УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос энэ сарын 18-нд намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монгол Улс 2030 онд нийт хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ 5 хувийг органик болгох зорилт тавьсан. Энэ зорилтыг хангахын тулд Органик бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Монгол Улсын эдийн засгийг тэлэх том салбар нь хөдөө аж ахуй. Иймд эл салбарт түшиглэн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ их байгаа тул энэ хууль онцгой ач холбогдолтой.
Төрийн зүгээс органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд нийт орлогын 90 хувийг аж ахуйн нэгжийн орлогын татвараас эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилийн хугацаанд 50 хувь чөлөөлөхөөр тусгасан. Мөн органик хүнсний бүтээгдэхүүн хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу олгодог зээлүүдээс иргэд, аж ахуйн нэгж авах боломжтой. Экспортод бүтээгдэхүүнээ гаргасан тохиолдолд банкны хүүгийн 50 хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж шийдэж өгөхөөр холбогдох зохицуулалтыг тусгасан.
Ер нь органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш том боломж манай улсад бий” хэмээн ярилаа.
Органик бүтээгдэхүүний тухай хууль анх 2016 онд батлагдсанаас хойш найман жил өнгөрсөн байна. Иймд уг хуулийн эдийн засагт зохицуулж байгаа үүргийг шинэчлэх, орчин үед тавигдаж байгаа шаардлагуудтай уялдуулах нөхцөл үүссэн тул нэмэлт өөрчлөлт оруулсан аж. Тус байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай, Органик бүтээгдэхүүний тухай зэрэг дөрвөн үндсэн хууль, түүнийг дагасан 19, нийтдээ 23 хуулийг эцэслэн батлуулсан аж.