Categories
гадаад мэдээ

Давосын чуулган эхлэв DNN.mn

Швейцарийн Давос хотноо гол сэдэв нь Украинд энх тайван сахиулах асуудлыг хэлэлцэх чуулган нээгдэж Швейцарийн Гадаад хэргийн яам энэ арга хэмжээнд 80 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож буйг зарлав.

Давосын хэлэлцүүлгийн гол сэдэв нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн “энхийн томьёолол” байх бөгөөд энэ төлөвлөгөөнд Оросын цэргийг Украины бүх нутаг дэвсгэрээс гаргах, Оросын дайны гэмт хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэх, Оросоос Украинд нөхөн төлбөр төлүүлэх, тус улсад олон улсын аюулгүй байдлын баталгаа өгөх зэрэг арван зүйл багтаж байгаа юм.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “Neue Zürcher Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө “Украинчууд энх тайван, аюулгүй байдлыг хүсч байгаа ч манай газар нутаг дээр өөрийн шинэ эзэнт гүрнийг байгуулах гэсэн Путины гэмт хэргийг таслан зогсоож, эрх чөлөөгөө хамгаалах бидний шийдвэр тууштай хэвээр байна. Украиныг Оросын байнгын буудлага, Путины сүржин яриа айлгахгүй” гэж мэдэгджээ.

Швейцарийн ГХЯ-ны тэргүүн Игнацио Кассис Давост болсон Украины асуудлаарх энх тайвны дээд хэмжээний уулзалтын үеэр “энхийн томьёолол”-ын талаарх цаашдын хэлэлцүүлэгт Оросыг заавал татан оролцуулах болно гэж мэдэгдэв. ОХУ-ын төлөөлөгчид уг чуулганд оролцохгүй байгаа талаарх сэтгүүлчийн асуултад Игнацио Кассис “Тэднийг оролцуулах асуудал арай эрт байна. Хэрэв энэ чуулганд Оросыг урьсан бол тэд энэ урилгыг хүлээж авах байсан гэж бодох нь хуурмаг зүйл болно. Гэхдээ бид энэ энх тайвны цаашдын үйл явцад Оросыг заавал оролцуулах арга замыг олох хэрэгтэй. Хэрэв Орос зөвшөөрөхгүй бол амар амгалан ирэхгүй. Гэхдээ энэ нь бид зүгээр суугаад Оросыг ямар нэгэн зүйл хийхийг хүлээх ёстой гэсэн үг огт биш. Учир нь бидний хүлээж буй минут тутамд Украинд олон арван энгийн иргэд амь үрэгдэж бас шархдаж байна. Иймээс бид зүгээр хүлээж суух эрхгүй” гэж хариулжээ.

Энэхүү чуулга уулзалтад Украины ерөнхийлөгч Владимир Зеленский оролцож үг хэлэх товтой байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *