Нийтийн тээврийн автобусны чиглэлийг өөрчлөх шийдвэр гарсан. Уг асуудлаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалаас тодруулга авлаа.
-Нийтийн тээврийн чиглэлийг өөрчилсөн. Чухам яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Өнөөдрийн байдлаар 110 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд гарах хуваарьтай ажиллаж байна. Харин энэ төлөвлөлтийн дагуу үйлчилгээнд явж байгаа их багтаамжийн автобусыг харвал баруунаас зүүн, зүүнээс баруун, урдаа хойшоо, хойноос урагшаа гээд бүх тээврийн хэрэгсэл Энхтайваны өргөн чөлөөгөөр ороод гардаг. Олон улсын хэмжээнд нэг чиглэлийн автобусанд суугаад очих газартаа хүрдэг төлөвлөлтийг хийдэг.
Нэг хүн А цэгээс Б цэгт хүрэхдээ нэг автобусаар л зорчино гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөөнд нийтдээ 22 чиглэл давхцаж байгаа нь замын түгжрэлд нөлөөлж байна гэж харж байна. Тиймээс дахин төлөвлөлтөөр энэ 22 чиглэлийг давхцуулахгүйгээр хийж байгаа. Тодруулбал, Таваншараас Офицеруудын ордон хүртэл нэг чиглэл болгоод 35 автобус үйлчилгээнд явна.
Ингэснээр зарим тохиолдолд иргэд хоёр автобус дамжин зорьсон газартаа хүрэхэд өнөөдрийн туулж байгаа хугацаа нь багасна гэсэн тооцоо гарсан. Мөн Зунжингаас Сүхбаатарын талбай ороод буцаад Зунжин явдаг. Хан-Уул дүүргээс Сүхбаатарын талбай ороод буцаад Хан-Уул дүүрэг явахыг бид босоо чиглэл 1, 2 гэж хуваасан. Үүнээс гадна баруун талаас ирсэн автобус шууд хотын төв хүртэл явдаг байсныг болиулж Таваншараас буцах, зүүн талынх нь Офицеруудын ордноос буцаад явдаг байдлаар зохицуулж байгаа. УИХ-ЫН ЧУУЛГАН Ингэж дамжин суугаад явбал замын түгжрэл бууруулахаас гадна иргэдийн цаг хугацааг хэмнэнэ.
-Нэг өдөрт хэдий хэмжээний зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдэг вэ?
-Цахим картын тоогоор өдөртөө 520 мянга орчим гэж гардаг. Үүн дээр бэлэн мөнгөөр зорчдог иргэд 15-20 хувь байна гэсэн судалгаа бий.
-Богино маршрут гэж юуг хэлж байна вэ?
-Үндсэн зургаан чиглэлээ тойроод хотын найман тойрогт 92 автобус явна. Бусад замуудаар 40 богино эргэлтийн чиглэлд 490, хот орчмын 15 чиглэлд 89 автобус иргэдэд үйлчилнэ. Мөн их багтаамжийн автобус явах боломжгүй хотын захын хорооллууд буюу нэгдүгээр хорооллын ар, Чингэлтэй хойд, Баянзүрхийн хойд тал гэх мэт чиглэлийн гэр хорооллуудад таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явуулахаар болсон. Тэгэхээр иргэд энэхүү дунд оврын автобусанд сууж ирээд төв замын автобусандаа дамжин суух боломжтой. Ингэж богино маршрутыг зохион байгуулснаар нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 11-13 км/ц байгааг 18-20 км/ц болгон нэмэгдүүлэх боломжтой. Харин чиглэлийн эргэлтийн хугацаа одоо 100 минут байгаа бол үүний дараа 70 минут болж багасна. Энэ бүх өөрчлөгдсөн чиглэлийнхээ мэдээллийг бид видео, аппликейшн, хэвлэмэл материал зэргээр иргэддээ танилцуулахаар төлөвлөж байна. Мөн автобус, автобусны буудлууд дээр QR код тавина. Түүнийг иргэд маань гар утсаараа уншуулаад тодорхой мэдээллүүдийг авч болно.
-Чиглэлийг өөрчилж, богино маршрут зэргийг нэмж гаргаснаар жолооч нарын ачаалал буурах уу?
-Манай жолооч нарын цай уух, бие засах боломж зэргийг бүрдүүлэхээр Нийтийн тээврийн газар захын буудлууд дээр үйл ажиллагаа явуулдаг зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажилладаг. Богино эргэлт бол цаг хугацааг хэмнэхээс гадна жолоочийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Урт чиглэл буюу хойноос гараад Энхтайвны өргөн чөлөөгөөр нэвт гарч урагшаа 18, 22, 25 километр явдаг байсан. Мөн нийтийн тээврийн жолооч нарын гар дээр авдаг цалинг 3.5 сая төгрөг болгох зорилтыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дэвшүүлээд НИТХ-аар батлуулахаар ажиллаж байна.
Энэ батлагдчихвал жолооч нарт маань бодитой нэмэр болно гэж үзэж байгаа. Үүнээс гадна жолооч нараа тогтвортой ажиллуулахын тулд орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд хамруулахаар ажиллаж байна. Ноднин жилийн хувьд манай салбарт 221 жолооч дутагдалтай байна гэсэн тооцоо гарсан. Ер нь 1000 автобус үйлчилгээнд явахад хоёр ээлжийн 2000 жолооч хэрэгтэй. Тиймээс цалин нэмэгдэж, нийгмийн баталгаа нь хангагдаад ирэхээр жолоочоор ажиллах хүмүүсийн хүсэл сонирхол нэмэгдэнэ.
-Оюутнуудын хөнгөлөл тийн картыг хүчингүй болгох тухай яриа гарсан. Энэ юу болсон бэ?
-Засгийн газрын тогтоол ноднин жилийн гуравдугаар сард гарсан. Уг тогтоолоор хотын даргад оюутны зорчилтыг хоёр дахин нэмэгдүүлж, үүнд шаардлагатай нөхөн олговорыг НИТХ-аар төсвийг батлуулах үүрэг, чиглэл өгсөн. Үүний дагуу НИТХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн төсөв батлах тогтоол дээрээ оюутнуудын зорчилтод олгох нөхөн олговрын хэмжээг 12.3 тэрбум төгрөг байхаар тусгасан. Энэ нь өнгөрсөн 2022 оныхоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Тиймээс энэ онд оюутнууд нөхөн олговроор зорчих нь хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй.
-Нийтийн тээврийн картыг өдөрт 1000 төгрөг, дөрвөн удаа зорчдог байхаар бас ярьж байсан?
-Энэ асуудал НИТХ-аар орж хэлэлцэгдэнэ. Ер нь нэг өдөрт 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчих нь иргэдэд хүндрэлтэй тусахгүй. Өнөөдөр нэг иргэн өглөө гэрээсээ гараад орой харихдаа 1000 төгрөгөөр л зорчиж байгаа шүү дээ. Харин ч дөрвөн удаагийн зорчилтыг 1000 төгрөг болгох асуудлыг бид судлаад оруулж байгаа юм. Гэхдээ үүний дүн хэрхэн гарах вэ гэсэн судалгааг энэ сарын 20-ноос тодорхой хугацаагаар хийнэ.
-Парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусууд орж ирж байгаа. Эдгээрийг улсын болоод хувийн компаниудад хэрхэн хувиарлах вэ?
-Ноднин жил байгуулагдсан гэрээ ёсоор БНХАУ-аас их багтаамжийн 600 автобусыг 2023 оны 12 дугаар сарын 28-наас энэ оны хоёрдугаар сарын 2-ны хооронд ирүүлнэ гэсэн графиктайгаар ажиллаж байгаа. Үүнээс одоогийн байдлаар дөрвөн удаагийн тээвэрлэлтээр нийт 185 автобус ирчихээд үйлчилгээнд гарахаар бэлтгэл ажлыг нь хангаж байна. Төлөвлөгөөний дагуу бид энэ сардаа үлдсэн автобусуудаа аваад хамгийн сүүлд ирэх сарын нэгэнд 65 автобус очиж авснаар дуусна. Үйлдвэрлэгч компаниас заасан хугацаандаа амжиж нийлүүлнэ гэсэн мэдээлэл өгсөн. Бид 50, 50-иар нь авч байгаа шалтгаан нь нийтийн тээврийн автобусны жолооч нарын хүрэлцээ дутмаг байгаатай холбоотой. Дээрээс нь хэт олноор замд явуулах юм бол замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад хүмүүст хүндрэл учруулна гэж тооцсон.
Хуваарилалтын хувьд гэвэл Зорчигч тээврийн нэгтгэлд эхний 35 автобус хуваарилагдаад үйлчилгээнд гарсан. Нэмээд төрийн болон орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 компани байгаа. Хувийн хэвшлийн эдгээр компаниуддаа нийслэлийн нэгж болох Улаанбаатар хөгжлийн корпорациар дамжуулан таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх нөхцөлөөр өгөхөөр ярилцаж байна. Гэхдээ энэ автобус маань 275.980.200 төгрөгийн үнэтэй учраас хувийн компаниуд маань хугацааг нь 8-9 жил болгож өгөөч гэсэн хүсэлтүүд ирсэн. Тиймээс энэ асуудал хэлцлийн түвшинд явж байгаа.
-“Ногоон автобус”-ны хэрэгтэй холбогдуулан тухайн хувийн компанийн дөрвөн ч объектыг төр мэдэлдээ авсан гэдэг мэдээлэл байгаа. Ер нь энэ асуудал юу болж байна вэ?
-Их багтаамж болон дунд багтаамжийн, цахилгаан автобус нийлүүлэх гэрээ ноднин байгуулагдсан. Энэ гэрээний нэг, хоёр дахь заалт хэрэгжсэн. Цахилгаан автобус 160 ирэхээс 55 нь үйлчилгээнд явж байна. Мөн дунд багтаамжийн дизель хөдөлгүүртэй 50 автобус хүлээж аваад үйлчилгээнд гаргахад бэлдсэн байгаа. Харин энэ гэрээгээр их багтаамжийн 100 автобусыг “Тэнүүн-Огоо” оруулж ирсэн ч олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэргийн иргэний нэхэмжлэгчээр намайг нийслэлийн Засаг даргаас томилж оролцуулсан. Харин эрүүгийн хэргийн яллагдагч иргэн Г-гээс учирсан хохирол дотор өөрийн нийтийн тээврийн салбарт хийж хэрэгжүүлсэн автобааз, үл хөдлөх хөрөнгө, газар, шатахуун түгээх станц, угаалга болон засварын цехийг үнэлүүлж, өр төлбөртөө тооцуулъя гэдэг хүсэлт гаргасан. Эдгээр нь одоогийн байдлаар 66 орчим тэрбум төгрөгийн объект байгаа юм. Бид үнэлгээ, байршил, газруудын талаар нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан.
Энэ зөвлөгөөнөөс эдгээрийг дахин үнэлүүлэх, гуравдагч этгээдэд барьцаанд байна уу гэдгийг нягтлах, нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах боломжтой, үнэ нь зах зээлийн ханшид нийцэж байна гэсэн шийдвэр гарвал авах эсэх асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Харин их багтаамжийн ногоон өнгөтэй 100 автобус тухайн аж ахуйн нэгжийн мэдэлд байгаа. Эдгээрээс нийтийн тээвэрт нэг нь ч гараагүй, одоо явж байгаа ногоон өнгөтэй нь цахилгаан автобус байгаа юм.