Хэрэг мөрдөн байцаалтын явцад иргэн ямар эрх эдэлдэг, тэрхүү эрхийн хэрэгжилт практик дээр байдаг эсэх талаар хуульч, өмгөөлөгч Н.Энхжаргалтай ярилцлаа.
-Аливаа хэрэг зөрчил гарахад хохирогч болон холбогдож байгаа аль аль талд нь эдлэх ёстой эрх гэж байдаг. Хүний амь хөнөөсөн хүн ч гэсэн эдлэх эрхтэй гэж үздэг. Харин энэ зарчим практик дээр хэрэгжих нь хэр байдаг юм бэ?
-Аливаа гэмт хэрэг гарлаа гэхэд нэг талаас хохирогч, нөгөө талд холбогдогч бий болдог. Тэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Холбогдогчийн хувьд тухайн хүнийг баривчлах саатуулах, ямар нэгэн байдлаар цагдан хорих, эсвэл таслан сэргийлэх арга хэмжээ авах, мэдүүлэг тайлбар авах ажиллагаа эхлээд явагдана. Хохирогчийн хувьд ч мэдүүлэг тайлбар өгөх, өөр бусад тодруулах ажиллагаанууд хийгддэг. Ингээд ирэхээр цагдаа болон прокурорын байгууллагын хооронд харилцаа үүсч байгаа биз.
Ер нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг том зарчим байдаг. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж. Гэтэл ямарваа нэгэн хэрэг гарч, хэн нэгэн холбогдоход гэмт хэрэг хийчихсэн юм шиг, гэмт хэрэгтэн байдлаар хандах хандлага нийгэмд нэлээд бий. Шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад гэм буруутай гэж тооцох нөхцөлүүд бүрдчихдэг гэсэн үг. Нөгөө талаар иргэд хуулийн мэдлэггүйгээс, эсвэл хуулийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хүмүүсээс хурдан түргэн тайлбар мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэнээр зарим эрхээ эдлэх боломжгүй болох нөхцөл байдал үүсдэг.
-Тухайлбал?
-Хамгийн наад зах нь төрөл садан, гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл мэдэхгүйгээс болоод өөрийнхөө үзсэн харсан зүйлийг ярихдаа тэр хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөх тохиолдол байдаг. Ингээд тухайн хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй. Гол зүйл бол ерөөсөө холбогдогчоор ч бай, хохирогч ч бай хамгийн түрүүнд хуулийн зөвлөхөд л хандах ёстой юм.
-Ямар ч хэрэг маргаан дээр өмгөөлөгч авах ёстой. Энэ нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордохоос сэргийлдэг. Гэвч энэ талаарх ойлголт хандлага нийгэмд нэлээд доогуур байгаа нь ажиглагдаж байна. Хууль зүйн ямар ч зөвлөгөө тусламжгүйгээр цагдаа, прокурор, шүүх дээр очоод хүнд ял шийтгэл авдаг тохиолдол байна?
-Өмгөөлөгч бол хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөх, ямар чиг үүрэгтэй, ямар эрхтэйг урьдчилж хэлж сануулах гол хүн. Тухайн хүн ирээдүйд ямар нэгэн эрсдэлд орчих вий гэдгээс урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Магадгүй зарим хүмүүс сандарч тэвдээд буруу зөрүү ярьчихдаг. Тухайн ярьсан зүйл бодит байдлаас зөрүүтэй байдаг ч тохиолдол бий. Энэ нь эргээд өөрийнх нь эсрэг, эсвэл төрөл садангийнх нь эсрэг ноцтой засч болшгүй алдаа болчихдог. Тиймээс аливаа нэг хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд өмгөөлөгчөөс урьдчилж заавал зөвлөгөө тусламж авч байгаарай гэж зөвлөе. Жишээ нь, хохирогч байлаа гэхэд ямар хүсэлт, гомдол гаргах эрхтэй. Ямар үүрэгтэй, мэдүүлэг өгч болох уу болохгүй юу гэдгийг өмгөөлөгч л хэлж өгдөг.
Холбогдож байгаа хүмүүсийн хувьд онцгой нэг эрх байдаг. Тэр нь тухайн үйл баримтын талаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл энэ эрхээ мэдэхгүй, сандарч тэвдсэнээсээ болсон зүйлийг буруугаар тайлбарлах тохиолдол бас бий. Мөн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болно. Дээрээс нь төрөл садангийн хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.
-Ядаж өөрийнх нь холбогдсон хэрэг цагдаа, прокурор, шүүх дээр ямар шатанд яваа юм. Эрх зүйн байдлаа хамгаалах боломж нөхцөл хаана байдаг талаарх ойлголт хомс. Үүнийг цагдаа, прокурор нь сануулаад хэлээд өгдөггүй юм уу?
-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тухайн холбогдсон хэргийн талаар мөрдөгч прокурор, шүүгч зөвлөгөө өгөх үүрэггүй. Хэрэв тэгвэл буруутан болно. Зөвлөгөө өгөх чиг үүрэг нь хуулиараа өмгөөлөгч дээр л үлддэг. Өмгөөлөгчдийг та нар чөлөөтөөр өөрсдийнхөө үйл ажиллагаанаас орлогоо ол, үүнийхээ төлөө иргэдэд зөвлөгөө өг гэдэг. Маш товчхоноор хуулийн зөвлөгөө өгөх үндсэн эрхтэй хүмүүс нь өмгөөлөгчид.
Хэдийгээр хуульд иргэний талаар том том эрх, ашиг сонирхлыг заагаад өгчихсөн ч практик дээр мөрдөгч тухайн хэргийг түргэвчлүүлэх, эсвэл хялбарчлах байдлаар асуудалд хандах тохиолдол бий. Авсан өгсөн мэдээллүүд нь нотлох баримт болдог учраас үүн дээр маш мэдрэг хандах ёстой.
-Наад зах нь мөрдөгчөө уурлуулчих вий, буруу зүйл ярьчих вий гэж бөхөлздөг байдал амьдрал дээр элбэг шүү дээ. Зарим тохиолдолд мөрдөгчийн ар ажлыг хүртэл хийгээд явдаг гэдэг. Мөрдөгчид нь өөдөөс “Өмгөөлөгч авч яадаг юм бэ, шаардлагагүй” гэх байдлаар хохироох явдал ч байна?
-Надаас хууль зүйн зөвлөгөө тусламж авдаг ихэнх хүмүүсийн хэлдэг үг ерөөсөө энэ. “Өмгөөлөгчөөр яах юм. Түүний оронд мөнгөө тэг ингэ” гэж цагдаагийн байгууллагаас хэлсэн байдаг. Энэ бол зөрчил.
Тухайн нэг хүн гэмт хэрэгт холбогдлоо гэхэд ирээдүйн дөрөв тав, 10, 20 жилийн амьдралынх нь асуудал шүү дээ. Гэтэл үүнийг хамгаалахын тулд хуульд яаж заасан, ямар боломжоор өөрийгөө хамгаалах вэ гэдгийг өмгөөлөгчөөс л асуух боломжтой. Мөрдөгчдийн хувьд хэрэг гарлаа гэхэд нотлох баримтыг бүрдүүлж, энд юу болсон юм бэ гэдэг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг тэгш цуглуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, бодит үнэнийг тогтоохын тулд сэргээн тогтоох чиглэлийг хэрэгжүүлдэг. Үнэхээр нэг хэрэг гарлаа гэхэд энэ хүн хийжээ эсвэл хийгээгүй байна гэдгийг гарцаагүй нотлох чиг байх ёстой. Гэтэл практик дээр мөрдөгчид хүмүүсийн мэдүүлэг дээр тулгуурлаж хэргийг мөрддөг. Энэ нь өрөөсгөл явдал юм. Яг ийм мэдүүлэг дээр тулгуурлаж байгаа практик дээр хохирогч болон холбогдогч аль ч тал зайлшгүй хууль зүйн туслалцаа авах ёстой гэдгийг дахин хэлье. Ядаж өмгөөлөгч авч чаддаггүй юм гэхэд хуульчаас хууль зүйн зөвлөгөө авах хэрэгтэй. Яалт ч үгүй баривчлагдаж, хоригдож байгаа хүмүүс дуугүй байх эрхтэй. Хэрэв мэдүүлэг өгөх болоход “Би өмгөөлөгчтэйгөөр мэдүүлэг өгнө” гэдэг эрх нь өөрт нь олгогдсон хамгийн том эрх юм шүү.
-Иргэдийн хууль зүйн боловсрол, нөгөө талд хууль хүчний байгууллагын хүний эрхийн мэдрэмжийн асуудал аль аль нь тулгамдаж байна, тийм үү?
-Ер нь нэг талд төрийн бүхэл бүтэн механизм ажиллаж байна шүү дээ. Цагдаа нь баримт бүрдүүлнэ. Прокурор нь хянана. Шүүх нь энэ хүн ийм хэрэг хийсэн үү гэдгийг эцэслэж шийдвэрлэж байна. Энэ төрийн гурван байгууллагын өөдөөс хуулийн дагуу ажлаа хийгээч, энэ хуулийн дагуу энэ хүний эрхийг ингэж хангаач, хуулиа ингэж биелүүлээч гэдэг шахалт үзүүлэх чиг үүрэг өмгөөлөгчид л ногддог.
-Шүүх дээр хэрэг маргаан шийдвэрлэх болоход “Шүүгчийн үзэмж” гэдэг зүйлийг хуульч өмгөөлөгчид ярьдаг болсон. “Шүүгч үзэмжээрээ л шийднэ шүү. Асуусан зүйлд нь хүндэтгэлтэй харьц, бөхөлз” гэх агуулгатай зөвлөдөг. Шүүгч хэргийг үзэмжээрээ шийдэх ёстой юу?
-Шүүгч бол хуулийн нэрийн өмнөөс шийдвэрээ гаргана. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр өөрийнхөө дотоод итгэлээр шийдвэрээ гаргах үүрэгтэй. Захирагдах юм нь ерөөсөө хууль. Шүүгчийг ямар нэгэн байдлаар хүмүүсийн ааштай байна, аашгүй байна, эсвэл энэ нь ингээд байна гэсэн зүйлд битгий автаарай гэж Шүүгчийн ёс зүйн дүрэм болоод хууль тогтоомжид маш тодорхой заачихсан. Шүүгч хуулиа л удирдлага болгоод шийдвэл тухайн асуудал бодитой шийдвэрлэгдэх юм л даа.
Мэдээж шүүх хуралдааны үед тавигдах дэг журам гэж бий. Шүүх хуралдаан эхлэхэд босч хүндэтгэл үзүүлэх хуулийн заалттай. Түүнээс өөр бусад байдлаар ямар нэгэн хувийн эрх ашиг сонирхол, шүүгдэж байгаа хүмүүсийн гаднах өнгө үзэмж, ааш зан, харилцаа хандлагад тулгуурлаж дүгнэлт гаргах эрх хэмжээ байхгүй. Прокурор, мөрдөгчид ч тэр.
Хамгийн чухал нь хүмүүс аливаа хэрэгт холбогдлоо гэхэд ядаж хүсэлт гомдлоо гаргах үндсэн эрх нь байдаг. Хууль хүчний байгууллага өөртэй нь зүй бус харьцсан, өөрийнх нь эрхийг хязгаарлаад байна гэж үзвэл дээд шатны байгууллагад гомдол хүсэлтээ гаргах эрх хэмжээ хангалттай байдаг. Зарим иргэд маань үүний эсрэг гомдол гаргачихвал намайг улам зууна гэдэг буруу ойлголттой байх нь бий. Энэ бол маш буруу хандлага. Нэгэнт хуулиар цагдаа, прокурорт үүрэг хүлээлгэчихсэн учраас тэд иргэний эсрэг хууль бус зөрчил гаргах эрхгүй.
Хэн ч буруутгагдаж байгаа зүйл дээр хуулиа мэдэхгүй байх нь тухайн хүнийг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тиймээс зөвхөн гэмт хэрэг зөрчил гэлтгүй ажил хэрэг явуулахад, аливаа бусад харилцаан дээр өмгөөлөгчөөс зөвлөгөө авдаг болж хэвшээрэй.