмүүсээ хүндэлдэггүй. Гудамж цэвэрлэж яваа

ТҮК-ийн ажилтны хогийг тарааж хаяхаа юман чинээ бодохгүй. Ер нь ажил хийж байгаа нэгнээ хог шаар шиг үздэг ийм л хүмүүс.

Манай хотын зам дээр том оврын машинууд, дэнхэр автобусууд эгнээ байраа сэлгэн давхиж, нэг машины ч болтугай өмнүүр орох гэж дайрдаг. Ингэхдээ сигналдаж, шахаж жижиг машинуудыг даапаалан дээрэлхдэг. Өөрийгөө сэргэлэн гэж бодсон нэг эргүү нь түргэний машины араас дагаж давхиж, бусдыгаа хожиж байна гэж баясдаг. Тэр машин дотор үхэл амьдралын заагт байгаа өвчтэй хүн явааг тоодоггүй. Бусдыг хүндлэх ёс зүй ихэнхэд маань төлөвшөөгүй байдаг гээд бодохоор бид чинь адгуус малаас нэг их ялгараад байх юм байгаа юмуу ч гэж хүртэл харамсмаар.

Бусдаас өрсөх гэсэн энэ өөдгүй зан чанар монголчууд бидэнд хэдийд бий болсон юм бол. Сүүлийн 30 жилд үү, өмнө байсан хэрэг үү гэдгийг угсаатан судлаачид судалж тогтоох биз. Тэгвэл бурхан өгөх ёстойг нь өгдөг болохоос илүү юу ч өгдөггүй гэж тал нутгийн өвгөд сургадаг байсан. Яаж ч хичээсэн чамд өгөх ёстойг л өгдөг илүү нэг амьсгаа ч өгдөггүй юм даа гэдэг

хэчнээн үнэн билээ. Бид овсгоотойдоо юм олоод байгаа юм биш, олох ёстой болоод олдоод байгаа юм гэдэгсэн.

Манай ихэнх жолооч нар амьдралын философийн эсрэг үйлдэл хийдэг. Ингээд хожсон хүн байдаггүй, амь нас, эдийн засгаараа хохироод үлддэг. Манай нэг туршлагатай сэтгүүлчийн ярьсан жишээ бий. 2010-аад оны үед Японд албан айлчлал дагалдаад сэтгүүлчдийн баг явжээ. Тэдний суусан машин замын хөдөлгөөнд оролцохдоо юм л бол урдуураа машин оруулаад, заримдаа бусдыг өнгөрөхийг хүлээгээд ер нь урагшаа явах дургүй жолооч байж. Манайхан ч яахав, урагш ахидаггүй, явдаггүй юм, ийм сайхан зай байхад дайраад дайраад бушуу явахгүй гээд жолоочийгоо муулангуй явж. Одоо бодоход хөөрхий тэр жолооч дүрэм журмаа л мөрдөж байж гэж билээ.

Зам дээр явж байгаа аль нэг жолоочийн араас сигналдахад ямар үйлдэл гаргадаг вэ. Монголд бол “энэ муу сигналддаг хэн бэ” гээд урдуураа оруулахгүй гэж зүтгэцгээдэг. Соёлтой хүмүүс бол зам тавьж өгөөд урдаа оруулдаг. Үнэндээ яаж ч давчуу яаруу ажил гараа билээ, араас сигналдсан жолоочийг урдаа оруулчихаад араас нь явахад хавьгүй сэтгэл амар билээ. Яарсан жолооч гүйцэж түрүүлэх гэж байгаад ямар нэгэн аюул осол гаргаа ч билүү, тооцох аргагүй. Ийм л энгийн философийг ойлгохгүй, адган яарч сөрж давхисаар байдгийн хамгийн эмгэнэлт жишээ хоёр өдрийн өмнө гарсан том осол юм. Энэ осол Замын хөдөлгөөний дүрмийг цусаар бичигдсэн байдаг гэдгийг баталж өглөө. Үүн шиг том хичээл, сургамж хаана ч байхгүй. Жолооны багш “замын хөдөлгөөний дүрэм цусаар бичигддэг” гэж байнга сануулдгийг төгсөгчид нь ер ойшоодоггүй. Тэгвэл энэ үнэн гэдгийн тод жишээ болов. Аюултай ачаа тээвэрлэж явсан том машины жолооч ч тэр, зэргэлдээ хамт эргэсэн суудлын тэрэгний жолооч ч тэр өрсөж л зам гаръя гэснээс биш, дүрэм журам, хүлээх хүлцэх гэдгийг юман чинээ тоосонгүй. Тиймээс хоосон зам дээр хоёр машин түгжирч улмаар мөргөлдөн, гурван хүний амь нас эрсэдсэн, хэдэн тэрбумын эдийн засгийн хохиролтой аюулт түймрийг дэгдээсэн байна. Хувь хүний хариуцлага гэж ямар өндөр юм байдгийг харуулсан осол болж өнгөрлөө.

Түймрийг харж байхад дэлбэрэлтээс үүссэн галд орон сууцны байр шатаж байхад хажуугийн хувийн сургуулийн байранд гал хүрсэн ч хөгжиж авалцаагүй байдаг. Энэ нь мөн барилгын чанар, стандартыг ярих асуудал ч байгааг илтгэх бөгөөд дараа тусад нь бичих сэдэв юм.

Д.Оюунтуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *