Categories
мэдээ нийгэм

М.Ариунболд: Зам тавьж өгөөд баруун эргэх самбарыг жолооч заавал дагаж мөрдөхгүй байж болно DNN.mn

“Зам тавьж өгөөд баруун эргэж болно” хэмээн уулзваруудад байрлуулсан нь тэмдэг биш мэдээлэх самбар юм. Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдсэн учир жолооч нар уг самбарыг дагаж мөрдөхгүй байж болно хэмээн албаны хүн тайлбарлалаа.

ТЦА-ны Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа М.Ариунболд “Зам тавьж өгөөд баруун эргэж болно гэсэн самбарыг 2016 онд тодорхой газруудад байрлуулсан байдаг.

Замын хөдөлгөөнийг тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохиогоор зохицуулдаг. Энэ үйлдлийг хийхийг Засгийн газраас баталсан замын хөдөлгөөний дүрмийн 274 заалтаар зохицуулдаг. Уг заалтад замын тэмдэг ба тэмдэглэл гэсэн хэсгийн 7.1-т замын хөдөлгөөнийг зохион байгуулахад стандартын дагуу тэмдгүүдээр зохицуулахыг заасан байдаг.

2016 онд Улаанбаатар хотод замын түгжрэл эхэлж байв. Түгжрэлийг шийдэхийн тулд тодорхой газруудад Зам тавьж өгөөд баруун эргэж болно гэсэн самбарыг дөрвөн замын уулзварын харалдаа хэсэгт байрлуулсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл хоёр урсгалтай замд хөдөлгөөнд оролцох үед нэмэлт эгнээ гарган зүүн, баруун тийш эргэж,  үндсэн хоёр эгнээ замын хөдөлгөөнийг чөлөөтэйгөөр дараагийн уулзвар руу нэвтрүүлэхийн тулд баруун талд гарсан эгнээ дүүрэхээс болгоомжилж, тасралтгүй эргүүлж байх зорилгоор уг самбарыг байрлуулж, өөрчлөлтийг хийсэн байгаа юм.

Одоо Зам тавьж өгөөд баруун эргэж болно мэдээлэх самбарыг жолооч заавал дагаж мөрдөхгүй байж болно. Учир нь Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдэж, дээрх мэдээлэх самбар шаардлагагүй болсон. Гэхдээ уг самбар байхад эрхзүйн акт зөрчигдөхгүй” гэв.

Тэрбээр “Зам тавьж өгөөд баруун эргэж болно мэдээлэх самбар шаардлагагүй болсон тул буулгуулахаар хэд хэдэн удаа Нийслэлийн Замын Хөгжлийн Газарт хандсан. Хамгийн сүүлийн шаардлагыг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд илгээсэн байгаа.

Одоогийн байдлаар “Зам тавьж өгөөд баруун эргэж болно” самбарыг зөрчсөн үндэслэлээр хэн нэгэн жолоочийг торгоогүй. Хэрэв арга хэмжээ авагдсан иргэн байвал ТЦА-нд хандаарай. Хэн нэгнийг буруутгахгүй, асуудлыг шийдэж өгнө” хэмээн хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *